Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Ойрын үед ил далд эдийн засаг, эсвэл ил далд хулгай гэж ярих уу, ямартай ч ийм нөхцөл байдал нь олон түмний анхаарлын төвд хүчтэй ороод байна. Энэ асуудлаар ярилцахаар туршлагатай улстөрч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг урилаа. Хоёулаа сүүлийн үеийн нөхцөл байдлын тухай ярья. Хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр таны өмнө нь ярьсан энэ нууцтай холбоотой асуудал түгээмэл олон нийтийн дунд яригдлаа. Тэгэхээр нууц гэж юу юм бэ. Таны өмнөх нэвтрүүлэгт орсон ярианд гарч байна л даа. “Нууцыг мэдэж хүн таг дуугүй байгаад байгаа бол тэр хулгайд хамтран оролцож байгаа” гэсэн агуулга яг нийгэмд маш хүчтэй нөлөөллөө. Тэгэхээр та өмнө ярьсан ялангуяа энэ төмөр замын хил холболттой асуудлыг тодотгоод бас дэлгэрэнгүй нэг хариулах боломжтой юу?

-Энэ асуудал ер нь маш том хоёр асуудалтай холбоотой юм. Нэгдүгээрт, улс төрийн асуудал. Монгол бол ардчилсан орон гэдэг. Харамсалтай нь ардчиллаараа ухарчихлаа гэж сүүлийн үед шүүмжилж байгаа. Яагаад ухарсан гэдгийн тод жишээ гэвэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй ялсан нам нь ялагдсан намаа урьж хамтран Засгийн газар байгуулж тэрний цаана хараа хяналтыг алга болгож, өөрсдөө дураараа дургих, хамтарч дураараа дургих ийм нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ үед ардчилал унтаад өгдөг гэх юм уу, эс үгүй бол үхээд өгдөг гэх юм уу ийм байдал үүсдэг юм байна. Монголын түүхэнд С.Баярын Засгийн газрын үед ийм зүйл бий болсон. С.Баяр намын дарга байхдаа 40 гаруй хувийн санал авсан намаа АН-тай хамтарч Засгийн газар байгуулаад тэгээд энийгээ “стандарт бус” гэсэн нэртэйгээр үнэхээр том том луйвар хийсэн. Тэрний нэг нь Оюутолгойн гэрээ. Харамсалтай нь дараачийн үеийнхэн маань энэ хүмүүсийн хийсэн алдаанаас сургамж аваад давтахгүй байх болов уу гэж бодсон. Дараа дараагийн үе маань ардчилалыг үнэхээр мэддэг, ойлгодог, уншсан, судалсан гэж бодсон.

Ардчилал хяналтгүй бол амь нь алга болдог “үхлүүт” болдог. Үүнийг нэг талаар согтчихсон гэх юм уу, юу хийж байгаагаа мэдэхээ байчихсан байдалд ордог гэдгийг судалсан болов уу, мэдсэн болов уу гэсэн чинь харамсалтай нь судлаагүй, харин ч бүр шохоорхсон байдлыг залуу Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайд хийлээ. Нам нь сонгуульд ялчихаад байхад “Өө бид чадахгүй, бид хамтрах ёстой” гээд шинэ МАНАН үүсгэсэн. Туршлагагүй болоод тэгэв үү гээд би тухайн үед нь чадах ядахаараа өөрт нь хэлсэн. Намын бусад нөхдүүдэд ч хэлсэн. Захидал явуулсан, захидлаа тухайн үед сонин хэвлэлээр гаргаж байсан. Тийм учраас би өнгөрсөн хойно нь хэлж байна уу, дараа нь хэлж байна уу гэдэг юм ярьж болохгүй. Би МАНАН-гийн Засгийн газар байгуулахаас өмнө анхааруулж хэлж байсан байгуулсных нь дараа ч хэлж байсан. Нэг талаар залуу хүн, бас Засгийн газар нь уначихна гэсэн айдас байдаг юм уу гэж бодоод “Маш их буруу юм хийж байна, ардчилсан зарчмаас ухарч байна” гэж би хэлсэн. Одоо ингээд энэ хоёр дахь МАНАН-гийн Засгийн газрын хийсэн зарим асуудлыг харахад гэнэндүү биш байжээ. Бүүр С.Баяр ахыгаа дуурайгаад Засгийн газар нь тийм луйвар булхай хийх гэж байсан юм болов уу гэж сүүлийн үеэс сэжиглээд энэ Тавантолгойн гэрээний асуудлыг гаргаж ирээд байгаа юм.

Яагаад гэвэл энэ бол маш том луйврын гэрээ. МАНАН байж л ийм луйврын гэрээ хийнэ. МАНАН байхгүй бол аль нэгэн нам нь дангаараа Засгийн газар байгуулсан бол ийм гэрээ хийж чадахгүй. Яагаад гэвэл УИХ дээр зад шүүмжлүүлнэ, тоо баримт хаа байна гэж нэхүүлнэ. Тэгээд үнэнд гүйцэгдэж ийм гэрээ хийж чадахгүй. Ийм оролдлого ч хийхгүй өнгөрөх байсан болов уу. Харамсалтай нь энэ гэрээ байгуулагдсан. Байгуулахаас өмнө хариуцлагаас бултахын тулд УИХ-д энэ төслийг оруулсан. Ингээд УИХ-ын 58 дугаар тогтоол гэж нэг муухай тогтоол 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр батлагдсан шүү дээ.

Би түрүүнд ярилцлага өгснийхөө дараа ч тодорхой хэмжээгээр судаллаа. Дээр нь бас хүмүүс ч мэдээлэл өгөх юм. Таны ярьсан чинь зөв, ийм тоо баримт байгаа шүү гэх зэргээр хүмүүс сонссон мэдсэнээ хэлж байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр батлагдсан байна.Ид шинэ жилийн цэнгүүний өдрүүд. Юун тэр Их хурлаар батлагдаж байгаа тогтоол, хэлэлцэж байгаа асуудалд анхаарах. Бүгдээрээ үсээ засуулаад, гоёод, шинэ жилийн цэнгүүнд гол анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр яг ийм үед олны анхаарлаас төөрөлдүүлж баталсан байгаа юм. Тэгээд гэрээгээ нууцад авахаар гэрээ батлах эрхийг өгөх хүмүүсээ нууцын горимоор баталсан байгаа юм. Тэгээд тэр Ц.Туваан Б.Дэлгэрсайхан зэрэг хүмүүст энэ гэрээг хийх эрхийг өгсөн байна шүү дээ. Энэ дотроо миний ойлгож байгаагаар Их Хурлын гишүүдэд нарийн ширийн тоо баримт танилцуулаагүй, танилцуулсан ч хурлынх нь гишүүд өөрсдөө МАНАН-гийн атганд орчихсон учраас тэрийг ойлгоогүй. Тэгээд л бие биеийнхээ толгойг илээд л ганц хоёр үг хэлдэг хүмүүсийнхээ амыг таглаад л энэ гэрээг байгуулах хууль эрх зүйн үндсийг нь тавьсан байна.

Энэ бол бас л гэмт хэрэг, УИХ ингэж ашиглаж болохгүй. УИХ гэдэг бол юмыг нээлттэй ярьдаг, нээлттэй ярьснаараа ард түмэндээ дүнгээ тавиулдаг. Хэн зөв ярьж байна, хэн зөв байр суурь баримталж байна, хэн зөв саналаа өгч байна гэдгийг ард түмнийхээ өмнө нээлттэй ярьдаг ийм байгууллагыг, ийм нууцын горимоор, ингэж ноцтой том асуудлыг хэлэлцүүлж ийм гэрээ байгуулах эрх зүйн үндсийг тавьж өгнө гэдэг бол өөрөө УИХ энэ луйвар булхайн гэрээнд хутгалдан орсон гэдгийг харуулж байна.

58 дугаар тогтоол дээр ноцтой хэд хэдэн зүйл байгааг бас анхааруулж хэлье. Факт баримттай ярихгүй бол болохгүй. УИХ-ын 58 дугаар тогтоолын 4 дүгээр заалт юу гэж гарсан бэ гэхээр Урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишиг болгогч өмнө нь Монгол Улсын Засгийн газар Хятадын компанитай гадаадын компаниудтай урт хугацааны гэрээ байгуулж байсан байна. Тэр жишгийн дагуу байгуулаарай гээд шууд хэлэлцээр хийх бололцоог нь хүлчихэж байгаа юм. Урьдын жишгээрээ бол муу гэрээ хийсэн байвал тэрийг сайжруулах бололцоогүй болгочихож байгаа юм. Тэгэхээрээ муу дүн дээр тохирсон гэрээ байсан бол яг тэрүүгээрээ хийгээрэй л гэсэн маягтайгаар хийчихэж байна шүү дээ.

ЭТТ компани өмнө нь урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишиг болгож гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн. Хугацаатай уялдуулаад 16 жилээр тогтоох гэж байгаа. Нэгдүгээрт өмнөх муу гэрээний жишгийг бариарай гэчихсэн учир сайжруулах бололцоог хаачихаж байгаа юм. Ингэж луйвардаж байна шүү дээ.

Хоёрдугаарт, 16 жил гээд тогтоочихож байгаа юм. Яагаад 16 жил гэж яриад байгаа юм бэ гэхээр өөрсдөө нэг ийм домог зохиочихсон. Хятадын талыг 16 жилийн турш хулхидсан гэдэг. Ийм домог Б.Дэлгэрсайхан сайдын амнаас гараад байгаа. Тэгэхээр Б.Дэлгэрсайхан сайд яг хэнийг хулхидчихсан юм бэ. Хулхидсан гэж хэлэхээр нотлох батлах бичиг баримт хаана байгаа юм бэ. Хэн тэрэн дээр нь гарын үсэг зурчихсан юм бэ. Хэн, ямар амлалт авчихаад тэрийгээ хэрэгжүүлээгүй учраас өнөөдөр Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан сайд ийм зоригтойгоор “хулхидчихсан” Хятадын талд хохирол учруулсан гэж яриад байгаа юм бэ. Энэ бол тэдний зохиосон домог. Ийм муухай луйврын гэрээ хийхийн тулд зориуд ард түмнийг төөрөлдүүлэхийн тулд зохиож байгаа үлгэр. Харамсалтай нь тэрийгээ бүр УИХ-ын тогтоолд оруулчихсан.

УИХ-ын тогтоолын есдүгээр заалт дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр “Өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх” гэж бичүүлсэн байгаа юм. Хятадын талыг өмөөрсөн маягтай. Тэгэхээр яаж Хятадын талаас гарсан алдагдлыг Монголын тал мэдээд байгаа юм бэ. Хятадууд ямар бичиг баримтаар ийм хохирол алдаа гарсан гэж өгөөд байгаа юм бэ. Тийм ямар тооцоог бид нарт өгөөд байгаа юм бэ. Бичиг баримт нь байлаа гэж бодоход яг хамт тооцох хэрэгтэй. Үнэхээр Хятадын тал алдсан юм уу, үгүй юм уу. Монголын тал тэгвэл алдчихсан байж таараа шүү дээ. Хэрэв Хятадын тал алдсан гэж үзэж байгаа бол яагаад энэ тогтоолынхоо 10-д нь Монголын тал бас алдсан гээд биччихгүй байгаа юм.

БНХАУ-ын парламент тогтоол гаргаад байгаа юм уу, эс үгүй бол Монгол Улсын парламент тогтоол гаргаад байгаа юм уу. Ийм ноцтой алдаатай, бүр зориуд луйвар булхай хийх эрх зүйн үндсийг нь Их хурал тавьж өгөөд байгаа юм. Тэгэхээр би Их хурлын дарга ч юм уу, дэд дарга ч юм уу, Их хурлын гишүүд мэдээгүй бол их харамсаж байна. 126 гишүүнтэй болсны ашиг юу байна. Ийм ноцтой гэрээ орж ирж байхад мэддэггүй, мэдээд хийсэн бол энэ гэмт хэрэг. Тийм учраас одоо судлах хэрэгтэй. Тэр протоколуудыг шалгах хэрэгтэй. Байнгын хороогоор орохдоо хэн яг юу ярьсан юм. Энэ гэрээг хэн дэмжсэн юм, хэн дэмжээгүй юм, хэн анхааруулсан юм, хэн болгоомжилсон юм. Хэн энийг улайм цайм ингэж зүтгүүлсэн юм. Ерөнхий сайд өөрөө зүтгүүлсэн шүү дээ. Бид одоо 20, 30 жил гацсан ажлаа одоо бид хөдөлгөх гэж байна гэсэн. Тэрэнд нь ард түмэн итгэнэ шүү дээ. Энэ залуу Ерөнхий сайд юм хийх гээд байна Дэлгэрсайхан сайд,, Туваан сайд юм хийх гээд байна УИХ дэмжихээс өөр аргагүй гэж бодно. Үнэн хэрэг дээрээ зүгээр нууцад оруулаад ийм луйвар хийх гэж байна. Ингэхдээ өмнө байсан жишгийг л баримтлаарай. Сайжруулж болохгүй шүү, Хятадын тал хохирсон шүү, одоо Хятадын талд ингээд битгий нэхэмжлүүлээрэй гээд заачихсан. Тэгэхээр нөгөө Хятадын талд тал засах нэрийдлээр өөрсдөө үнийг унагааж, дунд нь луйвар булхайгаа хийх нөхцлөө Их хурлын тогтоолын 58 дугаар тогтоолын есдүгээр заалтаар хийж байна шүү дээ.

-Буцаад Их хурлын 58 дугаар тогтоолын тавдугаар заалт руу оръё. Энэ дээр бол хэдий хэмжээний нүүрс зарахыгаа тогтоогоод өгчихсөн?

-2025-2029 онд 27 сая тонн 2030 оноос эхлэн жил болгон 20 сая тонноос бууруулахгүй гэж байгаа юм. Ингээд бодоод үзэхэд 247 сая тонн нүүрс борлуулахаар шууд энэ гэрээгээр заагаад өгчихсөн. Ингэхдээ өндөр үнэтэй битгий борлуулаарай, яагаад гэвэл Хятадын тал хохирсон шүү гэсэн утгагүй тогтоол гаргаж өгсөн байгаа юм. Мөн коксжих болон гуравны нэг эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх гэсэн тогтоол гарсан байгаа юм. Үүнийгээ биелүүлээгүй байгаа юм.

-Уг нь тэр сорчлохгүй нь зөв үү?

-Сорчлохгүй нь уг нь зөв. Энд зөв тийм зарчим суулгах гэж оролдсон байгаа юм. Тэгсэн мөртөө энийгээ хэрэгжүүлээгүй. Тавантолгойн нүүрсний бүтцийг аваад үзэх юм бол ойролцоогоор 10 хувь нь коксжих нүүрс байгаа. Энэ 10 хувь нь хамгийн үнэтэй нүүрс гэж бодох юм бол ерөөсөө 600 сая тонн л коксжих нүүрс байна шүү дээ. За тэгэхээр 250 сая тонн нүүрс зарахаар болчихлоо гээд Их хурал тогтоочихож. Тэрний 50-аас доошгүй хувийг нь коксжих нүүрс болгочихсон байгаа. Гэрээ хийхдээ 50-аас доошгүй хувийг нь коксжих нүүрс нийлүүлнэ ээ гэж байгаа юм. Тэгэхлээр юу гэсэн үг вэ, гэхээр 250-ын 50 хувь буюу 125-130 сая тонн гэсэн. Ингээд тооцохоор 600 сая тонн коксжих нүүрсний 20 хувийг зөвхөн энэ гэрээгээр зарчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь нөгөө зохистой харьцааг барьж байна уу. Барихгүйгээр барах уу. 250 саяыг 100 хувь гэж бодох юм бол зохист харьцаагаар 10 хувь буюу хорин тавхан сая коксжих нүүрс нийлүүлэх ёстой байсан байна. Ийм муухай луйвар хийгээд байна шүү дээ. -Нууц гэдэг дээр нэг асуудал байгаа. Хэрвээ би андуураагүй бол ЗГ-ын хуралдааны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Шижир гишүүний асуултад хариулсан хариулт дээр чухал асуудал гарч ирж байгаа. Гурван төрлийн нүүрсийг тухай бүрд нь үнэлж 55, 35 10 гэсэн харьцаагаар борлуулахаар тохирч оруулсан. Энд таны яриад байгаа нөгөө зохистой харьцаа алдагдаад байна шүү дээ? -Тийм. Үнэн хэрэгтээ коксжих нүүрс бол нийт ордын аравхан хувьтай тэнцүү байхгүй юу. Тэгэхлээр энэ гэрээн дээрээ аравхан хувьтай тэнцүү харьцааг барихын оронд 55 хувь нь коксжих нүүрс байна гээд энэ Туван ярьсан байна шүү дээ. Тэгэхээр нөгөө их хурлын гишүүд мэдээгүй эсвэл хуйвалдчихсан байна. Үгүй бол ажилдаа тийм хайнга ханддаг. Их хурлын тогтоолын 5 дугаар зүйлд зохистой харьцааг барина гэсэн мөртөө гэрээн дээр 55 болчихсон байхад анзаараагүй өнгөрч байна.

-Энэ дээр бас нэг асуудал байгаад байгаа юм. Тэр манайхан энэ бол биржээр арилжаалагддаг үнэ гээд одооны үнээ хэлчихэж байгаа. Гэтэл таны яриан дээрээс харахад энэ тоо нэмэгдэх боломжтой. Хамгийн багадаа 20 ам.долларын зөрүү гээд их олон яриа бий. Тэгэхээр гол нь биржээр ингэж зарна гэж манай сайд өөрөө хүлээн зөвшөөрөөд л ярьчихаж. Тэгэхлээр энийг ер нь яах вэ?

-Өнөөдрийн зохицуулалтаар биржээр зарах ёстой, яагаад гэвэл жижиглэн худалдаа юм чинь. Харин бөөний худалдаа бол яах вэ гэхээр тодорхой хэмжээгээр бууруулж болно. Бөөний худалдаа хийж байгаа бол мөнгөө эхлээд авдаг. Дэлхий дээр бөөний худалдаа яадаг билээ тийм төмс зарна, за тэгвэл нэг кг-ийг 100 төгрөгөөр зарахаа больё, 50-аар заръя. Гэхдээ би мөнгөө шууд авъя гэдэг. Тэгэхээр энэ үнэхээр бөөний гэрээ, оффтек гэрээ мөн юм бол мөнгөө шууд авах ёстой. Гэтэл аваагүй байгаа юм. Тэгээд бүр 16 жилийн турш цувуулж авах нь. Ингэж олон жил цувуулж авна гэдэг нөгөө төсвийнхөө цоорхойг нөхсөн, шал утгагүй зардалд зарцуулагдана. Тэгээд энэ нүүрс дууслаа, 130 сая коксжсон нүүрс гарлаа. 250 сая Тавантолгойн нүүрс гарлаа, эргээд баялгийн санд юу ч байхгүй үлдэнэ. Энэ талаар би нэлээн судаллаа. Коксжсон нүүрс, гуравны нэг нүүрс, тэгээд чулуун нүүрс буюу эрчим хүчний нүүрсийг багцлаад 50 гаруй ам.доллароор зарахаар тохирсон гэж ойлгогдоод байгаа. Тэгвэл өнөөдөр биржийн үнэ дунджаар 95 ам.доллар. Нэг тонноос 40 ам.доллар алдаж байна. Би өмнөх ярилцлагадаа гэнэн бодож, нэг тонноос 20- 22 доллар алдсан юм болов уу бодож, Монголын талын алдагдал 5-5.5 тэрбум байх нь гэж хэлж байсан. Гэтэл үгүй юм байна, тонн тутмаас 40 ам.доллар алдаж байгаа юм байна. Тэгэхээр 250 сая тонноос 10 тэрбум доллар алдаж байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж 10 тэрбум долларыг алдаад явуулчихна гэж байж боломгүй. Б.Дэлгэрсайхан сайд чинь бизнес хийж байсан хүн юм гэсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд огт бизнес хийж байгаагүй гэж ярьдаг. Тэгээд мэддэггүй юм байлгүй гэхэд Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан хоёр хоёулаа бизнестэй хүмүүс. Тэгэхээр 10 тэрбум долларын алдагдлыг зүгээр хараад суухгүй байх. Цаана нь хэдэн ч хүн байгаа юм, тодорхой хэсэг нь хахуульд явсан гэж би ойлгож байгаа. Энэ бол ерөөсөө э хахууль. Энэ 10 тэрбум уу эс үгүй бол хэд нь вэ гэдэг нь гол биш, за нэг тэрбум нь ч байж гэж бодъё. Ер нь энэ залуучуудын луйвар булхай хийж байгаа тоо, мөнгөн дүн баримжаагаа алдчихаж. Манай Б.Энхбаяр гишүүн саяхан “Залуучуудын мөнгө төгрөг зарж байгаа байдлыг хараад би гайхсан шүү, энэ мөнгөний баримжаа алдчихсан хүмүүсийн хийгээд байгаа ажил юм биш үү” гэж хэлсэн. Яг тэр үгийг би өнөөдөр хэлмээр байна. Энэ гэрээг хийсэн, дэмжсэн хүмүүс, мэдсээр байж мэдэн будилсан улсууд бол тооны баримжаа алджээ.

Тэгтэл монгол хүн болгон энэ тоог мэдэж байгаа. Тийм учраас луйвар гэдэг нь дэндүү тодорхой. Өдөр өнгөрөх тусам улам баталгаатай тогтоогдоод байгаа юм. Энд нэг сонин юм байгаа. Жишиг үнэ гэж байгаа. Жишиг үнийг барихдаа урьд нь “Чайна Энержи” гэдэг компанитай, “Чалько”-той гэрээ хийж байхдаа үзүүлж байсан, тэгэхээр биржийн үнээс тав орчим хувийн хөнгөлөлт үзүүлж болно шүү. Таван хувиас илүү хөнгөлөлт үзүүлж болохгүй шүү гэж. Тэгтэл өнөөдөр бирж дээр 95 ам.доллар байхад 55 орчим ам.доллараар өгнө гэж байна. Тэгэхээр 40 ам.долларын алдагдал байна. Тэгэхлээр бид биржийн үнээс таван хувь биш бүр 40 гаруй хувийн хөнгөлөлттэй өгчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид их гэнэн байна эс үгүй бол эсвэл ард нь луйварчид байна. Би бол луйварчид байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Тийм учраас би шүүмжилж байгаа юм. Бүүр ингээд Их хурлаараа оруулаад Засгийн газраар оруулаад бүр одоо худлаа үнэн юм ярьж байгаад Хятадын талын ашиг сонирхлыг илэрхийлээд, Монголын хохирлын тухай нэг ч удаа ярихгүй байна шүү дээ. Харин ч Монголоо буруутгаад монголчууд хулхидсан нь үнэн шүү дээ гэж сайд нь хэлж байна. Хятадууд “Танай сайдын амнаас нь гарсан үг шүү дээ Тэгвэл бид хохирлоо та нараас нэхэмжилнэ” гэж хэлвэл яах юм. Зүгээр нэг Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан хоёрын үг биш байхгүй юу. Энэ чинь Монгол Улсын сайдын үг. Сайдын амнаас гарсан үг бол сайдын гарын үсэгтэй адилхан хүчин төгөлдөр байхгүй юу. За ингээд 40 хувийн хөнгөлөлтийг үзүүлчихэж гэж бодъё, тэгвэл мөнгийг нь урьдчилаад аваач ээ.

Энэ гэрээгээр 250 сая тонн нүүрсийг 55 ам.доллараар зарахад 13 орчим тэрбум доллар болж байна. Тийм их хөнгөлөлт үзүүлж байгаа юм бол тэгж цувуулж авч тэрийгээ идэж ууж төсвийнхөө цоорхойг нөхөж тэгээд 16 жилийн дараа юу ч үгүй байснаас тэгвэл ядаж 13 тэрбум ам.доллароо Баялгийн сандаа аваач ээ. Тэгж чадвал бас яахав. Энэ бол үнэхээр муу гэрээ болсон. Сайн гэрээ байсан бол 20 тэрбум ам.доллар авах ёстой. Тэгэхээр тэрийгээ Баялгийн сандаа авчраад тавьчихсан бол бас ч нээрээ Монголынхоо төлөө бодсон юм байна. 13 тэрбум ам.долларыг Баялгийн сандаа бий болгочихлоо, одоо энийг нь харин эдийн засгийн эргэлтэд оруулаад жил болгон таван хувиар өсгөх юм бол тодорхой хэмжээний өсөлт үүсэх боломжтой. Ингэж бодолгүй одоо баялгийн санд ч юу ч байхгүй. Монгол Улсын төсөвт жил болгон цувуулж 820 орчим сая доллар өгнө.

-Таны наад ярьж байгааг сонсоход хоёр кэйс санаанд орж ирж байна. Оюутолгойн гэрээ яг ид яригдаж байхад Германуудаас манайхан зөвлөгөө аваад энэ Оюутолгойн гэрээг ер нь яаж хийвэл зүгээр вэ гэхэд германууд “Та нар яг ингэж гэрээ хийх юм бол хулхидуулна. Үүний оронд шууд 50 тэрбум ам.доллароор зарчих. Тэгээд мөнгийг нь бэлэн авчих юм бол асуудалгүй өсгөөд явж чадна” гэж хэлсэн байдаг. Одоо Оюутолгойн гэрээ луйвар гээд л зөндөө яриад байгаа. Нээрээ ч бодоод байхад тэр нь дээр ч байсан шиг санагдаад байдаг. Хоёрдугаарт, тэр гэрээ хийх үед С.Баярцогт “Манайх олон улсын гэрээ хийхэд боловсон хүчин байхгүй” гэж хэлж байсан. Одоо бол тэр үетэй харьцуулахад гэрээ хийх чадвартай гадаад дотоодод сураад ирчихсэн олон хүмүүс байгаа шүү дээ.

-Тэгэхээр энэ дээр алдагдалтай гэрээ хийсэн байна гэдэг нь ингээд харагдаж байна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, ЭТТ компанийн хүмүүсийг эхлээд энэ гэрээг хийх ажилд оролцуулж байсан байгаа юм. Тэгээд төгсгөлийн шатанд нөгөө гэрээгээ зориуд санаатайгаар муутгахдаа ЭТТ-н хүмүүсийг ажлын хэсгээс хассан байгаа юм.

Зориуд луйвар хийх гэж ЭТТ-н хүмүүсийг хассан. Тэд байвал арай ч ийм гэрээ хийхгүй учраас янз янзын юм яриад Дэлгэрсайхан Туваан хоёрыг бол зовоох нь байна шүү дээ. Тэгэхээр тэд нарын амыг үдэхийн тулд хамгийн амар арга нь бол энэ ажлын хэсгээс хасах. Тэгээд Тавантолгой ЭТТ-н хүмүүсийг хасчихсан. Тэгээд Туваан, Дэлгэрсайхан хоёр хоёулхнаа гүйж очоод Хятадын Харбинд тийм гэрээ хийчихсэн. Монголын Өмнөговьд ч биш, Монголын Улаанбаатарт биш. Ч.Сайханбилэг Дубайд яалаа, маш хохиролтой гэрээ хийсэн? Гадаадад очиж хийсэн гэрээ бол гэрээ биш. Тэр бол жинхэнэ бууж өгсөн,эсвэл нөгөө талдаа тал зассан, хуйвалдсан асуудал. Гэхдээ Хятадын талтай хуйвалдсан гэхээсээ илүү би монголчууд хоорондоо хуйвалдаж өөрсдийнхөө хийсэн алдаа дутагдлаа нууж, энд тэнд тавьсан өр ширээ нөхсөн болов уу гэж хардахаар байгаа юм.

-Энэ нэвтрүүлгийг хөтөлж байгаа давуу талаа ашиглаад нэг улс төржсөн асуулт асууя. Таныг ингээд ярихаар огцорсных нь дараа ярилаа, зүгээр байхад нь ярихгүй яасан юм гэдэг асуудлууд гарч ирж байх шиг. Энэ дээр та юу хэлэх вэ?

-Би энэ гэрээний талаар анх өнгөрсөн жилийн сүүлээр сонссон юм. Би бас харьцангуй туршлагатай улс төрч учраас янз янзын мэдээлэл авна шүү дээ. Тэгээд үнэхээр ноцтой асуудал уу үгүй юу гэдгийг би сайн ялгана. Энэ бол үнэхээр ноцтой юм байна гэдгийг би шууд ойлгосон. Тэгээд би энэ талаар ярья. Яагаад ингэж байгаа юм бол доо гээд Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай уулзъя гэж бодсон. Надтай уулзаагүй, би мессеж бичсэн. Зөвхөн энэ гэрээ ч биш хэд хэдэн асуудлууд байсан. Би эхэндээ завгүй байна гэж ойлгож байсан. Гэсэн ч завгүй гээд хэдэн сар болчихлоо. Тэгээд би сүүлд нь ойлгосон л доо. Зугтаагаад байгаа юм байна аа гэж. Хүн зугтахаараа уулзахаа байчихдаг шүү дээ Үнэхээр завгүй байлаа ч ажлын цаг гаргаад нэг товчхон уулзана шүү дээ. Ардын намын дэргэд намын даргад зөвлөдөг Бодлогын зөвлөл гэж байдаг. Өмнө нь намын дарга байсан хүмүүс одоогийн даргад зөвлөдөг. Миний хувьд энэ бодлогын зөвлөлийг хуралдуулаач ээ, энэ дээр ярья гэж хэлсэн. Гэвч хуралдуулаагүй. Эндээс би санаатай зугтаагаад байгаа юм байна гэж ойлгож эхэлсэн. Бас нөгөө талдаа би бас энэ гэрээг сайн судалъя, андуурсан юм биш байгаа гэж бодож, сайн санаад найдаад байсан байхгүй юу. Тэгтэл үнэн байсан. Тэгэхлээр нь би ямар сайндаа, огцрох гэж байх үед нь хүртэл тэсвэрээ алдаад хэлэх гээд оролдсон. Би уг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад өөрт нь найдаад өөрөөр нь засуулчих гээд хараад байсан хэрэг. Би хүнийг тэгж шүүмжлэх дуртай биш, уг нь өөрөөр нь засуулчих санаатай л байдаг. Би тэгж хүлээсэн. Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 3-ны өдөр огцорсон. Зургаадугаар сарын 5-ны өдөр намайг ордонд явж байхад надаас Оюун-Эрдэнийн засгийн газар яагаад огцорчихов гэж асуусан. Тэгэхээр нь би “Энэ бол маш харамсалтай. Гэхдээ ийм ийм учир шалтгаанаас огцорлоо. Тэгээд дээр нь ийм том луйвар энэ Засгийн газарт хийгдчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тийм учраас би нэг их хожуу хэлээд байгаа ч юм биш. Гэхдээ хожуу хэлэх, эхэнд хэлэх гол нь биш. Хулгайг ажил хийж байхад нь хэлэхээрээ хулгай болдог, огцорсных нь дараа хэлэхээр хулгай биш болчихдог юм уу? Хаана тийм хууль байдаг юм? Хулгайд цаг хугацаа гэж байхгүй. Харамсалтай нь хулгай бол голдуу ажлаа өгснийх нь дараа илэрдэг шүү дээ. Яагаад гэвэл ажлаа хийж байгаа үедээ хав дараад нуучихдаг. Ер нь хулгайд залуу, хөгшин, эрэгтэй эмэгтэй гэж байдаггүй юм байна. МАН, АН гэж байдаггүй. Ерөөсөө хулгай бол хулгай. Тийм учраас би улс төрийн тогтолцооны хувьд хэзээ ч МАНАН үүсэх боломгүй Үндсэн хууль хийгээсэй гэж боддог, түүний төлөө байдаг. МАНАН гэдэг үзэгдэл хэзээ ч ахин үүсэж болохгүй. Тийм Үндсэн хууль байгаасай, тийм хууль эрх зүйн тогтолцоо байгаасай, тийм ухамсар монголчуудад, сонгогчдод байгаасай гэж би хүсдэг. Хоёрдугаарт, энэ байгалийн баялгаа яаралтай ард түмний өмч болгоосой. Ингээд төрийн өмч юм шиг эс үгүй бол хувийн өмч юм шиг ингээд дунд нь худлаа маргалдаад, ард түмнээ хаяад, тэр төр засгийн албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж идээд эс үгүй бол хувийнхан хувьд авсныгаа ашиглаж тэндээс хожоод ингээд дунд нь ард түмэн хохироод байж болохгүй. Энэ бол бас л тэр жишээ. Тийм учраас би одоо яаралтай энэ хоёр асуудлыг шийдээсэй гэж маш олон жил явсан. Тэрнээсээ болж хохирсон, орон шоронд орсон. Тэглээ гээд хэнд ч өширхөөд байх юм алга. Тэгэхдээ би энэ МАНАН-д өширхөнө, МАНАН гэдэг бол эзэнгүй. Хулгайн хөрсийг нь бэлдэж өгдөг ийм муухай аюултай тогтолцоо МАНАН-г би хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Тавантолгой байна уу бусад стратегийн том ордуудыг цөөхөн хэдэн хүн эс үгүй бол өндөр албан тушаалтнууд идээд байгааг би хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Энэ бол ард түмний өмч, ард түмэндээ очих ёстой гэсэн хатуу байр суурь барьдаг.

-МАНАН гэсэн дээр бас нэг юм асууя. Бас л улс төржсөн асуулт. Сүүлийн хэд хоногийн турш нийгмийн сүлжээгээр нэлээн явлаа. АН-ын дарга солигдлоо, Г.Цогтгэрэл намын дарга боллоо. Тэгвэл МАН урилга илгээгээд Цогтгэрэл даргатай бүр томоор хамтраад тодруулбал, Их хурлын дарга болгоод нэгдсэн хамтрал явна гэсэн яриа гараад байна. Энэ талаар би зарим улс төр судлаач нараас асуулаа. Дээгүүрээ тохироо хийгээд, үйл явц хурдан өрнөвөл ийм зүйл болохгүй гэх зүйлгүй гэж ярих юм. Хэрвээ ийм юм болбол та яах вэ?

-Энэ бол бас л Үндсэн хууль зөрчсөн зүйл. Үндсэн хуулиар засгийн эрх ард түмний мэдэлд байгаа шүү дээ. Ард түмэн сонгуулиар Засгийн газарт эрхийг нь олгодог. Ард түмэн эрх мэдлээ сонгуулиар дамжуулж эдэлдэг. Өөрсдийн төлөөллийн хүмүүсийг сонгодог, сонголтынх нь дагуу аль нэгэн хүч нь олонх болдог, нөгөө нэг нь цөөнх болдог. Тэгвэл энэ ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа бол олонх болсон нь бол дангаараа засгийн газраа байгуулдаг бүүр аргаа ядах юм бол жижиг намуудтай Засгийн газраа байгуулдаг. Гол нь хоёрдугаарт орсон улс төрийн хүчин Засгийн газарт ордоггүй, хяналтаа тавьдаг. Ингэж хяналттай байж ардчилал амьд байна. Хяналттай байж төр засаг хариуцлагатай байна. Хяналттай байж ард түмэн төр засагтаа итгэнэ. Төр засгийн гол суурь нь юу юм? Ард түмний итгэл. Ард түмний итгэл байхгүй бол мөнгөтэй байна уу, армитай байна уу, цэрэгтэй байна уу, цагдаатай байна уу тэр засаг бол хамгийн сул. Төр засагт итгэх ард түмний итгэлийн дэлхийн бүх улс төрийн намууд, удирдагчид зүтгэдэг. Тийм учраас энэний эсрэг явах юм бол урт наслахгүй, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа болно. Арай ч Г.Занданшатар Ерөнхий сайд тийм юм хийхгүй байх гэж бодож байна. Харин энэ дашрамд хэлчихье. Өөрийн чинь асуугаад ярьж байгаа МАН-ын дүрэмд Ерөнхий сайд намын дарга байна, намын дарга, Ерөнхий сайд болно гэж бичээтэй байгаа. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа больчихлоо, Г.Занданшатарт намын даргын ажлаа өгөх хэрэгтэй байхгүй юу. Парламентын засаглал гэдэг чинь энэ. Ерөнхий сайд нь намын дарга болдог, намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэгэхээр парламентын засаглалаас битгий ухраач ээ залуучууд аа. Би одоо Л.Оюун-Эрдэнэ гэж хүнийг шүүмжлээд байгаа юм шиг харагдаад байж магадгүй, гэхдээ тийм биш. Тэр уулзахаар маш ухаантай юм ярина. Яг парламентын засаглалын төлөө юм шиг ярьдаг. Уул уурхайн энэ луйвар булхайг илчилье гэж ярьдаг. Дээр нь МАНАН гэдэг зүйл буруу гэж өөрөө шүүмжилж, амнаас нь тэгж гарч байсан. Тэгтэл яг нөгөө ярьсан асуудал, хийж байгаа ажил хоёр нь ингээд тэмээ ямаа шиг хоёр талд зөрөхөөр ард түмэн таньчихаж байгаа юм. Тэгэхээр улс төрд муу ч байсан сайн ч байсан ярьсан хийсэн хоёр ойролцоо, болж өгвөл нэг л байвал болно. Ц.Элбэгдоржийн алдаа бол тэр ярьдаг, өөрөө хошхируулдаг, юу ч хийдэггүй эсвэл ярьсныхаа шал эсрэг хийдэг. Тэрний жишээг давтсан Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь Ц.Элбэгдорж болж байна шүү дээ. Тийм учраас бол би Ц.Элбэгдоржийг шүүмжилдэг. Яагаад гэвэл энэ МАНАН-гийн эцгүүд нь С.Баяр тэр хоёр. Харин өнөөдрийн МАНАН-гийн аав эцэг нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр хоёр болчихлоо шүү дээ. Энийг нэр хэлэхгүй ярихаар хүмүүс та битгий ерөнхий яриад бай гэдэг. Би энэ хүмүүстэй дайсан болох гээд үзэн ядаад байгаадаа биш, эзэнтэй нь хэлэх нь дээр. Яагаад гэвэл тэгж байж ард түмэн ойлгоно, эргэж санана шүү дээ. Тэгэхгүй бол өдөр тутмынхаа ажилдаа дарагдаад мартана. Энэ гэрээн дээр бас нэг аюултай юм байгаа нь төмөр зам барих тухай. Энэ гэрээ бол “Гурвыг цогцоор” нь гэсэн нэртэй. Ингэхдээ олборлолтыг нэмэгдүүлье, төмөр замаа барья, тэгээд худалдаа хийе ээ гэсэн ийм гурван үйл ажиллагааг цогцоор нь хийе гэсэн ийм нэртэй. Үнэн хэрэг дээрээ гурван үйл ажиллагааг цогцоор нь хий гэж далдалж байгаад луйвар хийх гэсэн арга. Аль аль алийг нь тусад нь хийж болно шүү дээ. Тэгээд гурвыг нь цогцоор гэдгийн дотор бас нэг сэжиг төрүүлээд байгаа зүйл юу вэ гэвэл 25км-ийн төмөр замыг зөрүүлчихсэн байгаа юм. Энийг хэн зөрүүлсэн бэ гэдгийг одоо хүртэл хэлэхгүй байгаа. Хэн зөрүүлчихсэн юм, хэдэн төгрөг зарцуулж байгаад яахаараа ингээд хоёр төмөр зам бүүр 25км зөрчихдөг юм. Нэг нь арай өндөр, нэг нь арай нам доор гэж байгаа. Яагаад энэ хоёрыг анхнаас нь нийлүүлж болоогүй юм. Санаатай зөрүүлсэн юм уу, санамсаргүй зөрүүлсэн юм уу. Тэгээд тэрийг хулхидсан гэж Б.Дэлгэрсайхан сайд яриад байгаа юм уу? Тэр дээр хятадууд гомдол гаргаад байгаа юм уу? Албан ёсоор гомдол гаргасан юм уу, бичиг цаас байна уу тэгээд? Тэрнээс хэдэн тэрбум ам.долларын гомдол гаргасан гэж үзэж байгаа юм. Монголын талд энэ ажлыг хэн хийсэн юм, хэн хариуцсан юм. Тэрийг ярихаар энэ мэтийн утгагүй зүйл олон бий. Энэний цаана магадгүй булхай луйвраа халхавчилсан ч юм уу гэж хардахаар нэг зүйл байгаа нь 25 хан километр төмөр замыг 848 тэрбум буюу Б.Дэлгэрсайхан сайдын өөрийнх нь хэлснээр 235 сая ам.доллароор барина гэж байна. Тэгээд Хятадын компани шалгарчихлаа, тендер дээрээ ялчихлаа гэж. Тэгээд дунджаар бодоод үзэхэд нэг км-ийг 10 сая ам.доллараар барьж байгаа юм. Тэгэхээр манай залуучууд тэртээ тэргүй хиймэл оюуныг ашигладаг болчихсон. Энийг хиймэл оюунд даалгавар өгөөд асуухад хэд гэдэг тоо хэлэх вэ. Монголын говьд шүү дээ, уул давуулаад уул цоолохгүй, туннел ч хийхгүй шүү дээ. Газар доогуур метро хийхгүй, тэнгэр дээгүүр гүүр барихгүй. Иим харьцангуй дунд зэргийн нугачаатай газар төмөр зам хийхэд дунджаар 2-3 сая ам.доллар болно. Дунджаар гурван сая доллар гэж үзэхэд 235 км-ийг гурван сая ам.доллар, за барилга байгууламж гэж бодох юм бол 100 сая ам.долларын ажлыг 235 саяар хийх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор бараг хоёр дахин нугалахаар байна. Энэ магадгүй 10 тэрбумын хажууд жижигхэн мөнгө. Үнэн хэрэг дээрээ бол ядарч байгаа ард түмний хувь хувьд асар их мөнгийг энд луйвардаад байгаа юм биш үү гэсэн ийм хар төрж байгаа. Гурван сая доллар гэдэг чинь нийтдээ 10 орчим тэрбум төгрөг. 235 сая ам.долларын тал нь гэх юм бол 120-иод сая доллар гэсэн үг. Бараг 400-500 тэрбум төгрөг байгаа байхгүй юу. Гэтэл 848 тэрбумаар тендер зарлачихаад талыг нь аягүй бол янз янзын аргаар цаашаа наашаа болгох гээд байгаа юм биш үү? Энэ мэтээр ер нь яагаад байгааг маш сайн судлах ёстой байгаа юм.

-Хоёулаа хулгай ярьж байгаа дээр бас нэг ахиад нэг хулгай асуучихмаар байна. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын үед "5Ш" ажиллагаа байсан. Ард түмэн одоо 6Ш байх байж тэр нь “шившиг ажиллагаа” гэж хэлж ярьж байна. Тэр нь одоо илэрч байна гэнэ. Яаж илэрсэн бэ гэсэн саяхан С.Бямбацогт сайд хэвлэлийн хурал хийсэн. “Энэ төрийн өмчийн компаниуд дээр маш олон тоног төхөөрөмжүүд аваад тэр нь эвдрэлтэй гэмтэлтэй гээд дундаас нь нугалаа үүсгээд байдаг асуудлыг ярьсан. Өмнөх Соёлын сайдын багцад олон тэрбум төгрөг аваачаад тавьчихсан, тэрнийх нь хяналт нь байдаггүй, шилэн дансандаа бүртгэсэн бүртгэл нь байдаггүй” гээд шүүмжилж байна. Та "өөрөө засаглаж байх үедээ өөрийгөө шалгахгүй" гэж хэллээ. Ингээд нөхцөл байдал ч харагдаж байна. Таныг судалж байхад энэ мэтээр ахиад ч өөр хулгай байгаад байгаа юм биш биз?

-Байгаа гэдэгт би ерөөсөө эргэлзэхээ больчихлоо. Урьд нь бол за арай ч дээ амжаагүй болов уу, богинохон хугацаатай, өөрөө тэгж тэгж ярьж басан юм гэж итгэж байсан. дотроо өмөөрсөн л дөө. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг өөрөө өөрөөсөө өмөөрөөд “Чи болио, Энхбаяр аа дандаа л ингэж хардаад байх юу байсан юм” гэж бодож итгэж байсан. Яах вэ зарчмын хувьд буруу юм хийж байна тэгэхдээ арай одоо ийм юм хийхгүй байх гэж бодож байлаа. Яагаад гэвэл надад өөрөө “Би өөртөө итгэлтэй байгаа, би хулгай хийхгүй. Та итгэлтэй байж болно” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хэлж байсан юм “Өөртөө итгэлтэй байна гэдэг бол маш буруу. Тогтолцоонд итгэлтэй байх хэрэгтэй. Хувь хүн өөртөө итгэл байна гэж битгий улс удирд. Улсын удирдах арга бол тогтолцоо байдаг юм. Энэ тогтолцоо чинь хяналттай байж хулгай хийхгүй. Тэгэхгүй бол би өөртөө итгэлтэй байна гэдэг маягаар хэн нэг хүний амыг таглаж эс үгүй бол бусдыг тайвшруулж явж байгаад нэг мэдэхэд өөрөө хүссэн хүсээгүй луйвар булхайнд орно. Тэгээд дэргэд нь луйвар булхай хийгээд сурчихсан туршлагатай сайд нар байна шүү дээ? Би сүүлийн үед нэг булхайг олж мэдлээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр буюу огцрохоосо хоёр сарын өмнө нэг аймшигтай тогтоол Засгийн газар гаргасан гаргасан байна. Тэр нь 170 дугаар тогтоол. Нөгөө стратегийн ач холбогдолтой 16 орд газрын жагсаалт байгаа шүү дээ. Тэрний хил хязгаарыг нь тогтоохгүй их удсан. Ийм уртраг ийм өргөргөөр хил хязгаарыг тогтооно оо гээд ордуудыг гаргасан. Тэгээд Засгийн газар сайн муу ч гэсэн 50 хувиа, эсвэл 34 хувиа авна гэх зэргээр эздийг нь ярьж байна шүү дээ. Энэ тогтоолыг Туваан гэдэг сайдад хариуцуулсан. Гэтэл энэ стратегийн ордуудын дотор Б.Дэлгэрсайхан сайдын “Болд төмөр Ерөө гол” гэж орд ороогүй. Энэ ордын уртраг, өргөрөгийг тогтоогоогүй сугалж авч үлдсэн. Тэгэхээр Б.Дэлгэрсайханы “Болд төмөр Ерөө гол” стратегийн орд 34 юм уу 50 хувийг Засгийн газар авах тухай яриа хэлэлцээр хийх бололцоогүй болгож байгаа байхгүй юу. Ц.Туваан Б.Дэлгэрсайхан хоёр бүр хүзүү сээрээрээ тэврэлдчихээд Харбинд хачин гэрээ хийдэг, энд ирэхээрээ одоо яагаад ийм хачин юм хийж байгаа юм бэ. Энийг тогтоох ажлыг Туваан мэдээгүй байна гэж байхгүй. Бас л луйвар байж магадгүй гэж би бодож байгаа. Энэ мэтээр ингээд өдөр өнгөрөх тусам луйвар гарч байна. Мэдээж энэ тогтоол дээо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гарын үсэг зурж байна. Тэр мэдэж л байсан байж таарна. Мэдээгүй бол үнэхээр ажилдаа хариуцлагагүй хандаж байж мэдэж байсан бол энэ луйварт бас оролцсон байна гэж. Тэгэхээр энэ Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан, Л.Оюун-Эрдэнэ гэсэн энэ гурван нэр яваад байгаа биз. Хоорондоо холбоотой. Тийм учраас би даанч дээ л гэж бодож байгаа юм. Үндсэн хуульд энэ тогтолцоогоо сайн тодотгож өгөөгүй, энэ нөгөө олонх цөөнхийн харилцааг хуульчилж өгөөгүй. Тэгээд парламентын засаглалын, гол гол зарчмуудыг хийж өгөөгүйгээс болоод өөрсдөө ингээд дураараа дургих сонгуулийн дүнг өөрсдөдөө зориулж өөрсдийн үзэмжээр зохицуулах тийм нөхцөл бий болж байгаа юм. Тийм учраас Ардын нам, АН хоёр намын удирдлагуудад хандаж хэлмээр байна. Цогтгэрэл шинэ дарга байна, Занданшатар дарга намын дүрмийнхээ дагуу намын дарга болох байлгүй. Гол нь ахиад гурав дахь МАНАН-г битгий үүсгээрэй. Сайн санаж тогтвортой Засгийн газар байгуулна гэх зэргээр бодож байгаа бол болохгүй, энэ чинь дараагийн МАНАН, луйвар булхай л болно. Ахиад нэг том хулгай гарч ирнэ. Тэр бол тэр Занданшатар гэж хүн үү? Цогтгэрэл гэж хүнээс шалтгаалахгүй. Нэр цэвэр дээрээ цэвэр байгаарай гэж захимаар байна. Одоогийн хүмүүс хулгайгаа хийчихсэн, хоёр дахь МАНАН үүсээд ийм муухай болчихсон гэдгийг бид мэдэж байгаа. Эцэст нь хэлэхэд энэ нууцлаад байгаа Дэлгэрсайхан Туваан хоёрын гарын үсэг зурсан гэрээгээ ард түмэндээ нээлттэй болгох хэрэгтэй. Яагаад гэвэл Хятадын дарга Си Жиньпиний хэлсэн үг байгаа "Хятадын хөгжлөөс хөршүүд хожих ёстой" гэж. Энэ бол одоо Хятад шиг босоо тогтолцоотой улс орны хувьд бол Си Жиньпин даргын үг бол ямар ч хуулиас дутуугүй хүчин төгөлдөр байгаа. Харамсалтай нь Си Жиньпин даргын үгийг Хятадын тал бол гуйвуулаагүй байх, завхруулаагүй байх. Нэгэнт гэрээ хийчихсэн шүү дээ. Харин энийг Дэлгэрсайхан Туваан хоёр Хятадыг харж үзэж байгаа юм шиг Хятад хохирчихсоныг, тэр хохирлыг нь нөхөж олгож байгаа юм шигээр Хятадын сайдуудтай адилхан ажиллаад байгаа юм. Хятадын Засгийн газарт энэ Дэлгэрсайхан Туваан нартай адилхан Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай адилхан Хятадын талд ингэж Монголын тухай эд нартай адилхан ярьдаг сайд байгаасай. Хятадын Ерөнхий сайд тийм болоосой гэж би мөрөөдөж байна. Хятадын парламент Монголын өнөөдрийн парламенттай адилхан Монголтой хийх гэрээний төслийг хэлэлцэхдээ Монголын хохирлыг бодоорой гэж гэрээ хийдэг, зөвшөөрөл өгдөг байгаасай гэж мөрөөдөж байна. Өөрөөр хэлбэл бид нар ямар гэрээ хийчихсэн бэ гэдгээ нөгөө талд өөрсдийгөө тавиад үзье л дээ. Нөгөө талд тавиад үзэхэд ер нь Монголын тал бол зүгээр инээдтэй л харагдаж байгаа байхгүй юу даа. Ийм утгагүй гэрээ хийчихээд тэгээд энийгээ хамгаалаад янз янзаар яриад суугаад байдаг бол маш харамсалтай. Тийм учраас бол Засгийн газар гэрээгээ шинэчилж хийх хэрэгтэй. Ямар ч гэрээ луйвар булхайгаар хийсэн байвал аль ч улсын гэрээнд хүчин төгөлдөр биш гэдэг зарчим заавал туссан байдаг. Луйвар булхайгаар хийсэн л бол Оюутолгойн гэрээ байна уу, Тавантолгойн гэрээ байна уу ер нь ямар ч гэрээ бүх дэлхийн улс оронд бол нэг зарчим байдаг. Тийм учраас бол энэ бол хүчингүй болох нөхцөлөө хангачихсан луйврын гэрээ гэж би бодож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 168 (7665)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ