Засгийн газраас эрчим хүчний реформ хийхээр Эрчим хүчний үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Мөн эрчим хүчний багц хуулийг боловсруулж, шинэчлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг болон Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд хамтран эрчим хүчний реформын талаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд: -Хамтарсан Засгийн газрын суурь реформ нь эрчим хүчний реформ. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байгаа. Гэтэл газар дээр байгаа эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний хоёрт орж байгаа. Энэ бол олон улсын судалгаа. Монгол Улс өндөрлөг газар байдаг болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний дутагдалтай явж байгаа. Сүүлчийн 40 жил Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй. Нөгөөтэйгүүр дэлхийн улсууд ногоон эрчим хүчийг санхүүжүүлэх санаачлагыг 2014 оноос хийж байгаа. Нүүрснээс эрчим хүч гаргадаг цахилгаан станцын санхүүжилт дээр хүндрэлтэй асуудал гарсан. Сүүлийн 20,30 жилийн үл ойлголцол, талцал хуваагдлын улмаас томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр томоохон төслүүдээ хэрэгжүүлж, үр дүнг нь иргэдэд өгье. Засгийн газар 14 мега төсөл танилцуулж, заримынх нь эх үүсвэр шийдэгдсэн. Засгийн газар эрчим хүчний реформ эхэлж хийнэ. Эрчим хүчний реформ нь гэдэг үнэ тарифыг өөрчлөх асуудал биш. Эрчим хүчээ экспортолж, орлого орох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийнэ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг: -Эрчим хууль 2001 онд батлагдсан. Хуулиас давсан журам маш их байгаа. 2032 онд эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлсэн, улс орныг түүчээлсэн салбар болно.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: -Эрчим хүчний реформ гэдэг нь үнэ тариф биш гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, авлига, алдагдлын асуудлыг шалгаж, тогтолцоог нь өөрчлөхийн тулд реформыг хийж байна. Дээрээс нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа компаниудыг яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдэгт мөн анхаарах нь зүйтэй. Одоогийн байдлаар үнэлгээ хийх 30 орчим компани байгаа. Эдгээр төрийн өмчит компаниудыг тогтолцоог өөрчлөхөөс биш зөвхөн удирдлагуудыг нь солихгүй.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: УИХ-ын 126 гишүүний 103 нь энэхүү эрчим хүчний реформыг хийхийг дэмжсэн. Тэдний зүгээс зөвхөн үнэ тарифын асуудалд дэмжин оролцож байгаа юм биш хөгжлийн суурь болсон энэхүү эрчим хүчний реформыг цогцоор нь хийлгэхийн тулд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа сайд нар гүйцэтгэл сайтай, хурдтайгаар энэ шилжих процессыг хийгээсэй гэж хүсэж байна. Мөн УИХ дээр хийж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэл дээр бид бүхэн иргэд болон хувийн бизнесүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтээрээ хамарсан том реформыг цогцоор нь хийж чадна гэж бодож байна. Энэ бол дан ганц эрчим хүчний асуудал биш Монгол Улсад байгаа бүх салбаруудад нөлөөтэй, агуулгаар нь харахад улсын тусгаар тогтнолтой холбоотой том зүйл юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээний чадал улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал нэг их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.
Эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо гэж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага тогтоодог. Ойрын үед энэ байгууллага үнэ тарифыг хэрхэн нэмж байгаагаа танилцуулна.