Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулсан. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж 6 болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилсэн гэв.

Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төслийг 2025 оны төсвийн жилд эхлүүлж чадвал оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

14 мега төслийн 5-аас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг энэ оны төсөвт суулгасан гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа. 

Төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай гээд 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулна хэмээсэн. 

Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн үзүүлэлтийг 2025 оны төсвийн нийт эх үүсвэр 35.8 их наяд төгрөг, урсгал зардал 24.5 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 4.3 их наяд төгрөг, Тогтворжуулалтын сан 608.9 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн сан 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. 

2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал, эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж, экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, 35.0 мянган ажлын байр шинээр бий болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Дараа нь  хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. 

Тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформ, нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилтын хүрээнд төсөвлөгдсөн байна гэлээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхэд аудитаар дараах дүгнэлтийг  гаргажээ. Үүнд:

Нэг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд ДНБ-ий 42.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаатай нийцэж байна.

Хоёр. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий хоёроос дээш хувийн ашигтай байх, Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна.

Гурав. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцсэн боловч Улсын Их Хурлаас тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй хэмээн дурдсан байлаа.

Түүнчлэн уг дүгнэлтэд үндэслэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг жилийн төсвийн төслийг боловсруулахаас өмнө баталж байх, Төсвийн тухай хуульд заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд төсөвлөлтийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байхыг анхааруулсан байв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.

Уг дүгнэлтэд, Төсвийн орлого төлөвлөлтийн талаар:

-Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна.

Төсвийн зарлага төлөвлөлтийн талаар:

-Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна.

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэx шаардлагатай байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар:

-Хөрөнгө оруулалтын бодлого нь макро эдийн засаг, нийгмийн тэргүүлэх зорилгод чиглэсэн байна.   

-Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байна.

-Хөрөнгө оруулалтын төслийг сонгох, эрэмбэлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.

-Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн оновчтой хувилбарыг тодорхойлох шаардлагатай.

Засгийн газрын нийт өр, төлбөрийн   талаар:

-Засгийн газрын өрийн үлдэгдэл жил ирэх тусам нэмэгдэж байна гэж тус тус дурдсан байлаа.

Өнгөрсөн жилүүдэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар гаргаж ирсэн удаа дараагийн тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмжүүдтэй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт нийцэж байгаа аж.

Дэлхийн банкнаас 2018 онд гаргасан Эдийн засгийн тоймд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь ил тод байдлыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж, төсвийн үйл ажиллагааны талаар эрүүл зөвлөмжийг гаргадаг” гэж дүгнэсэн хэмээн Н.Энхбаяр  дарга онцолж байлаа.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцдэг. Учир нь хуулийн төслүүдийн нийцлийг хангах холбогдох хуулийн заалтай” гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох заалтад үндэслэн тав хоногийн завсарлага авах саналаа танилцууллаа. Уг саналыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүлээн авсан. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ