Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээрийн зүйлийн 39.24-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Цагдаагийн албаны тухай хуулийн нэг заалт иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан. Гэхдээ салбарын хуульд нь холбогдох зохицуулалт байхгүй атал хүний эрхийг зөрчдөг байгууллага цөөнгүй байгааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч, цаашид иргэний үндсэн эрхэнд халддаг энэ байдлыг зогсоох чиглэлээр ажиллах нь зүйтэй” гэж байлаа.
Хуулийн төсөлд 26.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байв. Ингээд Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар тус тус танилцуулсан.
Экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 2022-2024 онд хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд ашигт малтмалыг "ам үнэ"-ээр бус "хил үнэ"-ээр борлуулдаг болсон. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бүрдэж, ашигт малтмалын гэрээний бүртгэл бүрэн хийснээр уул уурхай болон ашигт малтмалын тээврийн салбарт ил тод байдал сайжирсан. Эдгээрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5 хувиар, 2023 онд 7.4 хувиар, 2024 оны эхний хагаст 5.6 хувиар тус тус өссөнийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн ирэх жилүүдэд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүд, экспорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын төлөв байдал болон худалдааны түнш улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, 2026, 2027 онд тус тус 6.5 хувь орчимд байхаар тооцоолсон гэлээ.
2025 онд 14 мега төслийн хэрэгжилт эдийн засгийн 8 хувийн өсөлтийн 2.2 хувь буюу дөрөвний нэгийг бүрдүүлэхээр байна. Улмаар 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 95 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6,800 ам.доллар болж нэмэгдэнэ. Мөн экспорт 19 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Цаашид валютын нөөцийг зузаатгаж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэн, төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5 хувь, 2027 онд 4 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санал, дүгнэлтдээ онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийнхээс зөрүүтэй байгаа шалтгаан, мега төслүүдийг хэрэгжүүлэх явцад төсөвт өртөг нь нэмэгдэж, улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэх эрсдэлийг тооцсон эсэхийг гишүүд тодруулж байлаа.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд туссан үзүүлэлтийн тоонууд зөрүүтэй байгаа. Ер нь Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тооцоолол ч зөрүүтэй байдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл үндсэн есөн үзүүлэлтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2025 оныхоо тоог л шинэчилж буй хэрэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2024 онд 8 хувь гэж баталсан тул бид энэ тоог барина гэж бодож байгаа” хэмээв.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтэд тавьсан тоонуудыг дээд хязгаар гэж ойлгох хэрэгтэй. Эл хязгаарт тааруулж төсвийн төслөө өргөн мэдүүлсэн. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардал хэсэгт асуудлыг нарийвчлан тооцож тусгасан хэмээн хариулж байлаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан урьдчилан мэдэгдсэний дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин санал хэлсэн. Тэрбээр зарчмын хувьд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Энэ жил төсвийн орлого, зарлагын хязгаарыг дээд хэмжээнд нь хийжээ. Төсвийн орлогоо төвлөрүүлж чадахгүй тохиолдолд өндөр зарлагуудаа нөхөж чадахгүйд хүрч, эдийн засагт хүндрэл үүсэх эрсдэл байна" хэмээн анхаарууллаа.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.