УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо

УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо

УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд парламентын боловсрол олгохоос гадна парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцдаг байна.

Тус хүрээлэнгийн захирлаар профессор Дагва-Очирын Бумдарь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрбээр 2003 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийг инженер багш мэргэжлээр, 2008 онд Япон Улсын Кокушикан их сургуулийг улс төр судлаачаар тус тус төгссөн. 2013 онд Япон Улсын Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2013 онд Д.Бумдарь нь МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессороор уригдан ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оноос Улс төр судлалын тэнхимийн профессор зэрэглэлд ажиллах болсон. МУИС-ийн дэд профессор цолтой.

Гадаад бодлого, ардчиллын институцүүд, цахим засаглал, зан үйлийн шинжлэх ухааны хүрээнд салбар дундын судалгааг дагнан судалдаг Д.Бумдарь нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын төлөвшил зэрэг улс төрийн тогтолцооны шинэчлэлийн талаар чамгүй олон жилийн турш олон нийтийг мэдээлэл, судалгааны үр дүнгээр хангаж иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ