Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2024.06.28/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолцор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл болж байна хэмээн онцлов. Тэрбээр, УИХ-ын ес дэх удаагийн сонгууль түүхэн хариуцлагатай цаг үед болж байгаа гэдгээрээ онцлог. Учир нь Ардын хувьсгалын дараагийн түүхэн 100 жилийн шинэ хуудсийг нээж байна. Ардчилал, шинэчлэлт өөрчлөлтийн хоёр дахь давалгаа болох шинэ 30 жил, шинэ сэргэлтийг эхлүүлж байна. Иймд ард иргэдэдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ жил улсын хэмжээнд 2.224.233 иргэн санал өгөх бөгөөд 11:40 цагийн байдлаар нийт сонгогчдын 20 хувь буюу 412.146 хүн саналаа өгөөд байна.