Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.04.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 54 хувийн ирцтэйгээр эхэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Асуулт, хариулт дууссаны дараа хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлснээр тухайн хуралдаан өндөрлөсөн. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүний 69 хувь нь дэмжсэн тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Тус хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй хэмээн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулаад “Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгггэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн” гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт авав. Тэрбээр хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэх хүрээнд газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах агуулга бүхий заалтыг хуулиас хасах энэхүү төсөл нь Улсын Их Хурлын гишүүдээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хэрхэн хамаарах, Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн холбогдох зохицуулалтаас ямар ялгаатайг тодруулж Ж.Бат-Эрдэнэ гишүүнээс хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиар тавих болзол, шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийсэн. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүний 54.8 хувь энэхүү дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төсөл санаачлагчийн илтгэлийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар өргөн мэдүүлсэн гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдаад төсөл дэх онцлог зохицуулалтуудын талаар танилцуулсан. Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Түүнчлэн Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 6-д Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх өөрчлөлтөд нийцүүлэхээр заасан юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг хэрэгжүүлэх явцад зарим зохицуулалтыг тодорхой болгох, нарийвчлах, нэр, томьёог Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэх, жигдлэх хэрэгцээ шаардлага бий хэмээн төсөл санаачлагчид үзсэн хэмээн Н.Энхболд хэлээд эдгээр үндэслэл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа танилцууллаа.

Хуулийн төслөөр Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцаануудыг зохицуулах бөгөөд 8 бүлэг 53 зүйлтэй юм байна.

 

Улсын Их Хурлын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлж байгаа Улсын Их Хурал бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан Улсын Их Хуралд зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлэн Аж үйлдвэржилтийн бодлогын; Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Ёс зүй, дэгийн; Инновац, цахим бодлогын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой байхаар хуульчлах нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хороо 25 хүртэл гишүүнтэй байхаар, ингэхдээ нэг гишүүн 2-оос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгасан байна. Байнгын хорооны гишүүнчлэлд тодорхой хязгаарлалт хийх нь оновчтой гэж үзсэн гээд “Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй байхаар төсөлд тусгалаа” гэв. Түүнчлэн нэг Байнгын хороонд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн нь Байнгын, Дэд, Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий Дэд хороо байгуулж болох бөгөөд Дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байхаар төсөлд тусгажээ. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад Дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар төсөлд тусгасан байна. Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд Түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, төсвийн харилцааг зохицуулах шаардлагатай хэмээн үзэж шинээр холбогдох зохицуулалтыг боловсруулж, төсөлд тусгасан болохоо Н.Энхболд гишүүн танилцуулав.

Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол; тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол; яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар; татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол тухайн сэдвээр Түр хороо байгуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг 12 ба түүнээс дээш гишүүнтэй байх, үүний зэрэгцээ нам, эвслийн бүлэг тарах, гишүүн өөр бүлэгт нэгдэх, гарах, Засгийн газар байгуулах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулснаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн гэлээ. Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн сахилга батыг сайжруулах, хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нам, эвслийн бүлэг хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт заавал гаргаж байх; нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлгийн байр суурийг тодорхой тооны гишүүд төлөөлөн илэрхийлж байх; нам, эвслийн бүлгийн саналаар хууль тогтоомжийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулж байх зэрэг шинэ зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Мөн бүлгийн ажлын алба, түүний гүйцэтгэх ажлыг тусгайлан зохицуулж бүлгийн гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, гишүүний гаргах зарчмын зөрүүтэй саналыг томьёолох, судалгаа, лавлагаа, мэдээллээр хангах үүрэг гүйцэтгэхээр төсөлд тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын бие даасан байдлын баталгааг дээшлүүлэх хүрээнд хуулийн төслийн 4 дүгээр зүйлд Улсын Их Хурлын  зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглосон зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Улсын Их Хурлын  гишүүний халдашгүй байдал бүрэн эрхийн баталгаатай холбоотой зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурлын бие даасан, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх үндэслэл журмыг энэ хуулийн төслөөр нарийвчлан зохицуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. 2023 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу Улсын Их Хурлын нэг гишүүнд ногдох зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслахын орон тоо, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад зардал хангамжийг тогтоох хууль зүйн үндсийг энэ төсөлд тусгасан гэв. Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх нээлттэй мэдээллийг Улсын Их Хурлын дарга, гишүүн, нам, эвслийн бүлгийг төлөөлөн дарга, дэд дарга, Байнгын, Дэд, Хянан шалгах түр хорооны дарга, Тамгын газрын холбогдох албан тушаалтан хийж байх нь зүйтэй гэж, төсөлд тодорхойлжээ. Мөн чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, телевиз, радиогийн тусгай сувагтай байж болохоор энэ төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын  үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох хүрээнд олон улсын нийтлэг жишгийн дагуу хуулийн төсөл хэлэлцэхэд мэтгэлцээн явах зохицуулалтыг боловсронгуй болгох шинэ зохицуулалтыг нэмж тусгасан байна. Тухайлбал, нам, эвслийн бүлгээс төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах шаардлагатай гэж санал, дүгнэлт гаргасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх эсэх үе шатад мэтгэлцээн явуулахаар төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслах, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны чиг үүрэг, эрхлэх ажил, ажилтны эрх зүйн байдлыг хуулийн төсөлд нарийвчилж тусгасан гэлээ. Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нь гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх зохицуулалтыг нэмж тусгасан байна.  

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 70 хувь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дэмжсэн болохыг Б.Жаргалмаа гишүүн танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. М.Оюунчимэг гишүүн төсөлд дэх Байнгын хорооны бүтэцтэй холбоотой санал хэлж, иргэдийн санал, тэдэнд тулгамдаад буй асуудлыг Улсын Их Хурлын түвшинд хэрхэн авч хэлэлцэх, шийдвэрлэх талаар тодрууллаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх Улсын Их Хурал бүтцийн асуудлаа хэлэлцээд, шийдвэрлэх боломж нээлттэй гэдэг хариултыг Н.Энхболд гишүүн өгсөн. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын амжилттай хэрэгжүүлсэн ажлуудын нэг болох цахим парламент болох үйл явц нь иргэдийн оролцоог хангах боломжийг нээлттэй болгосон талаар дурдаад энэ хүрээнд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрсэн шинэчлэлүүдийг дурдсан юм. “Гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаа, төсөв, хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, үйл ажиллагаанд нь хориглох зүйл” гэсэн төслийн долдугаар бүлэгт “гишүүн бүрэн эрхийн хугацаандаа иргэд, сонгогчдод эд зүйлс тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлдэл хийхгүй байх” асуудлыг тусган хуульчлах саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хэлэв. Энэ саналаа төслийн хэлэлцүүлгийн явцад томьёолоод тусгах боломж нээлттэй бөгөөд төсөл санаачлагчдын зүгээс эсэргүүцэх зүйлгүй гэдгийг Н.Энхболд гишүүн хэллээ. Улсын Их Хурлын гишүүн нь сонгогчдынхоо төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байтал төслөөр үг хэлэх эрхийг хязгаарлах зохицуулалт тусгаж буйг Ц.Туваан гишүүн шүүмжилж, энэ зохицуулалтын талаар тодруулсан. Төслийн хэлэлцүүлгийн явцад саналаа илэрхийлэх, төсөлд тусгуулах боломж нээлттэй гэдгийг төсөл санаачлагч хэлээд “Аливаа нэг шийдвэрийн төслийг хэлэлцэх ерөнхий цаг тогтоох зорилгоор тусгасан зохицуулалт. Тухайн цаг дотроо олонх, цөөнхөөс Улсын Их Хуралд хэчнээн гишүүн суудал авсан байна тэр хэрээрээ цагаа хуваарилах санал юм. Бүлэг, эвсэл дотроо асуудлаа ярилцах нь чухал юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд төрийг бэхжүүлэх, Улсын Их Хурлыг бэхжүүлэх, парламентын ардчилалыг бэхжүүлэх, сонгодог парламент бий болгох агуулга нь олонх нь цөөнхөө хүндэтгээд, шийдвэр гаргахдаа аль болох цөөнхөө оролцуулдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр энэ төрлийн зохицуулалтыг оруулсан” гэдэг тайлбарыг өгөв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ