Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.11/ хуралдаан 13 цаг 30 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаан Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулах талаарх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын тогтвортой хөдөө аж ахуйн 8.3-т “Хөдөө аж ахуй байгальд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллаж ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, зарим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний импортыг халж, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 2030 он хүртэл авч хэрэгжүүлэхээр зорьсныг онцолж байлаа.

Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.5 хувь, ажиллах хүчний 21.6 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал цаашдын хөгжилд чухал үүрэгтэй салбар. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурч, 3-4 жил тутамд ган, зуд тохиож байгаа нь мал аж ахуйн салбарт томоохон сорилт хүндрэлийг бий болгож байна. Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22 хувь хорогдож 8.6 мянган малчин өрх малгүй болж байсан. Энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Малынхаа 70 хувийг алдсан 1521 өрх, 88 хувийг алдсан 732 өрх, 90 хувийг алдсан 326 өрх, огт малгүй болсон 380 өрх байна. Иймд гамшгийн эрсдэл бодитой бий болсон нөхцөл байдал, гамшигт өртсөн малчдын  амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг тус тус харгалзан уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар тус салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан. Мөн малчны хоршоонд нэгдсэн малчдад Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргаж, арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, малчны анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох, малын тэжээл, таримал ургамлаа өөрсдөө тарих боломжийг бүрдүүлэх, төрийн дэмжлэгт хамрагдсан малчны хүлээх үүргийн талаар төсөлд тусгасан талаар сайд танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Г. Ганболд, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан, Ц.Анандбазар, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг  хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мал аж ахуйн салбарыг цаашид хагас суурин болгоход уялдуулж, малчид өвөлжөө хаваржааныхаа газартаа ногоон тэжээл тарих боломж бололцоог хэрхэн тооцож, судалсан талаар, мөн малчид, хоршооныхонд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрхэн үзүүлэх талаар тодруулж байлаа.

Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор малынхаа таваарлаг чанарыг дэмжих, улмаар өвс тэжээлээ тарьдаг байх, малын түүхий эдэд анхан шатанд нь өртөг шингээдэг болох боломжийг олгох зэрэг асуудлуудад чиглэсэн. Малчидтай уулзаад судалгаа хийгээд үзэхээр өрх тус бүрд нэг га  газар эзэмшүүлэх нь төдийлөн өндөр дэмжлэг болохгүй гэж ярьж байна. Учир нь га газар дээрээ ногоон тэжээл тарих, улмаар тариалалт хийх тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангалт цаашлаад ургац хураах, савлах, баглах гээд тодорхой хүндрэлүүд гарах эрсдэлтэй гэж малчид үзэж байна. Харин малчид сум, багийнхаа түвшинд нийлээд 100-200 га талбай дээр орон нутгийнхаа хэрэгцээг хангаж чадахуйц өвс, тэжээлээ бэлддэг болох хүсэлтийг тавьсан. Энэ жилийн зуд нэг асуудлыг маш тодорхой болгосон. Тухайлбал, зүүн аймагт тарьж ургуулсан өвсийг нөөцлөөд баруун аймгийн малд өгөхөөр тэжээл, уургаа хангалттай хэмжээнд авч чадахгүй байна. Энэ нь  хөрс, газар зүйн байршлын онцлогоос хамаараад хоол тэжээл нь зөв тохирохгүй байгаагийн илрэл гэдгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариултдаа онцолсон. Тэрбээр, хуулийн төсөлд хоршоонд нэгдсэний урамшуулал болгож 5 га талбайг эзэмшүүлэх хэлбэрээр өгнө. Хоршоо цаашдаа сум орон нутгийнхаа хэмжээнд 200-300 га талбайд тариалалт эрхлэх боломжийг бий болгох юм. Зөвхөн хоршоо байгуулагдсанаар биш иргэдийн, малчдын хэрэгцээний ногоон тэжээлийг тарих зорилготой хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжтэй хоршоо хүртэл байгуулагдах боломжийг энэ хуулиар нээж өгч байна хэмээн хариулж байлаа.

Харин ажлын хэсгээс 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувуун аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас дөрвөн жилийн хугацаанд чөлөөлсөн гэдэг нэмэлт тайлбарыг өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуулийн төслийн 6.1.9-т жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд зохицуулалт хийх эрх олгохоор тусгасан учир шалтгааныг тодруулав. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй уламжлалт мал аж ахуйн салбарын хөгжилд тулгамдсан асуудал нь  гамшгийн хэмжээнд хүрсэн учраас төсвийн зохицуулалт хийх боломжийг зөвхөн 2024 оноор хязгаарлаж, Сангийн сайд, Хүнс, хөдө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх боломжийг олгожхоор тусгасан" хэмээн хариулж байлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун тэжээлийн ургамал хамтарч тариалахад газрын асуудал чухал гэдгийг дурдаад цаашид газар эзэмшсэн атлаа тариалалт хийдэггүй, бусдад ч тариалалт хийх боломж олгохгүй байгаа аж ахуйн нэгжүүдээс газрыг нь хурааж авах хуулиа хэрэгжүүлэх чиглэлийг бүх шатны Засаг даргад өгөх шаардлагатай. Учир нь холбогдох хуульд  хоёр жил зориулалтаар нь ашиглаагүй бол хурааж авах зохицуулалттай байдаг талаар санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэлэлцүүлгийн түвшинд Монгол Улс эрс тэс уур амьсгалтай орон тул чадахгүйдээ биш болохгүйдээ шийдвэрлэж болдоггүй асуудалдаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Мөн 5 га газарт тарих таримал ургамлын үйл явцыг Тариалангийн тухай хуулиараа зохицуулах, малчдын хоршоо, холбоод нь орон нутгийнхаа газар тариалангийн ангилалд байгаа талбайд тариалалт хийх эрхийг нь тусгах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн хөндлөн хайчинд уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа нутгийн иргэдийн эрх ашиг хязгаарлагдсан байгааг нэг мөр шийдэх, малжуулах асуудал зэргийг хэлэлцүүлгийн түвшинд сайтар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ