Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар өчигдөр (2024.03.27) Дархан-Уул аймагт ажиллалаа. Ургамал, газар тариалангийн хүрээлэнд болсон “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК)-ийн төлөвлөлт, судалгаа тооцоололтой танилцсан юм.
Орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн үйл ажиллагаа 2021 онд зогссон байна. Дархан-Уул аймгийн засаг захиргаанаас тус төсөлд 180 га талбай ашиглуулахаар олгож, үүгээрээ компанийн 15 хувийг эзэмшсэн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат танилцуулсан юм. Гэвч Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулагдаж, дээрх орон нутгийн өмчит цогцолборын дэргэд 25 га талбайд ажиллах болсон нь ижил төрлийн үйл ажиллагааг зэрэгцэн явуулах боломжгүй нөхцөл бий болгосон гэж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага үзэж, гомдол гаргасан талаар тэрбээр ярив. Үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх хоёр жилийн хугацаанд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК цахилгаан дамжуулах дэд станц, цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдийн гадна шугам сүлжээ, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлуудад Үндэсний аудитын газрын тогтоосноор нийт 41.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байжээ.
Орон нутгийн өмчит компани төслийнхөө санхүүжилтэд зориулан Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь хүү, алдангитайгаа энэ оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар 34.6 тэрбум төгрөгт болоод байгаа юм. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жилд удаа дараа авч хэлэлцэн, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан юм. Үүний дагуу “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, албан хэлэлцээр хийх, гүйцэтгэсэн ажлуудад үнэлгээ, тооцоолол хийх, өр төлбөр, хөрөнгө шилжүүлэх боломжийг судлах зэргээр ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жамуха дэлгэрэнгүй танилцуулав.
Хөгжлийн банк төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажлуудыг зээлийн өр төлбөрт тооцон авч төрийн өмчит компанид шилжүүлэх хэлцлийг хийж байсан боловч “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-аас аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Иймд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, цогцолборын 180 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тус банк гаргасан байна.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх асуудалтай танилцсан уулзалтад дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн “Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар оролцож, ажлын хөлсөө авч чадаагүйгээс 200 гаруй ажилтан, албан хаагчтай байснаас одоогоор 10 орчим хүнтэй үлдсэнээ ярьсан юм. Тэрбээр, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг болон Дархан-Уул аймгийн удирдлагыг шүүхэд өгсөн байна. Харин Д.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг шүүхэд өгөөд байгаа аж. “Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар, Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрт итгэж найдаад дээрх ажлуудыг авч хийсэн боловч эдүгээ дампуурахад хүрээд, орон гэрээ хүртэл зарж худалдсан тухайгаа өгүүлж, яахаа мэдэхгүй яваагаа хэлэв.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх төслүүдийн талбайд очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Тал талын нэхэмжлэлээр шүүхэд очсон энэ асуудлын шийдэл шүүхийн шийдвэр гарахаас нааш урагшлах боломжгүй болоод байгаад харамсаж байгаагаа Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд илэрхийлээд, улс орны хөгжлийн томоохон ажил ганц нэгхэн хүний хариуцлагагүй байдлаас болж гацаж, зогсох явдал байж болохгүйг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, “Бурхантхясаат” ХХК-ийн барьсан дэд бүтцийн шугам сүлжээнээс “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн төслийн талбай руу татах хувилбараар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөв.
Дараа нь Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Төмөртэйн болон Төмөртолгойн уурхайгаас олборлолт явуулж, хаягдал төмөр хайлуулж ган үйлдвэрлэх үйл ажллагаа явуулж буй тус үйлдвэр 2022 онд нийт 105.9 тэрбум, 2023 онд 249.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол энэ онд 471.7 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байна. Тус үйлдвэрийг 2014-2022 онд QSC компани концессийн гэрээгээр ашиглаж байгаад төрийн өмчлөлд шилжүүлснээр эдүгээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, 2022 онд 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байсан бол 2023 онд 40.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Батбаяр танилцуулсан юм. Тэрбээр, уурхай болон үйлдвэрийн техник технологи, паркыг шинэчлэх, хүчин чадал болон нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн хоёр жилд хийсэн ажлуудыг дурдаж, аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөл (ТУЗ)-өөр батлуулсан “Уул уурхай-Металлургийн цогцолбор” төслийнхөө талаар танилцуулав. Энэ төслийн хүрээнд “Мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, “Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрийг 2026-2028 онд жил дараалан ашиглалтанд оруулахаар тооцсон бөгөөд урьдчилсан үндэслэл, судалгаагаар шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтад 45.7 сая ам.доллар, нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэрт 285.7 сая ам.доллар шаардагдах аж. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх, “Дархан” үйлдвэрлэл, технологийн парк болон Ган үйлдвэрлэлийн цогцолборт зориулан улсын тусгай хэрэгцээний газар олгох, эрчим хүч, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдах ажилтнууд Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, төрийн өмчит үйлдвэр, төслүүдтэй танилцаж, удирдлага болон ажилтан, албан хаагчдын саналыг сонсох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн менежментээр ажиллаж байгаад төрийн өмчлөлд буцааж авсан компаниудад шаардлагатай хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байгаагаа онцолсон юм. Тэрбээр, “нүүрсний хулгай” зэрэг нийгмийг цочроосон асуудлуудаас болж олон нийтийн бухимдал төрийн өмчит үйлдвэрийн ажилчид, төрийн албан хаагчид руу чиглэж байгааг дурдаад, энэ нь үйлдвэрлэл, менежментэд сөргөөр нөлөөлөхгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засгийн агуулгатай байхын зэрэгцээ улс төрийн учир холбогдолтой байх бодлогын шийдэлд хүрээд байгаа талаар танилцуулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх технологийн шинэлэг шийдлүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүд Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ажилтай танилцаж, ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Цемент болон шохойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй тус компанийг мөн QSC компани концессийн гэрээгээр удирдаж байсан юм. Энэ хугацаандаа Хөгжлийн банкнаас 62.0 сая ам.долларын зээл авч жилд тус бүр 400 мянган тонн чулуунцар буюу клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн хоёр шугам барихаар төлөвлөсний нэгийг ашиглалтанд оруулсан байна. Энэ зээл болон бусад өр, төлбөрийн хэмжээ нийтдээ 319.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үйлдвэрийн өмч хөрөнгө үндсэндээ бүхэлдээ барьцаанд байгаа бөгөөд энэ нь компанийн хөрөнгө оруулалт татах болон ажилчдын зээл авах зэрэг санхүүгийн асуудалд ихээхэн тээг болж байгаа талаар Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттүвшин ярив.
Чулуунцар бол цементийн 85 хувийг эзэлдэг гол бүрдэл. Хөтөлийн “Цемент шохой” ХХК үлдэх 15 хувьд нь гөлтгөнө, үнс зэрэг бүрдлүүдийг нэмж боловсруулан Монгол Улсын MNS974:2008 стандартын дагуу PPC-32.5, OPC42.5, PC-42.5, PC-52.5 маркын цемент үйлдвэрлэж байна. Мөн шохойн чулууны Хөтөл-1, Хөтөл-2 ордуудаас ил аргаар олборлолт явуулж, шохойн үйлдвэртээ жилд 50 000-55 000 тонн 75-аас дээш хувийн идэвхжилтэй шохой үйлдвэрлэж байна. Түүнчлэн Хөтөл хотын айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг “Хөтөл энержи дулаан” охин компанитай.
Эдүгээ зах зээлд олон өрсөлдөгч үйлдвэрүүдтэй болсон тул үнийн уян хатан, хөдөлгөөнтэй, шуурхай тохируулга хийж ажиллах шаардлагатай байгаа. Үнэ өөрчлөх шийдвэрийг ТУЗ гаргадаг байсныг хялбар, шуурхай болгох зорилгоор үнэ тогтоох аргачлалыг ТУЗ-өөр батлуулж, уг аргачлалын дагуу өөрчлөлт оруулах шийдвэрийг гүйцэтгэх захирал бие дааж шийдвэрлэдэг байх зарчимд шилжиж буйгаа Д.Баттүвшин захирал онцлов. Ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Буян-Өлзий үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулаад, бүс нутгийнхаа бүтээн байгуулалтын ажлуудад давуу байдлаар бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдүүлэх, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад өөрийн савлах, ачих терминалуудтай болох, авто машинаар болон төмөр замаар тээвэрлэх нөхцлүүдийг хялбаршуулах, ипотекийн зээлийг өргөжүүлж, зах зээлийг тэлэх зэргээр бодлогын болон эрх зүйн дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.
Тус үйлдвэрийн охин компани болох “Хөтөл энержи дулаан” ХХК алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд 2018-2023 онд “Цемент шохой” ХХК-даа нийт 7.3 тэрбум төгрөгийн өртэй болоод байгаа юм. Энэ онд өр үүсгэлгүй ажиллах үүднээс дулааныхаа үнийг нэмсэн байна. Ингэснээр цаашид алдагдалгүй ажиллах боломжтой болсон гэж “Хөтөл энержи дулаан” ХХК-ийн захирал н.Мөнхбаяр танилцуулаад, үүсэж бий болсон өр авлагыг тэглэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хувийн хэвшлийн компанийн менежментээр ажиллаж байх үед үүссэн татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тус үйлдвэрийн санхүүгийн асуудал эрхэлсэн албан хаагчид тавьж байлаа.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд удахгүй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана гэдгээ хэлж, тус компанийн удирдлага, ажилчдын саналыг уламжлах, Байнгын хорооны шийдвэрээр холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажил, тэдгээрийн хүрээнд явуулсан сонсголуудын үр нөлөөгөөр улсын төсөв ихээхэн тэлж байгааг тэрбээр дурдаад, цаашид төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг улам бүр нэмэгдүүлэх шаардлага байгааг тэмдэглэв. Цементийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгаа нь компанид удирдлага, менежментээ сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат онцлоод, гэрээт борлуулагчтай хамтран ажиллах боломжийг судлах нь зүйтэй гэсэн юм.
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдийн хамт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал нар ажилласан юм. Үйлдвэрүүд болон Дархан арьс ширний цогцолборын төсөлд тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийг зөв олж, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг яам, холбогдох байгууллагад зөвлөмж болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.