Парламент намрын чуулганы төгсгөлд бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Улмаар ирэх сарын эхээр ээлжит бус чуулган хуралдаж, Баялагийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахаар товлоод байна. Баялагийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Доржханд нарын байр суурийг “50:50” буландаа онцоллоо.
Ч.Ундрам: Иргэд хувьцааныхаа өсөлтөд хяналт тавина - “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын нэг чухал зүйл нь иргэдийн хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлж байгаа. Өмнөх УИХ, Засгийн газрын тогтоолууд дээр энгийн хувьцаа юм уу, давуу эрхийн хувьцаа юм уу гэдгийг тодорхой зааж өгөөгүй байсан. Энэ удаагийн тогтоол дээр энгийн хувьцаа гэж тодорхойлж оруулж ирсэн нь олон давуу талтай. Одоо Баялагийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэд маань энгийн хувьцааныхаа жинхэнэ эзэн нь болж, захиран зарцуулах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа арилжаалах, шилжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдэнэ. Цаашлаад Баялагийн сангийн хуульд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч нас барвал өвлүүлдэг байх, 2024 оноос хойш төрсөн иргэнд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг тодорхой тусгах ёстой. Тэгэхгүй бол хүүхэд төрсний тоогоор жил бүр УИХ тогтоол батлаад байж болохгүй. Тогтолцооны хүрээнд асуудлыг шийдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд гарсан хувьцаатай холбоотой асуудлаа тогтоолоор шийдээд, дараагийн удаад Баялагийн сангийн тухай хуулиараа зохицуулаад явах нь зүйтэй гэж харж байна. Түүнчлэн энэхүү хуулийг баталснаар энэ орд дээр иргэдийн эдийн засгийн хяналт бий болно.
|
Т.Доржханд: Парламент мэргэжлийн зарчмаасаа ухарлаа -Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Эдийн засагчдын итгэл найдвар тасарч, энэ улс хөгжихөд хэцүү болчихлоо гэж ярьж байсан бол өнөөдөр бид арай өөр шатанд ирлээ. Одоо парламент маань мэргэжлийн зарчмаасаа ухармааргүй байна. Сонгууль дөхөөд мөнгө тараадаг, попордог асуудал дуусаагүй байгаад харамсаж байна. " "Эрдэнэс Тавантолгой" ХК маш олон төслийг санхүүжүүлсэн байна. Яг бодитой нь гурван төслийг санхүүжүүлэх л ёстой. Үүнд дулааны цахилгаан станц, төмөр зам, баяжуулах үйлдвэр гэсэн төслүүд багтана. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргаж байна. Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья. Харин иргэдэд мөнгийг нь үр өгөөжөөр өгөх боломжтой гэж ойлгуулах ёстой. Ингэж чадвал монголчууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мөнгөөр Тавантолгойн дулааны цахилгаан станц барина гэсэн шийдвэрийг гаргаж чадна шүү дээ. Нөгөө талаас иргэд маань ногдол ашиг харж сонголт хийхгүй байх гэж найдаж байна. Энэ оны сонгууль маш онцлог сонгууль болно. Олон талын оролцоог хангаж чадна. Иргэд маань аливаа амлалтад хууртахгүй, итгэл үнэмшилтэй байж үр дүнг нь үзэх хэрэгтэй.
|
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 16 (7260)