2000 оны УИХ-ын сонгуульд МАН ялж, парламент болон Засгийн газрын удирдлагууд улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох стратегийн томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байжээ. Үүний нэгэн баталгаа, бодит илрэл нь Монгол Улсын автозамын сүлжээг сайжруулах “Мянганы зам” хэмээх нүсэр, санаанд багтамгүй томоохон төсөл байсан гэдэг. Тэгвэл 21 жилийн хугацаанд үргэлжилж, он цаг, засаглал, хөрөнгө санхүүгийн асар олон шалгуурыг туулсан их бүтээн байгуулалтыг 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дуусгаж, чадав. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт бүрэн биелсэн юм.
Хатуу хучилттай автозамын хамгийн сүүлийн хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км автозамын нээлтийн үеэр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна. 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг” гэдгийг онцолж байв.
Харин тэртээ 2000 оны үед энэ ажлыг эхлүүлж байсан Хөдөлмөрийн баатар Б.Жигжид “Тухайн үед автозамын сүлжээг хөгжүүлнэ гэдэг амар байгаагүй. Улаанбаатараас Өвөрхангай хүртэл эвдэрхий замтай, Сэлэнгэ, Эрдэнэт рүү хатуу хучилттай магистралын ганц замтай ийм л улс байсан шүү дээ. “Мянганы зам” төслийг хэрэгжүүлж эхлэхэд үнэндээ бидэнд хөрөнгө мөнгө ч байгаагүй. Их том зорилго, тэмүүлэлтэй хүмүүс л эхлүүлсэн. Тухайн үед автозам барихаар Улсын төсөвт 50 сая төгрөг л тавьдаг байсан гээд бод доо. “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалтын төслийг аливаа хэл ам тойроогүй. Парламентаар хэлэлцсэний дараагаас ч “Мянганы зам бол мянгуужингийн үлгэр. Энэ намынхан худлаа донгосож байна” гээд л яриад бичээд эхэлнэ. Гэхдээ л бидэнд зорилго тавиад, зориглоод зүтгэвэл болохгүй зүйл үгүй гэдгийг энэ том, хөгжлийн бүтээн байгуулалт харууллаа гэж одоо баярлаж сууна” гэлээ.
Түүнчлэн “Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төслийг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлээд буй. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог болсон билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)