Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны анхны хурал өнөөдөр (2024.01.22) болж даргаа сонголоо.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.5-д “Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч Р.Рэнцэнбазар дурдаад, Зөвлөлийн даргад нэр дэвшигч Н.Энхбаяр, Н.Ууганбаатар нарын талаар танилцуулж санал хураалт явууллаа. Санал хураалтаар Зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр 71.5 хувийн санал авч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар сонгогдлоо.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ байнгын, орон тооны мэргэжлийн институци болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилж ажиллуулахаар хуульчилсан. Зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх тул түүний үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх зайлшгүй шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу мэдэгдсэн юм.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаярт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын дарга асан Д.Даваасамбуу нар тамга тэмдэг болон 2018-2023 оны үйл ажиллагааны тайланг гардуулан өглөө.
Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Төсвийн тогтвортой байдлын үйл ажиллагаанд цаашид олон нийтийн оролцоог хангах, ил тод нээлттэй мэдээлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, түүнээс суралцах, эдийн засгийн тохиромжтой загварыг ашиглах зэрэг асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо хэмээгээд, Төсвийн тогтвортой байдлын даргаар сонгогдсон Н.Энхбаяр болон гишүүдэд ажлын амжилт хүслээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь эдийн засгийн төсөөлөл, таамаглал хийх, төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх, төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх, төсвийн реформ, төсвийн зарлагын реформ, энэ дотор нийтийн санхүүгийн реформ, сангуудын реформуудыг хийхэд судалгаа нотолгоо нь дээр үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргаж УИХ-ыг шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх, төсөв, санхүүгийн холбогдолтой шийдвэрийн нөлөөллийг таниулах зорилгоор олон нийтийг төсвийн талаарх мэдээллээр хангаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
Мөн эдийн засгийн таамаглалын тайлан, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.