Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.01.09) хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн таилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. Ажлын хэсэг нэг суманд 3000, хороонд 5000 хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулах, кэйс менежмент гэдэг нэр томьёог Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүсэлт илгээж албан бичгээр хариу авсны дүнд хэвээр үлдээх, мөн кэйс менежментийн эрсдэлийн менежментийг эрсдэлт нөхцөлийн зохицуулалт гэж оноохоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч хуульд нийцүүлж дахин тодорхойлох шаардлага үүссэн тул “цахимаар дарамтлах” гэсэн тайлбарыг өөрчилсөн байна. Мөн, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрөөтэй саналуудтай холбогдуулан Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь гэр бүлд суурилсан урьдчилан сэргийлэх хүүхэд хамгааллын үйлчилгээ, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэсэн гурван төрөлтэй байхаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг лавшруулан асууж, эдгээр үйлчилгээг явуулах боловсон хүчин, ажлын байрны онцлог, санхүүжилт нь ямар байх, мөн хамгаалах байрны зардал, санхүүжилтийн талаар тайлбар авсан юм. Тэрбээр, хүүхэд хамгааллын асуудлыг цогц бодлогоор нь, мөнгөтэй, төсөвтэй нь, хүний нөөцтэй нь, хууль эрх зүйтэй нь, хариуцах эзэнтэй, хариуцлага тооцох механизмтай нь иж бүрнээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд орон тооны асуудалд анхаарах, үйл ажиллагааг тодорхой болгох талаар НҮБ-аас зөвлөмж өгсөн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дурдаад, 2024 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардыг 8.0 тэрбум төгрөгөөр тусгасан болон хамгаалах байрны зардлыг орон нутгийн төсөвт суулгасан талаар тайлбарлав. Мөн тэрбээр нийгмийн ажилтны чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой тусгах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын асуултад, хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, үгүй юү гэдэг дээр төрийн нэрийн өмнөөс үнэлэлт, дүгнэлт өгөх учраас нийгмийн ажилтнууд мэргэжлийн байх ёстой гэж үзэж байгаа хэмээн хариулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хүүхэд хамгааллын ажилтан бол албан тасалгаанд суудаг хүмүүс биш, байнга айл өрхөөрөө явж, судалгаа шинжилгээ, тандалтаа хийдэг, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг байх ёстой тул ямар ч эрх мэдэлгүй, зардалгүй ажиллах боломжгүй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуульд тухайн салбарын санхүүжилтийн хэмжээг ДНБ-ийн хувиар илэрхийлэх нь буруу жишиг гэж үзэж байгаагаа илэрхийлж, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны санхүүжилт тодорхойлсон, 2025 оноос мөрдөхөөр тусгасан заалтыг 2026 оноос мөрдөхөөр тусгах саналтай байгаагаа хэлэв. Аливаа асуудал орон тоо, төсөв зардал нэмснээр шийдэгдэхгүй гэж үзэж буй байр сууриа тэрбээр илэрхийлээд, кэйс менежмент бол риск менежмент буюу эрсдлийн менежментээс өөр ойлголт болох талаар тайлбарлаж, энэ хэвээр нь хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа монголчлох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Кэйс менежментийн дотор хүүхэд, түүний гэр бүл, хүүхдэд тулгарч байгаа эрсдэл, түүнээс хамгаалах хүчин зүйлс, хүүхдийг аюулгүй байлгахад чиглэсэн бүхэл бүтэн систем, орчин багтдаг гэсэн тайлбарыг Монгол Улсын их сургуулийн Нийгэм социологийн тэнхимийн багш, доктор А.Батхишиг хийсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн удирдлагын нутаг орныхоо иргэдтэй ажилладаг, хүүхдийнхээ асуудалд анхаардаг тэр эрх хэмжээг нэмэгдүүлж өгөх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлж, Улсын Их Хурал засаг, захиргааны нэгжийн бүтэц, орон тоо ярих нь буруу гэлээ. Тэрбээр, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс нь хамааруулаад хүүхэд хамгааллын ажилтны орон тооны хязгаарыг Засгийн газар баталдаг байхаар тусгах саналтайгаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хүүхэд хамгааллын байгууллагууд зарим асуудлыг нуун дарагдуулдаг, ажил хийсэн болж оромддог явдал байгааг сануулж, хуулийн төсөлд энэ талаар тодорхой зохицуулалт тусгахыг санал болголоо. Төрийн ажил, мэргэжил, боловсрол гэхээсээ илүүтэй хүүхэд хамгааллын асуудалд сэтгэл чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут онцолж, энэ ажлыг бодитойгоор хариуцлагажуулж чадвал томоохон ахиц гарах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэлэв.
Хүүхэд хамгааллын зардлыг талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тодорхой тайлбарлаж, нийт хүүхдүүдийн 1/3 нь нийгмийн халамж хамгаалал шаардлагатай айл өрхүүдэд өсөж байгаа гэж тооцох юм бол тийм нэг хүүхдэд 20 000 орчим төгрөгийн зардал ногдож байгаа талаар танилцуулсан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүн бүгд өөр өөрийн ажилтай, өөр өөр байгууллагуудаас цалинждаг хүмүүс тул хүүхдийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр дурдав.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг дэмжих, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй санал болох “сумд 3 мянга хороонд 5 мянга хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулна” гэсэн заалтыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Бусад зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатгаж явуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мөн тус Байнгын хороогоор 2024 оны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг цаглаврын батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.