УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа улсын хэмжээнд дизель түлш, авто бензин олголт зогсож, нөөцгүй болсонтой холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсжээ. Энэ талаараа АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Ц.Туваан: -Эрх баригчид болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шийдвэрийг хараад иргэд хүнд байдалд ороод байна. Хоёр сарын өмнөөс л хомстол үүснэ шүү гэж яриад л байсан. Өнөөдөр өглөө салбарын сайд нь мэдээлэл хийлээ. Гэвч албан тушаалтнуудын амнаас нэг ч шийдэл сонссонгүй. Улаанбаатар хотод иргэд шатахуун авахаар таван цаг дугаарлаж АИ92 биш түүнээс илүү үнэтэй АИ95 авч байна. Хөдөө орон нутгийн хүмүүс портер, бонго зэрэг дизель түлш хэрэглэдэг автомашинтай. Гэтэл цас маш их орсон, өвөлжөөндөө бууж амжаагүй ч айл байхыг үгүйсгэхгүй, нөхцөл байдал маш хүнд байгаа.
Ж.Батсуурь: -Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Хэдэн жилийн өмнө шатахуун 1500 байхад үнэтэй байна гэж байсан бол өнөөдөр хөдөө орон нутагт дизель түлш бараг 6000 төгрөгт хүрчихлээ. Хариулж байгаа нь энэ долоо хоногтоо бараг шийдэх байх, гурав хоноод гайгүй болчих байх гэсэн элий, балай яриа өгч байна. АН-ын бүлэг асуудалд ингэж хандаж байна. Нэгдүгээрт, эрх баригчид ард түмнийг байнга хуураад байгаа сайд, дарга нартаа хариуцлага тооц. Ард түмнийг улны, уланд очихоос өмнө арга хэмжээ аваач гэдэг зүйлийг манай бүлэг ярилаа. Хөдөө аж ахуйн асуудал ярих байсан ч хариуцсан сайд нь ирээгүй. Ганцхан онцгой байдлын байгууллагаас л хүн ирсэн.
Н.Ганибал: -Эрх баригчдын болохгүй бүхнийг АН-руу чихдэг арга мэх нь дуусаж байх шиг байна. Эсвэл хоёр хөрш рүүгээ нялзаана. Монгол төр эзэнтэй. Тэрнийг зохион байгуулдаг Засгийн газартай, сайдтай улс, орон шүү дээ. Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй, асуудлыг өөрсдөөсөө бултуулахад мэргэшсэн л төртэй болчихлоо. Сүүлийн өдрүүдэд сошиалд хоёр асуудал олны анхаарлыг татлаа. Нэгдүгээрт, бензин авах гээд зам дээр дугаарлаж, түгжирлээ. Хоёрдугаарт, дэлхийн одод нууцаар ирсэн VIP арга хэмжээ болжээ. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмал газрын тосны газрын дарга баярлаж, цэнгээд явж байна. Төр иргэдийнхээ асуудалд ингэж л хандаж байна. Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой.