Ж.Ганбаатар: АИ92 болон дизелийн түлшний үнэ өсөхгүй

Ж.Ганбаатар: АИ92 болон дизелийн түлшний үнэ өсөхгүй

Шатахууны хомсдолын асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шатахуун тасалдсан гурван шалтгааныг хэлье.

  • Нэгдүгээрт, манай гол ханган нийлүүлэгч ОХУ дотооддоо өвлийн дизель түлш, шатахууны хомсдолтой байсаар байна. Энэ бол түүхэндээ байгаагүй нөхцөл байдал. ОХУ өөрөө дэлхийн топ экспортлогч улс. Энэ нөхцөл байдал манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
  • Хоёрдугаарт, ОХУ-ын экспорт баруун тийшээ байдаг байсан бол одоо БНХАУ, Энэтхэг зэрэг Зүүн өмнөд Азийн улс руу төвлөрсөн. Ингэснээр Зүүн Сибирь болон Алс Дорнодод төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнээс шалтгаалж манай нийлүүлэлтэд хоцрогдолтой байна. 
  • Гуравдугаарт, манай улсын дотоод асуудал байна. Манай экспорт түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Нүүрсний экспорт 60 сая тонныг давсан. Оны эцэст 70 сая тоннд хүрэх магадлалтай. Энэ бол дизель түлшний хэрэглээнд шууд нөлөөлсөн. Томоохон 5-6 том уурхайн хэрэглээ манай нийт дизель түлшний хэрэглээний 60 хувийг бүрдүүлдэг. Манай улс сардаа 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 60 мянган тонныг томоохон уурхайнууд хэрэглэдэг. 

Гаалийн мэдээгээр 2022 онд манай улс 987 875 тонн дизелийн түлш импортолсон байна. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар ОХУ-аас 1.2 сая тонн түлш авсан. АИ92 шатахууныг 2022 онд 626 395 тонныг авсан бол 2023 оны эхний 11 сарын байдлаар 636 719 тонныг импортолсон. Нийлүүлэлт явагдаж байгаа ч манай дотоод хэрэглээ маш өндөр болсон байна. Бид үүнд бэлтгэсэн.

ОХУ есдүгээр сард тавьсан хоригийн улмаас манайд 21 хоног шатахуун огт орж ирээгүйгээс шалтгаалаад нөөц бүрэн барагдсан. Энэ байдлаас бид гарч чадахгүй байна. ОХУ дизель түлшийг өгөх хэмжээгээрээ өгнө. Илүү өгч чадахгүй байна. Манай улсын нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд арванхоёрдугаар сараас БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш захиалсан. Эхний 5000 тонн түлш өнөөдөр урдаас ирж байгаа. 

Дизель түлшийг ихээр нөөцөлж байна. Мөн ШТС-уудаар бөөний үнээс хямд үнээр зарж байгаа. ШТС-уудаас бөөнөөр нь авч, цаашаа дамлаж шаглах асуудал байгаа учраас  өнөөдрөөс эхлэн Улаанбаатараас падаангүйгээр дизель түлш гаргахыг хориглож байна. Бид нийлүүлэлтээ нэмж, дотоод зохицуулалт хийхээр байдал тогтворжино. 

Манай улсын АИ92 шатахууны 90 хувийг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нийлүүлдэг. Ангарскийн үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд орж ирдэг. Өнөөдрийн байдлаар 18000 тонн шатахуун нийлүүлэхээр замд гарсан. 

Цаашид АИ92 болон дизелийн түлшний үнэ өсөхгүй. Дэлхийн зах зээл дээр дизель түлш, шатахууны үнэ маш ихээр унаж байгаа. ОХУ-аас арваннэгдүгээр сард нийлүүлсэн үнэ 930 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 855 ам.доллараар авч байгаа. БНХАУ-аас 1080 ам.доллараар авч байна.

АИ92 шатахууны 705 ам.доллараар авах таван жилийн хатуу гэрээтэй. Би сайд болоод, аж ахуй гадарладаг хүний хувьд нүүрээ улалзуулж байж энэ гэрээг байгуулж чадсан. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй. Болж өгвөл очер дараалал үүсгэхгүй байхыг ард иргэдээсээ хүсэж байна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ