УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан өглөөний 10.20 цагт гишүүдийн 50.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан ч ҮАБЗ-ийн хурал товлогдсон учраас Засгийн газрын тэргүүний оронд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр асуудлыг танилцуулсан. Авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн хуралдааны протоколыг хүргэе.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Засгийн газраас авлигатай тэмцэх ажлыг манлайлж, "Таван Ш" ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Шүгэл ажиллагааны хүрээнд гэхэд ажлын хэсэг баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдтэй уулзан, утсаар харилцаж мэдээлэл авч байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим иргэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, хүнд суртал гарган авлига үүсэх нөхцлийг бүрдүүлж байж болзошгүй салбар, байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажилласан. Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албаны хууль бус томилгооны талаарх мэдээллийг холбогдох сувгаар хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хийж байна. Үүний үр дүнд 3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг илрүүлсэн бөгөөд 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бусад 1344 албан тушаалтны зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тоогоо алдсан их хулгай гарлаа. Дунд шатныхан дээд дарга нар ингэж хулгайлж байгаа юм чинь бид ч гэсэн яадаг юм гэсэн байдлаар асуудалд ханддаг болсон. Одоо төрийн албаныхан МАН ирэх сонгуульд ялагдаж магадгүй юм байна. Тэгэхээр бушуухан байгаа дээрээ идэж уугаад авъя гэж ярьдаг болсон. Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд одоогийн байдлаар 350 сая тонн хүрсэн байна. Зөвхөн нүүрсний хулгайтай тэмцсэнийх өнөөдөр төсвийн орлого 23 хувь нэмэгдсэн байна. Тийм учраас авлига хээл хахууль яах аргагүй Монголын хөгжлийг хойш татаж байна. Ганцхан нүүрсний хулгай дээр гэхэд 29 км газар 120 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Түүний араас баахан хулгай байна. Концесс, ЖДҮ, Төмөр зам, ногоон автобус, боловсролын зээлийн сан гээд бүгд дээрээ нэг нэгэндээ барьцаалагдчихаад байна. Дээрээ хариуцлага тооцохгүй учраас дунд, доод албан тушаалтнууд аргагүй ш дээ. Ялын бодлогыг чангаруулаад энэ асуудлыг шийдэж чадах эсэхэд эргэлзээтэй байна. Асуудал гаргасан нэр холбогдсон хүмүүсээ авчраад шалга л даа. 2016-2020 онд асуудал гаргасан АН-ынхан өнөөдөр ямар хамгаалалтгүй гудамжинд явж байна. Тэднийг авчираад шалга л даа. Өөрийн намынхнаа ч гэсэн шалга.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Таны үгийг би асуулт гэхээсээ илүү байр суурь хэмээн хүлээж авч байна. Б.Пүрэвдорж гишүүн туршлагатай улстөрч, нам дотроо авлигачиддаа нэлээд шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол улс төрийн тэр нам энэ нам гэхээсээ илүү Монголын зовлон, хүний эрхийн дайсан. Авлигачдаасаа салах бол тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал. МАН чичлүүлээд шүүмжлүүлээд өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ. Шийдвэрлэсээр ирсэн. Үе хурдтай солигдож байгаа. Танай нам харин одоо хүртэл энэ хулгайчдаасаа салж чадахгүй байна. Танай нам өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байгаа. Өөр намын дотоод асуудалд орох соёлгүй хэрэг. Гэхдээ нэгэнт ард түмэн мэдчихсэн мафийн эздээсээ хамтдаа салъя. МАН-ын парламент Үндсэн хуулийг өөрчилсөн. Парламентын хяналтыг сайжруулж, хяналтын түр хороо байгуулах эрх зүйн орчныг бий болгосон. Энд намчирхал, ямар нэг дарга цэргийн албан шахалт байхгүйгээр авлигачдын үнэн нүүр царайг илчилнэ. УИХ-ын танхимд яригдаж, олон асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх санаархалд АН битгий татан ороогдоорой.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Авлигатай тэмцсэн тайлан харж байна. Үүнээс харахад чин үнэнээр авлигатай тэмцээд байна уу үгүй юу гэсэн эргэлзээ төрж байна. Төр том байх, төсөв том байхаар дагаад л авлигын асуудал нэмэгдэнэ. Энэ бол батлах шаардлагагүй үнэн. Гэтэл яагаад төр чинь томроод төсөв чинь тэлээд байгаа юм. Авлигатай тэмцэхэд хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн арга бий. Төр нь нээлттэй ил тод байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд Төрийн өмчит ямар аж ахуй нэгж нээлттэй болов. Хэдэн АЗЗА-г хувьчилсан байх. Төрийн банкны 10 хувийг хувьчилсан байх. Бусад компаниудын юу нь нээлттэй болсон юм. Жил дамнаад бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулж байна. Энэ бүхэн авлигын үндэс биз дээ. Энэ бүхэн өөрчлөгдөөгүй байхад яаж авлига буурах юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-О.Цогтгэрэл гишүүний хөндөж байгаа ялангуяа чөлөөт эдийн засгийг дэмжих, төр хэт данхайж байгаа, Төрийн өмчит компаниудаар дамжиж эдийн засгийг агшааж байгаа асуудалд би улстөрч хүний хувьд 2016 оноос дэд сайд болсноороо хойш ярьж тодорхой шийдэл санал гаргаж явсан. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бид зайлшгүй шинэчлэн батлах шаардлагатай байна. Хаана төрийн өмч байна тэнд хулгай тасрахгүй байна. Төрийн өмчит нэг ч компанийг дахин шинээр байгуулахгүй гэсэн тогтоолын төслийг Д.Цогтбаатар гишүүн санаачлан өргөн барьсан. УИХ дэмжсэн. Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн би дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахалж боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо парламент хэлэлцэн батлах учиртай. Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой бүхий л асуудлаар шийдвэр гаргалтыг нэн тодорхой болгоно. Хариуцлагыг ч мөн тодорхой болгоно. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Ард түмний төлөөллийн дээд байгууллагаар оруулалгүйгээр хэдэн их наяд төгрөгийн ордыг нь үйлдвэртэй нь авч байсан асуудал. Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялагийг ард түмэнд хүртээх үзэл санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүйгээр гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлээд өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугатаад явж байгаа асуудал. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь хууль хяналтын байгууллага нь авчирах гээд өчигдөр манай яам АНУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийгээд явж байгаа асуудал. Энэ бүх асуудлын суурь нь төрийн өмч хаана байна тэнд ард түмний нээлттэй хяналтыг явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхгүйгээр амжилт олохгүй. Энэ шинэтгэлийг бид хамтдаа энэ намрын чуулганы хугацаанд хийх ёстой. Мөн тун удахгүй О.Цогтгэрэл гишүүн бид хоёр нүүрсний сонсголыг хамтдаа хийж, хулгайч нарыг ил болгоно.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна. Энэ бол авлига. Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн. Нэг зүйлийг нэг хүнийг барьж асуудлыг шийдээд энэ бол эмчлэгдэхгүй. Том хэмжээний бодлогын өөрчлөлт хэрэгтэй. Удахгүй нүүрсний түр хорооны сонсгол болно. Ер нь асуудлыг түр хороогоор нээлттэй хэлэлцүүлдэг болсныг дэвшил гэж харж байна. Гэхдээ сөрөг хүчнээс зохион байгуулах сонсголыг явуулахгүй байна. Тухайлбал, цар тахлын үеийн мөнгөний зарцуулалтыг хэлэлцэх гэхээр болдоггүй. Шинжээч томилж өгдөггүй. Тухайн үед гадна дотны томоохон компаниуд хүмүүсийн өгсөн хандив мөнгө хаашаа орсныг та нар ер нь мэдэж байгаа юу.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо:
-Олон улсын байгууллагаас жил бүр авлигын индексийг гаргадаг. 2022 оны байдлаар Монгол Улс 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт орсон. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаад үзэхээр 2012 онд манай 36 оноотой байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, засаглалын суурь үзүүлэлтээс болж оноо буурсан байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-D-parliamеnt –д зарим иргэн хандаж, авлигын асуудлаар асуулга тавьсан байна. Тухайлбал, Өлзийбаяр гэдэг хүн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийн хөрөнгийг хурааж болохгүй юу. Мөн өөрийг нь болон үр хүүхдийг нь төрийн албанд ажиллуулдаггүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй юм уу гэжээ. Энэ асуудалд салбарын сайд хариулж өгнө үү?
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг хураадаг. Мөн эд хөрөнгийг нь хураах асуудал нэмэгдэл ялын шинж чанартай үйлчилж байна. Харин үр хүүхдийг нь хүртэл шийтгэвэл хэлмэгдүүлэлт болно. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Үндсэн хуульд Гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүн, үр хүүхдэд нь халдаан хэрэглэхийг хориглодог. Буруу үйлдэл хийсэн бол тэр хүн өөрөө цээрлэлээ хүлээхээс биш хэдэн үе дамжиж хэлмэгдүүлдэг асуудал байхгүй. 1937 онд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд гэр бүлийг нь эхнэрийг нь хүүхдийг нь давхар шийтгэсэн ийм түүхийг давтах учиргүй.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар:
-Эрүүгийн хуулийн 7-гийн 5 дахь хэсэгт хөрөнгө орлогыг хураах, албадлагын арга хэмжээг хуульчилж өгсөн. Гэмт хэрэг үйлдэж орлого олсон, эсвэл бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр албадлагын арга хэмжээг авдаг. АТГ 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 2022 онд хоёр их наяд төгрөгийн хөрөнгийг нөхөн төлүүлсэн. 2023 онд өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Хохирлын хэмжээг барагдуулахтай холбоотойгоор тодорхой хэмжээний хөрөнгүүдийг хамгаалах буюу битүүмжлэх ажиллагааг зохион байгуулсан байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Хууль зүйн сайд аа, бид аль ч түвшиндээ нэг зүйлийг зоригтой ярьж сурах хэрэгтэй. Буруутай хүн бол хариуцлага хүлээнэ, заавал, гарцаагүй хүлээнэ гэсэн мессежийн хатуу өгөх нь чухал байна. Соёл иргэншилтэй улс хууль дээдлэх зарчмаа барих хэрэгтэй. Буруутай хүн л хариуцлагаа хүлээнэ. Түүнээс биш өшөө авах процесс биш. Иргэдийн дунд бухимдал нэлээд байгаа учраас иргэдээс ийм асуулт ирээд байна. Сүүлдээ энэ бухимдал хорсол болж хувираад яг та бүхний ярьж байгаа шиг огт хамаагүй хүмүүс руу хамаатуулж нялзайх гээд байх вий дээ. Дараагийн иргэн Оюунтуяа “Авлигатай тэмцэх индекс яагаад ухарчихав. МАН олон жил засгийн эрх барьлаа. Авлигатай тэмцсэн биш дэмжчихсэн юм биш үү” гэсэн асуултыг D-parliamеnt-аар дамжуулан ирүүлжээ. Энэ асуудалд хариулж өгнө үү.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-АН-ынхан ч сая авлигын индексийн асуудлыг хөндлөө. Манай үед 77 байсан танай үед 78 болчихлоо. Танай намынхан муу авлигачид гээд байна. Бидний зорилго бол авлигагүй нийгмийн төлөө, авлигагүй төрийн төлөө байх юм. Түүнээс биш хэдэн байраар урагшлах тухай бие биенээ хуурсан тийм зорилго байхгүй. 77-д жагсаж байсан гээд байгаа тэр үед чинь нүүрсний хэргүүд гарсан байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий пропурор, хууль зүйн сайд нь Дорлигжав байхад нүүрсний олон хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан байна. Хэрэв тэр үед нүүрсний хэргээ илчилж авлигын эсрэг байсан бол өнөөдрийн үр дагавар ямар байхыг үгүйсгэхгүй. Одоо тэр үед хаагдсан гээд байгаа 10 орчим нүүрсний хэргийг бүгдийг нь сэргээн шалгаж байна. Тэр үед хариуцлага тооцох байтугай хаацайлаад өнгөрдөг байжээ. Одоо бол олон хүний нэр ус зарлагдаж, олон нийт бухимдалтай байгаа. Гэхдээ нуухгүй байгаа. Муугаа нуухыг хүсэхгүй, муугаасаа салахыг хүсч байна. Энэ бол ардчилсан тогтолцооны давуу тал шүү. Бид улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн холбогдсон ял шийтгэлийн бодлогыг өөрчилж байгаа. Яг бодитоор харвал өнөөдрийн төрийн алба, улс төрийн ертөнцөд хэдэн жилийн өмнөх шиг нийлээд хулгай хийчихье, хуйвалдчихъя гэдэг зүйл лав энэ төрийн ордноос эхлээд байхгүй болж байгаа гэж хардаг шүү. Одоо бүх зүйл ил болж, сайн цаг наашилж байна. Шинэ үе ирж байна. Шинэ үеийг аргалах хаацайлах тэднээс нуух аргагүй болсон. Ард түмэн сэрсэн. Хууль хяналтын байгууллагад Б.Хурц мэтийн нөхдүүд хууль бус ажил хийж, тэрийгээ хулгайч нөхдийг төмсөгдөх, авлигадах байдлаар эрх мэдэл албан тушаалд хүрч, хөрөнгөждөг байдал хууль хяналтын байгууллагынханд байхгүй болсон. Тийм учраас би мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалдаг байдлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа юм. Тийм учраас би хүнийг цагдан хорьдог, баривчилдаг явдлыг 100 хувь шүүхийн хяналтад явуулах хуулийн төсөл хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. Энэ бүхэн цогцоороо улс төрийн манлайлал бөгөөд бид баталж байж, хамтын үр дүн гарах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Хууль зүйн сайдын ярьж байгаа зүйлд бас нэг логик байгаа шүү. Гадны байгууллагын энэ тоо баримт авлигын индекс бидэнд ажлаа хийх чиг баримжаа гаргаж өгч байгаагаас биш тэдэнд гоё харагдаж, тэдний төлөө амьдраад байгаа юм шиг ийм логик байж болохгүй. Бид ерөөсөө л авлигагүй болохын төлөө л ажиллах хэрэгтэй. Түүнээс биш байр эзлэх гээд зүтгээд байх нь утгагүй. D-parliamеnt-аар дамжуулан иргэн Батмөнх ногоон автобусны хэргийн талаар асуусан байна. Нийтийн тээвэртэй холбоотой авлигын асуудлыг хэр гүнзгий шалгаж байна вэ гэжээ. Төрийн худалдан авалтыг багасгахад ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ асуултад хариулж өгнө үү.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хориглодог.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хүрээний бузрыг ярьвал дуусахгүй л дээ. Энэ мэдээллийг сонсоход тэгнэ ингэнэ гээд л ирээдүй цагийн юм яриад байх юм. Уг нь нэг нам хэт олонх болоод найман жил болсон. Энэ бол авлигын асуудлыг сайжруулахаар бол сайжруулах цаг хугацаа. Гэтэл өнөөдөр тэгнэ ингэ л гээд байх юм. 2016 оноос хойшхи нэг тэрбум ам.долларын концессын гэрээний хэрэг юу болж дууссан бэ. ЖДҮ 50 тэрбумын хэрэг юу болов. Ямар хариуцлага тооцсон бэ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 400 тэрбум, Чингис хаан банкны хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, цар тахлын үеийн тайлан яасан бэ. 44 их наядын нүүрсний хэрэг юу болов.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Өнгөрсөн лхагва гарагт нүүрсний хяналтын түр хороо хуралдсан. Ашиг сонирхлын зөрчилтэй зарим шинжээч нарыг солих асуудал яригдсан. Гэтэл манай Т.Доржханд гишүүнээс эхлээд солихгүй гэдэг санал өгөөд байдаг. Камерын өмнө нэг юм яриад камерын ард, түр хороон дээрээ энэ шинжээчийг явуулахгүй, эсвэл би нэг шинжээч оруулъя гэж яриад байдаг. Хяналт шалгалтын хуульд зааснаар бол хянагч, шалгагч шинжээч нар улс төрийн албан тушаалтан байж болохгүй гээд заачихсан байгаа. Гэтэл албан тушаалтан оруулах гээд тайлбар ойлгохгүй байна. Түр хорооны даргын хувьд ямар нэгэн дарга цэрэг, нам намчирхал ярихгүйгээр хулгайчдаас авлигачдаасаа салъя гээд хэлээд байхад нам дамжсан байдлаар саад болж байгаа асуудал байна. Нам дамнасан асуудлаар шүү. Эсвэл нүүрсчиддээ барьцаалагдсан, намаа хуралдагдчихсан байгаад байдаг юм уу. Түр хороо хуралдах ирц ч бүрдүүлэхгүй байна. Хяналт, шалгалтын ажилд нэг өдөр нэг цаг ч үнэтэй байна. Түр хорооны зарим гишүүдийг ойлгохгүй байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар юу ч нуухийг хүсэхгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд авлигатай хийх тэмцэл дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээд авлигын хэрэгт холбогдсон бол өршөөхгүй, бүх насаар нь хорих хуулийн заалтыг ямар Ерөнхий сайд УИХ-д оруулж ирж батлуулж байсан юм. Авлигачдыг хугацаанаас нь өмнө нь суллахгүй гэдэг хуулийн төслийг мөн оруулж ирээд байна. Сүүлийн үед шүүхийн анхан шатнаас гаргаж байгаа зарим шийдвэр ард иргэдийг босгох нь байна шүү. Том том дүнтэй авлига албан тушаалын хэргүүдийг хэдэн төгрөгөөр торгосон болоод толгойг нь илээд явуулаад байгаа. 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан Хөдөлмөрийн баатрыг 20 саяар торгодог шүүх гэж юу байх юм. Тийм учраас ард түмний итгэл нурахад энэ шийдвэрүүд нөлөөлөөд байна. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийг мөн удахгүй хэлэлцэнэ. Шүүхийн асуудал дээр цогц арга хэмжээ авахгүй бол асуудал нь арилахгүй юм билээ. Яагаад гэхээр шүүхийн мафи маш гүн байна. Нүүрсний зарим хэрэг олон жилийн өмнө илэрсэн мөртлөө хаагдчихсан. Үүнийг хэн хийх үү. Үүнийг эрх мэдэлтэй сүлжээ хийнэ. Эрх мэдэлгүй бол хийхгүй. Тийм учраас Засгийн газрын энэ тэмцлийг парламент дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)