4.3 их наядын хуримтлалтай Ирээдүй өв санг корпорацид шилжүүлнэ

4.3 их наядын хуримтлалтай Ирээдүй өв санг корпорацид шилжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2.7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна гэв.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж заасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1.3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаарч байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны  арванхоёрдугаар сарын 31-н гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.

Мөн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Улсын Их Хурлын тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын дарга чуулганд мэдээлэл хийх үүрэгтэй нэг асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх мэдэлд шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх бүхий байгууллагаараа дамжуулж энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Эдгээр хуулийн дагуу аравдугаар сарын 27-ны өдөр D-Parliament цахим системд шинээр нээгдсэн өргөдлийн хэсэгт нийтдээ 489 санал ирж, үүний 50 хувь нь НӨАТ-тай холбоотой байна.  Мөн албан бичгээр Худалдаа аж үйлдвэрийн танхим зэргээс олон давтамжтай ирсэн учир D-Parliament цахим системд НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох талаар санал асуулга тавьсан. Үүнийг зургаа хүрэхгүй хоногт 104 мянга гаруй хүн дэмжсэн.  Энэ бол Монголын парламентын түүхэнд ард иргэд анх удаа цахимаар оролцож байгаа үйл явдал” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ