Т.Бадамжунайгийн хэрэг бас л шүүх дээр “гацах” уу?!

Т.Бадамжунайгийн хэрэг бас л шүүх дээр “гацах” уу?!

Ажиглаад байх нээ, манай шүүх өөрөө л болдоггүй аж. Кинон дээр “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг шиг нэр төр, итгэл даах чадвараа өөрсдөө алддаг бололтой юм. Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногт Б.Махбалыг сулласан тогтоолыг давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцлийн дагуу хүчингүй болголоо.

Хэдийгээр Б.Махбал гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн ч түүнийг сулласан үйл явц нь хуулийн дагуу хийгдсэн байгаа юм. Шүүх ингэж шийдвэрээ эргэн өөрчилдөг болсон уу. Ер нь энэ хэр зэрэг хулуь ёсны хийгээд шударга үйлдэл вэ. Ойлгохгүй хүн олон байна. Гайхацгааж байна. Хэрвээ шударга үйлдэл бол үүгээр далимдуулаад шүүх өмнөх алдаагаа засах хэрэгтэй юм. Хамгийн дуулиантай жишээ гэхэд “...Сангийн сайд асан С.Баярцогтын асуудал юу болоод өнгөрөв өө” гээд л яриад удаж байна. Шүүх энэ талаар ам ангайдаггүй. Гэтэл өнгөрсөн долоо хоногт чуулган дээр хүртэл яригдаад авна лээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “...Сая тойргоороо явлаа. С.Баярцогтын шүүхийн шийдвэрийг иргэд ярьж байна. Баялгаа эх орноо худалдсан хүнийг цайруулж байна гээд иргэд шүүхэд итгэхгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр шүүх үүнд тайлбар хийх ёстой. Хэрвээ энэ нь хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраас эхлээд яг энэ зарчмаар сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан хүмүүст боломж олгох хэрэгтэй. Үүнээс гадна бас нэг дуулиан шуугиантай хэрэг шүүхийн тусламжтайгаар “түдгэлзэх” мэдээлэл яригдах болов. “...Сайд асан Т.Бадамжунайгийн биеийг сайжиртал хэргийг нь түдгэлзүүлнэ” гээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайгийн хэрэг бас л шүүх дээр “гацна” гэсэн үг. Дагаад “Нийслэлийн газрын наймаа”-ны хэрэг ч “түдгэлзэх” тал руугаа орно.

Ер нь ч тэгээд нүүрснээс эхлээд том хулгайд холбогдсон хүмүүс “...Яаж ийгээд 2024 сонгууль давтал хэргээ барина” гээд гүйлдээд эхэлсэн байна. Гараад явсан нь тэндээ байж, амжаагүй нь гарч явах талаар ярьж байгаа мэдээлэл ч байгаа юм. Тэр утгаараа, шүүхийн энэ үйлдэл нь бидний ойлголтоор “дабл стандарт”, хуулийн хэллэгээр “...Selective justice буюу алагчилсан шударга ёс” тогтоож буй хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ