Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль”-аар ажиллах уу?!

Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль”-аар ажиллах уу?!

Б.ДАМДИН

 

Сонгууль дөхсөн. Улстөрчдийн хувьд эгзэгтэй үе эхэлсэн. Нарийн ухаан, торгон мэдрэмжээр ажиллах цаг ирсэн. Яг ийм үед улс төрийн дэвжээнд дахин зодоглож магадгүй байгаа Спортын сайд Б.Бат-Эрдэнэ сэм сэмхэн барьц алдсаар байгаа л харагдана. Хэд хоногийн өмнө түүний Оросын Элчинтэй уулзсаны дараа нийтлэлч Баабар тун эвгүйгээр “жиргэсэн” харагдав. Тэрбээр “Олимпын сайд, аварга Орос Элчинтэй уулзаж, орос тамирчдыг худалдаж авах гэрээ хийжээ Улсаа хэрэгт оруулав аа. Хэдэн буриад, тува, халимагийг эхлээд хувь хүмүүстэй нь сэм тохирон Монголын харъяат болгоно уу гэхээс дэлхий даяар зарладаггүй юм” гэсэн байв. Жиргээний зарим эвгүй үгийг хасаж хүргэв. Энэ яриа нийтийн ам дамжиж дуусаагүй байхад аваргын тухай ахиад нэг эвгүй хөдөлгөөний сураг гарав. Тэрбээр “..МОNADA-г татан буулгах нь зөв юм байна” гээд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар зэхэж байгаа цуу таржээ. Сонссон хүмүүс нь “...Аварга арай үгүй байлгүй дээ” л гэж байна. Хэрвээ тэр МОNADA-г татан буулгах талаар бодитойгоор яриад унавал Баабар байтугайд л баалуулна даа. Яагаад гэхээр Монгол Улс дэлхийн шившиг болно. Уг нь Спортын сайд Б.Бат-Эрдэнэ допингийн шинжилгээний наадах цаадах, МОNADA-гийн ил, далд бүгдийг мэдэх ёстой хүн байгаа юм. Допингийн шинжилгээ өгнө, авна гэдэг бол дэлхийн дүрмээр хийгддэг процесс гэдгийг тэр л мэдэх учиртай. Их спортын тамирчдын хувьд өглөөний цай уухтай л адил заавал байдаг шалгуур нь шүү дээ. Тодруулбал, Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA гэж бий. Түүний зааварчилгаагаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага буюу МОNADA ажилладаг. Энэ байгууллагыг Монгол Улс  2007 онд ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаас гаргасан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдсэнээр байгуулжээ. Тэр утгаараа МОNADA нь Монгол Улсын нэгдсэн Олон улсын хууль, конвенц, коде, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдамж, зөвлөмжийн дагуу л үүргээ  хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг. Гэтэл БТСУХ нь МОNADA-гаа болж өгвөл байхгүй болгочих санаатай юм даг уу даа. Ингэхдээ Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолоор 2020 онд БСШУСЯ-тай байгуулсан гэрээгээр дөрөөлөхийг оролджээ. Уг нь тэр гэрээ хэрэгжсэнээр  манай тамирчдын олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэж, мөн гаргасан амжилт нь баталгаажсан. Ийм үр дүн сайтай, амжилттай өндөрлөсөн байгаа юм. Гэтэл тэд мушгин гуйвуулж, матаж, гүтгэх зэргээр МОNADA-гийн үйлийг үзсэн байдаг. Тамын тогооны үлгэр шахуу л юм болж. Яаж гэхээр, дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг өгөх хугацаа болоход спортын асуудал  яаманд харьяалагдахаа больсон байв. Тиймээс ЗГХЭГ-аас асууж сураглаж байгаад 2021 онд БТСУХ-нд хүлээлгэн өгчээ. Тэр тайлан нь санхүүгийн олон улсын стандартын хүрээнд, хууль дүрмийн дагуу хийгдэж, санхүүгийн хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулсан эд шүү дээ. Гэтэл БТСУХ “...Хүлээн авахгүй” гэсэн байдаг. Тэр үед л БТСУХ-ны удирдлагад байдаг хэдхэн хүн WADA-гийн салбар гэж болох МОNADA руу халдаж эхэлсэн байдаг юм байна лээ. Өөрсдөө “...Тайлан хүлээж авахгүй” гэсэн атлаа цаагуураа “...МОNADA нь төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй. Мэдээ тайлангаа өгдөггүй” гэж матна. Ингэж зохиосон матаасаа албан тоотоор хүргүүлж байсан нь баригдсан аж. Тэр ч байтугай БТСУХ нь Токиогийн олимп болон Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдын 2021, 2022 онд хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг 2023 оны наймдугаар сарын сүүлч хүртэл шилжүүлээгүй явж ирсэн. Тэрийг төлөх үүрэг нь БТСУХ-ных гэсэн үг. Гэтэл үүнийхээ буруутнаар МОNADA-г нэрлэж “...МОNADA допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар төлсөнгүй. Үүнээс болоод тамирчид хохирч байна. Улс орон цагаан тугийн дор тэмцээнд орохоор боллоо” гэх мэтийн цуу тараасаар ирсэн. Ер нь балласан даа. Мөн БТСУХ-ны даргын хүсэлтээр ҮАГ-аас МОNADA-г хагас жил гаруй шалгасан байна. Тэгэхэд нь санхүүгийн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал илэрсэнгүй. МОNADA -ийн Допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зардал нь ямар нэгэн зөрчилгүйгээр 2021 ондоо Засгийн газар, Сангийн яаманд хаагдсан байдаг. Ингээд байхад л  БТСУХ-ныхон “Тайлан хүлээж авахгүй” гэчихээд  “Тайлан өгдөггүй. Төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй. Санхүүгийн их зөрчилтэй. Жил бүр улсаас төсөв авч хяналтгүй зарцуулдаг” гэх мэтийн матаасаа үргэлжлүүлсээр байгаад WADA-гийн ажлын хэсгийг “уриад” авчирчихсан байдаг. WADA-гийн ажлын хэсэг 2022 оны наймдугаар сард ирж ажиллачихаад “...МОNADA нь  конвенц, код, Олон улсын стандарт, ДДЭА-ийн заавар зөвлөмжийн  дагуу үүргээ гүйцэтгэсэн байна” гэж дүгнэчихээд буцсан. Харин БТСУХ-г “Монголын тамирчдын 2021, 2022 онуудын допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг нэн яаралтай төлж, үүргээ биелүүлэн ажиллах шаардлагатай байна” гэчихээд явсан. Ингэж шахуулсны дүнд л БТСУХ шигшээ багийн тамирчдын 2021, 2022 оны допингийн шинжилгээний төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Ийм л учир жанцан допингийн байгууллага тойроод яваад байна даа. Энэ ерөөсөө Жунглийн хууль гэдэг шиг манайхны нэг “соёл”-той холбоотой. Бүх зүйлийг “монголчлох” гээд үзчихдэг. Монголдоо ойлгодог. Дэлхий гайхдаг. Допингийн асуудлаар ч тэгж мэдэхээр л болоод байна.

Товчхондоо "Жоомоо алах гээд байшингаа шатаадаг" үлгэр болчих вий. Нөгөөтэйгүүр, тэрбээр өнгөрсөн зун нутгийнхаа 100 жилийн ойгоор бөхийн дэвжээнээс зодог тайлсан. Харин энэ асуудалд хайнга хандсанаар улс төрийн тавцан дахь карьераа дуусгахвий.

Тиймээс Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль”-аар ажиллах уу гэдэг олны анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ