Дүүргийн Засаг дарга нар “дээрэм” хийгээд эхлэв үү?!

Дүүргийн Засаг дарга нар “дээрэм” хийгээд эхлэв үү?!

“...Чоно борооноор” гэдэг үг яг таарах үйл явдал хотод өрнөж байна. Хот ч гэж, төрд юм л даа. Энэ зун хэд дараалж тохиолдсон үертэй холбоотойгоор эрх баригчид тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болсон. Хамгийн түрүүнд үерийн далан хааж, мөн үерийн хамгаалалтын бүсэд хууль зөрчиж олгосон газар, барьсан барилгын “учрыг олох”-оор болсон.

Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаар Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Тус тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулна. Үүнтэй хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй цуг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Түүнчлэн  дээрх хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгасан юм.

Харин тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Бас наймдугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Сэлбэ, Дунд голын дагуу нийт 50.6 км урттай, 534 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар холбогдох байгууллагуудаас санал авсныг хэлэлцсэн. Энэ дэмжигдэж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

За тэгвэл, эдгээр тогтоол шийдвэрийг Газрын алба, дүүргийн Засаг дарга нар буруу ойлгосон уу, дутуу уншсан уу, янз бүрийн нугалаа гаргаад эхэлжээ.

Нийслэлийн Газрын алба зуслангийн 26 бүсэд дахин төлөлвлөлт хийсэн гэнэ. Энэ дагуу зарим дүүргийн ЗДТГ-тай хамтран арга хэмжээ авч эхэлжээ. Уг нь түүгээр бол ойн сан бүхий газрын орц, гарцыг шийдэж, явган аялах, авто машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм байна. Гэтэл зарим дүүргийн Засаг дарга иргэдийн зуслангийн газрыг бөөн бөөнөөр нь цуцлах шийдвэр гаргаад эхэлжээ. Цуцлахдаа “...Хоёр жил ашиглаагүй” гээд хашаатай газруудыг хураан авч байгаа нь асуудлын гол болж буй аж. Уг нь зуслангийн газар, үерийн бүс дэх хорооллуудын газар бол тэс өөр. Зуслангийн газар бол иргэдийнх байдаг. Яг үнэндээ иргэд зуслангийнхаа газрыг боломж бололцооныхоо хэрээр ашигладаг. Зөвшөөрөл авсан газартаа эхлээд хашаа барина. Тэгээд боломж гарахаараа байшин эхлүүлнэ. Том компаниуд шиг нэг хоёрхон зун овойтол байшин барилга барих боломж иргэдэд байхгүй. Үүнийг нь дарга нар том жижиггүй мэднэ. Гэсэн ч зуслангийн газрыг хураах ажиллагаа нь дээрэм гэсэн ч болохоор үйлдэл болж харагдаж байна. Дүүргийн Засаг дарга нар наадмын өмнө баахан зуслангийн газрын зөвшөөрлийг цуцалжээ. Энэ талаараа эзэмшигчид нь наймдугаар сар гарсан хойно мэдэгдэж байх жишээтэй. Эзэмшигчид нь сар гаруйн дараа мэдэж байна гэсэн үг. 

Магадгүй, дүүрэг бүр дээр шинээр олгох газрын нөөц багассан, заримд нь дууссан гэдэг. Тэгэхээр ийм байдлаар газар гаргаж авч байж болох юм. Албан тушаалтнуудын хувьд "Газар бол мөнгө" шүү дээ.

Яг үнэндээ иргэд үерийн бүсийг “цэвэрлэх”, даланг хамгаалах ажлыг бол дэмжсэн. Харин ингэж зуслангийн газраа “дээрэмдүүлэх”-ийг бол эсэргүүцэж байна. Ер нь бол Засгийн газраас дүүргийн дарга нарын газар шинээр олгохыг хориглосон. Харин цуцлах нь нээлттэй. Гэтэл Дүүргийн Засаг дарга нартай холбоотой ийм гомдол илтэд нэмэгдээд эхэллээ. Тиймээс Засгийн газрын тогтоолд “...Газар шинээр олгохыг, бас цуцлахыг хориглох” талаар нэмж оруулах шаардлага ч үүсэж мэдэхээр болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ