Ц.Элбэгдорж: Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг

Ц.Элбэгдорж: Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг зохион байгууллаа. “Зангиагүй уулзалт”-ыг тоймлон хүргэж байна.

Ц.Нямдоржид “Эрдэнэт”-ийг, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй

-Би “Эрдэнэт” үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан, ажилчин байсан хүн. Аравдугаар анги төгсөөд л тус үйлдвэрт ажилтнаар орж байлаа. 1990 онд анх удаа Эрдэнэтээс улс төрийн албанд сонгогдож байсан. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Хатуу хэлэхэд нэг ч төгрөгийн сонирхол байхгүй.

Харин тус үйлдвэр цаашаа сайн яваасай гэсэн л сонирхол байна. Гэхдээ Эрдэнэтийн асуудалд төрийн гурван өндөрлөгийн  оролцоо бий гэх яриа гарсан. Би бол гурван томын оролцоо байсан гэдгийг мэдэхгүй байгаа. Надад “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа байгаа юу гэж асуулаа. Надад хувьцаа байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар гарсан өмнөх Сангийн сайдын тушаалыг хууль бус гэх яриа гараад байна.

Тэгэхээр би энэ бүгдийг яриад байгаа хүн болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй гэдгийг хэлмээр байна. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн үйл явдлыг шалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдоржтой хуйвалдсан байдал харагдаад байгаа.

Би наадмын өмнө Үндэсний телевизээр ярилцлага өгч байхдаа “Эрдэнэт” дээр хууль бус ямар нэгэн асуудал байгаа бол шинэ Засгийн газар, УИХ ажлын эхний өдрөөсөө авч хэлэлцээрэй” гэж хэлж байсан. Гэтэл долдугаар сард Сангийн сайд томилогдсон. Өмнөх Сангийн сайдынхаа тушаалыг тухайн үедээ л хүчингүй болгох боломжтой байсан.

Хэрвээ буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан байж магадгүй гээд байна гэхээр хууль бус зүйл хийхэд бололцоо олгосон байгаа юм. Тэд зүгээр л цаг хүйтрэхийг, улс төрийн улирал халахыг, аравдугаар сар эхлэхийг хүлээсэн байна. Тэгээд Ц.Нямдоржийг мэдэгдэл хийхэд ажлын хэсгийн ахлагч нь материал цуглуулж өгөх ажил хийсэн байх нь. Цуглуулсан материал нь юу байсан гэдгийг та бүхэн бүгд сонссон. Эхнээсээ няцаагдаад явж байна. Тэгэхээр энэ бол цэвэр улс төр. Ер нь улс төрийн болон улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Т

ухайлбал, “Би сүхэн дор толгойгоо тавьж байна, мафи гарлаа, сүүлчийн цамцаа урагдтал би тэмцэнэ, надад МАН, Засгийн газар ямар ч хамаагүй” гэх мэтээр сүржин мэдэгдэл хийсэн. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л хувийн эрх ашиг хөөцөлдсөн, дээд талынхаа суудал руу мяраасан мэдэгдэл хийлээ.

Хойд хөршдөө баярлалаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Монголд ирлээ. Тиймээс ч ОХУ-ын байр суурь ямар байгаа талаар сонирхож байх шиг байна. Бид чинь хоёр том хөрштэй. Гэтэл оросууд ингээд “Эрдэнэт”-ийг монголчуудад 49 хувийг өгч байгаа нь стратегийн сонирхлоосоо татгалзаж байгаа юм биш биз гэсэн зүйлийг яриад байна. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путинээс Шанхайн хамтын ажиллагааны дээд төвшний уулзалтад оролцож байхдаа би шууд асууж байсан.

Тэгэхэд Ерөнхийлөгч Путин надад “Өө энэ асуудлыг би мэдэж байгаа. Монголчууд өөрсдөө энэ үйлдвэрээ аваад явж чадна гэдэгт би итгэж байгаа” гэж хэлсэн. Ер нь ингэж асуудлыг шийдэж байгаа нь хоёр орны дээд төвшний харилцан итгэлцэл хамгийн сайн үедээ байгааг харуулж байгаа юм. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев сая АСЕМ-ын уулзалтад ирсэн.

Тухайн үед энэ асуудал хөндөгдөхөд “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажил­лах боломж үүгээр нээг­дэж байна гэж харж байгаа” гэж хэлж байсан. Нөгөө их өрийн гээд яригдаад байдаг асуудлын сүүлчийн төлбөр 2016 оны эхний улиралд шийдэгдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр Монгол Улс санхүүгийн, дэд бүтцийн, уул уурхайн, эдийн засгийн, хүмүүнлэгийн, хөрөнгө оруулалтын салбарт хойд хөрштэйгөө ажиллах бүрэн боломж бий. Улс төрийн хувьд манай хоёр орны харилцаа хамгийн өндөр дээд төвшинд байна.

Ер нь бид ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн дум, холбооны зөвлөлд ажиллаж байгаа хүмүүст болон хойд хөршдөө баярлалаа гэж хэлэх ёстой. Бидэнд итгэж, хамтран ажиллаж, хамтын ажиллагааны шинэ боломжууд байгаа гэж харж байгаад баярлах ёстой юм.

Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Бүх яамд, салбарын төвшинд хамтарч ажиллах байх, өмнөх уламжлалаа үргэлжлүүлэх байх гэж харж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай 10 гаруй удаа уулзсан. Өмнөх түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол бий.

Харилцаа өндөр төвшинд хүрсэн, хойд хөршийн удирдагчид хоёр орны харилцаа ямар чухал юм бэ гэж үздэгийн илэрхийлэл. Хоёр орны хооронд иргэд визгүй зорчдог болоод хоёр жил болж байна. Урагшаа явсаар нэг хотыг манай иргэд хөгжүүлсэн гэж ярьдаг. Хойд хөршийн маш олон иргэн Монголд орж ирдэг болсон, тэндээс хамтын ажил­лагаа эхэлж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоо­ронд харилцаа эрчимтэй явж бай­гаа. Хоёр хөршийнхөө тө­рийн тэргүүнтэй яагаад уул­заж болдоггүй юм бэ гэж са­нал гаргаад уулздаг болсон.

Гур­ван улс оролцоод 36 төсөл хэрэг­жүүлэх боломжтой гэж жаг­саалт гаргасан. Ойлголцсон жаг­саалт. Нэг зүйлийг би хүсэж байсан, төмөр замыг хос болго­чих юмсан гэж. Урд хөрш маш том үйлдвэрлэгч. Орос, Хятадын хооронд бүх ачаа бараа Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцлийг бий бол­гох­сон гэж ажилласан. Цаашаа энэ ажил хийгдэх байх гэж итгэж байгаа.

Төрийн албан хаагчид өглөө бүхэн ажилдаа айдастай очиж байна

Хамгийн гол зүйл нь Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрлөө. Б.Чойжилсүрэн болон Ц.Нямдорж юу хийв. Уг нь Сангийн сайдын хувь хамгийн гол асуудлыг оруулж ирээд, шийдүүлсэн байх ёстой байсан. Гэтэл өнөөдөр ярих юм юу ч байхгүй. Ярих гэхээр л зогсоосон, хассан, боосон, танасан зүйл байхаас бүтээсэн зүйл нэг ч байхгүй байна.

Тиймээс юу ч хийгээгүй учир хүмүүсийн анхаарлыг энэ асуудлаас холдуулах гэж “Эрдэнэт”-ийг яриад байгаа юм. Тухайлбал, 70 жил, дээр нь нээлттэй нийгэмд шилжсэн 26 жил Монголын ард түмний хөлс, цус, нулимсаар туршигдсан хар тогтолцоог халах гэж баталсан Эрүүгийн болон Зөрчлийн таван хуулийг оруулж ирсэн байсан. УИХ нь баталчихсан Монголын ард түмний нурууг тэнийлгэх таван хуулийг буцаагаад хаячихсан.

Хэрвээ Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг яриагүй бол эхний сэтгүүлч уулзаад л “Баталчихсан байсан таван хуулийг яагаад буцаачихсан юм. Та өмнө нь Хууль зүйн сайд байсан хүн” гээд л асуух байсан. Тэгвэл Ц.Нямдорж “Одоо сонгогчид надтай уулзахад би “Эрдэнэт”-ийн аврагчийн дүрээр харагдана” гэж л тооцсон.

Гэтэл эд нартай ярих, нэхэх олон зүйл байгаа. 36 сарын тэтгэмж, хүүхэд харах үйлчилгээ, ахмадуудын асуудал, төрийн албан хаагчдыг ажлаас халах гээд олон асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс надад ажлаас халж байгаа асуудлыг маш их хэлж, ярьж байгаа. Бүр төрийн албан хаагчид гасалж байна. Өглөө бүхэн ажилдаа айдастай очиж байна.

Учир нь “чамайг ажлаас халлаа” гэж хэлэх байх гэж айдаг болсон гэнэ. Яагаад ингэж айдастай очиж байна гэхээр бүх хүн машины, байрны зээлтэй байгаа шүү дээ. Бүр коммунист суботник шиг болчихлоо гээд байна. МАН-ынхан энэ асуудал дээр анхаараарай гэж дээд төвшиндөө хэлж байгаа байх.

Зарим газар бүр зөвхөн дарга гэхгүй бүр мэргэжилтэн цэвэрлэгч гээд хэнийг ч голохгүй нэрсийг нь жагсааж байгаад, тэдэн оноос хойш ажилд авсаныг нь гэж хугацаа зааж байгаад толгой дараалан хөөж, явуулаад шахааны хүмүүсийг оруулж ирж байна. Ийм байж болохгүй ээ. МАН-ын зарим удирдлагууд гээд нэрийг нь надад хэлж байсан. Ц.Нямдорж мэдэгдэл хийснээс болсон уу яасан.

Тэр хүний гар, хөл хүрээгүй газар алга боллоо. Энэ нөхрийн шахдаг бүлэглэл банк санхүүгээс эхлээд олон салбарыг бүхэлд нь эзэлчихлээ гэх зэргээр мэдээлэл ирдэг. Уг нь энэ мэт зүйлийг Ц.Нямдоржоос асуух ёстой.
Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Би Б.Чойжилсүрэн сайд томилогдсоны  дараа түүнтэй нэг л удаа уулзсан. Б.Чойжилсүрэн сайд энэ нь ч, тэр нь ч буруу гэж хэлээд зогсоогоод байвал зогсоогоод байж болно. Энэ хүн бүтээн байгуулдаг, барилга барих талдаа сайн.

Харин Сангийн сайдын хувьд ямар хүн бэ. Энэ хүнээс илүү мэргэжлийн хүн буюу сайн Сангийн сайд болох хүн МАН-д байсан уу гэдэг бол асуудал. Шууд хэлэхэд Ц.Нямдоржийн шахаа энэ Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй л юм. Хүмүүс хоорондоо яриад л байгаа. Иймэрхүү маягаар албан тушаалыг хоорондоо хувааж авдаг, хуйвалддаг байдлаар улс төр хийдэг ээ л болих хэрэгтэй. Сонгуулийн өмнөхөөс  амьдрал сайжрав уу гэхээр бүх хүн “бүр дордлоо” гэж байна.

Ийм зүйлээс бултах гэж чанга, чанга мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш ажил хийдэг цаг. Нэгдээд нийлээд ажилламаар байгаа юм. Одоо сонгууль дууссан, нэгдээд нийлээд ажиллая. Хагаралдах үйл явц хангалттай болсон, одоо боллоо. Бие биенээ гутаах оролдлого хангалттай явсан, одоо болио. Богино  хугацаанд нэгдэж, нийлээд ажлаа хийгээд явах юм руу орох ёстой.

Би Э.Бат-Үүлийг баатар болтол нь дэмжсэн цаашид ч дэмжинэ

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гарсанаас хойш хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Тэд хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Ер нь С.Зоригийн хэрэг шүүхийн шат руугаа очиж, шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт надад байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх. Тиймээс би Ерөнхий прокуророос  асууж, тодруулдаг. Э.Бат-Үүлийн хийсэн мэдэгдлийн тухайд “хэлмэгдүүлэх гэж байна, их эвсэл байгуулаа” гээд олон зүйл бий. Ер нь би Э.Бат-Үүлийг үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.

Гэхдээ С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Байх ёсгүй гэдгийг Ерөнхий прокурорт үргэлж хэлж байгаа. Улс төрөөс болоод энэ хэрэг илрэхгүй удсан байх гэж би хардаг. Өөрийн бодол өөртөө л зөв гэдэг. Хүн санал, бодлоо илэрхийлэх, бүрэн эрхтэй.

Би Ерөнхийлөгч болсон цагаас миний ширээн дээр, миний анхааралд өдөр тутам байдаг нэг асуудал бол энэ С.Зоригийн хэрэг. Түүний амийг хөнөөсөн алуурчныг монголчууд мэдэх хэрэгтэй гэж боддог. Энэ хууль хяналтын байгууллага болон тэдний ажилд Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголчууд талархаж ёстой. Энэ ажил нэлээд ахицтай явж байгаа гэдгийг би хэлэе.

“Bank of China”-г оруулж ирэх асуудлыг Үндэсний аюулгүй зөвлөл дээр ярина

Банктай холбоотой асуудлыг чөлөөлөх, хоёр дахь зах зээлийг бий болгох. Хувийн аж ахуйн нэгжүүд нэг хүний өмч байхаа больё, Монголын ард түмэнд хувьцаагаа зар, Засгийн газар, УИХ-ын зүгээс ажлаа хий, хуулиа батал. Засгийн газар төсвөө оруулаад ирдэг, УИХ нь дураараа тэлж байдаг, баталсны дараа дандаа тодотгож байдаг.

Сахилга бат гэдэг юмыг ОУВС-ай хэлэлцээр хийж байгуулахгүй л юм бол эндээс гарахгүй. Одоо энд, тэндээс мөнгө зээлнэ гээд л байна. Ер нь манайд мөнгө зээлж магадгүй, эдний хүсээд байгаа мөнгийг манай өмнөд хөрш л өгч магадгүй. Миний барьж байгаа байр суурь бол энэ талаар ярьж болно. Харин ганцхан өмнөд хөрштэй биш, БНСУ, хойд хөрш, Европоос Герман байж болно.

Тухайлбал, Мексик маш хүнд байдалд орж байгаад, АНУ-тай ярьж байгаад, өөрийн өндөр хүүтэй авсан бондоо АНУ-ын хамгийн бага хүүтэй мөнгөөр солиулан зээл авсан. Тэгээд л эдийн засгаа босгоод ирсэн туршлага байна. Явж, явж байгаад нэг орон дээр тунаж магадгүй. Хөнгөлөлттэй хүүгээр сольж болно. Гэхдээ Олон улсын валютын сангийн хэлэлцээрийн хүрээнд байж болох зүйл юм.  

Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт оролцож байгаа байдал аль ч орноос илүү байгаа. Өмнөд хөрш маань манай хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том банк санхүүгийн салбарт хамтарч ажиллаж байгаа улс. Бид чинь үндэсний аюулгүй байдлын өөрийн гэсэн үзэл баримтлалтай, баримталдаг зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар төвшинд байх эсэхийг боддог улс.

Тэгээд ч Монгол орны байршил маг өвөрмөц. Гэхдээ цаашдаа Монголын ард түмэнд хэрэгтэй зүйлүүд дээр хамтарч ажиллах ёстой. Харин миний байр суурь бол “Bank of China” гэх Хятадын банк Монголд орж ирээд зээл өгөөд, явах шаардлага алга. Аль ч орноос Хятадын санхүүгийн оролцоо Монголд өндөр байна.

Харин ч шаардлагатай өөр орны төвшинг хангачихсан банкны салбар байгаа бол болж байна. Манай санхүү рүү орж ирж байгаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй улс орон байвал оруулах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бид тэнцвэрээ барьж явах шаардлагатай. Сая Ц.Нямдорж мэдэгдэл хийж байхдаа ярьж байсан. Бид “Bank of China”-г оруулж ирэхээр ярьж байгаа гэж байсан. Харин энэ банк оруулж ирэх асуудлыг чинь Үндэсний аюулгүй зөвлөл дээр ярина шүү.

Ерөнхийлөгч ажлаа өгөөд хаачих вэ...

Би яг үнэндээ Монгол Улсын маргааш хийх ажилд л санаа зовж байна. Түүнээс өөрийн ажил, өнгөрсөн үйл явцад миний мөр яаж үлдэх бол гэдэгт огт санаа зовохгүй байгаа. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэх л болно. Монголын улс төрд юу хэрэгтэй болон ямар боломжууд Монголыг тойрч алга болоод байгааг би харж байна.

Би яагаад хүмүүсийн ад болоод байдаг вэ гэхээр хуулийг, эрх чөлөөг өмөөрдөг. Эрх ашгийн асуудал гарч ирэхээр би Монголыг өмөөрдөг. Миний барьдаг хэмжүүр шугам нь тэр. Үүнээс болоод өөрөөр бодож байгаа, тэр хүмүүст, тэр бүлэглэлд ад болдог нь үнэн. Би хэзээ ч хаана ч энэ байдлаараа л байх болно.

Хэрвээ би Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд, Ц.Элбэгдоржийг хуулийнхан шалгах дээрээ тулаад ирэхээр ямар байхыг та нар харж болно. Би нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудахгүй ээ. Хуулийнхан намайг дуудаад “ийм асуудлаар тодруулах зүйл байна” гэхэд нь би зангиагаа зүүгээд, гутлаа өмсөөд очно.

Түүнээс би нэг телевиз тавиад өөрийгөө өмөөрүүлээд явах хүн биш. Би сөрөг хүчний удирдагч байхдаа шалгуулаад, цагаадаад гарч л байсан. Би маш олон асуудлаар хуулийн өмнө очдог. Хуулийнхан асуух ч ёстой. Бүр тэр нь улс төрийн зорилготой байх эсэх нь ч хамаагүй. Байгаа хуулийнхаа дагуу л хуулийнхан ажиллах ёстой.

Би хуулийг өмөөрдөг, хуулийн шударга ажиллаж байгаа хүмүүсийг өмөөрдөг. Хугацаа гэж сайхан юм байх юм. Би 2017 оны долдугаар сарын 10-нд дараагийн Ерөнхийлөгчид хадгаа өгнө. Би Ерөнхийлөгч болж байхдаа УИХ-аар нэг шийдвэр гаргуулчихсан юм. Тодруулбал, долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн ажил солилцдог өдөртэй болох өдрийг бий болгосон. Яг тэр өдрөө би ажлаа өгөөд л энэ ордноос гарна. Хугацаатай юм үнэхээр сайхан юм байна.

Тэр цагаас хойш би та бүхний дунд инээмсэглээд амьдарч чадна. Та бүхэн ч мэдэж л байгаа байх. Би ажилтай, албан тушаалтай байхаасаа ажилгүй, албан тушаалгүй байхад миний рейтинг өндөр байдаг. Би энэ ард түмний төлөө хийх ажил надад олон байна. Би өөрийнхөө албан тушаалыг, өөрийнхөө ах дүү, үр хүүхэддээ зориулан ашиглаж байгаагүй. Тиймээс би ийм зүйлийг л бусдаас нэхдэг. Ёстой эцсийн амьсгалаа хураатал Монголын ард түмний төлөө хийх юм байвал зүтгэж байгаад дуусна. Миний ажил Ерөнхийлөгчийн ажлаар буюу ирэх долдугаар сарын 10-аар дуусахгүй гэдгийг хэлчихье.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.