“Хөшөө” Б.Батзоригийн газрын наймаа иргэдийн тэвчээрийн “утас”-ыг тасалж эхэллээ

“Хөшөө” Б.Батзоригийн газрын наймаа иргэдийн тэвчээрийн “утас”-ыг тасалж эхэллээ

Эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс жирийн ард иргэдийг “номхон тэмээ ноолоход амар” гэдэг нүдээр харж, шүдээр хазаж, дээрэлхсээр ирсэн. Улсаа элгээр нь мөлхүүлж, ард түмнээ амаар нь шороо үмхүүлчихээд, хэдхэн төгрөгөөр хуураад яваад байж болно гэж боддог. Өнгөтэй өөдтэй бүхнийг хамж, газар хувьчлах нэрээр тоглосоор ирсэн. Одоо ч гэсэн тэгж л байгаа. Дарга нар л аль өнгөтэй өөдтэй гэсэн газрыг нь хамж авч зараад, иргэддээ болохоор уулын мухарт алга дарам газрыг сугалаагаар өгч байгаа шүү дээ. Тэгвэл өчигдөр иргэд зүгээр нэг дээрэлхүүлээд, өр рүүгээ өшиглүүлээд сууж байхгүй гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

Тэр нь иргэн Б.Батдэлгэр гэгч эмэгтэй Төрийн ордны гадна  “Газрын наймаачин луйварчин УИХ-ын гишүүн Б.Батзориг намайг үхэлд хүргэв” бичиг хүзүүндээ зүүж, притка бариад зогссон явдал. Болохгүй бол амиа хорлоод ч болов хууль бус зүйлтэй, эрх мэдлээ хэтрүүлсэн дарга нартай тэмцэх гэж байна, ард түмэн. Энэ чинь одоо юу болж байна аа. Ходоодоор нь хуурч болно гэж бодсон иргэдийн чинь тархи нь ажиллаж байна. Ажиллах ажиллахдаа тэмцлийн хурц хэлбэрийг шууд сонгох гэж байна шүү дээ.

Эрх баригчид аа, юу бодож сууна аа. Энэ хэргийн гол буруутан болох УИХ-ын гишүүн Б.Батзориг ингээд л албан тушаалын шат ахиад, эрх дарх нь нэмэгдээд л яваад байх уу. Нөгөө сайхан шударга ёс, иргэдээ бодно гээд байсан чинь яав. Шалгах ёстой газар нь шалгаад, шалтгаан байвал хариуцлага тооцож болдоггүй юм уу.

Уг нь иргэн УИХ-ын гишүүн Б.Батзоригтой уулзах хүсэлт тавьсан юм билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл түүнийг хүн байна гэж ч тоож авч үзээгүй байна. Ядаж байхад энэ асуудал нь нэг хүнийх ч биш хэдэн зуун иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж иргэн Б.Батдэлгэр мэдэгдээд байгаа.

Өнөөдөр ганц хүн ордны гадна зогсч байна. Цагдаад нар нь ирээд бариад явдаг юм байна. Маргааш, нөгөө хэдэн зуун хүн дарга нараас хариуцлага нэхвэл яах вэ. Б.Батзориг гишүүн балгаа баллуурдаж, засаагүйгээр барахгүй, Төрийн ордонд томорч суусны гайг хэн засах юм. Өнөөдөр нам эвсэл гэж нэгнээ хаацайлах биш, шаардлагатай бол хариуцлага нэхэх л ёстой. УИХ, МАН-ын  дарга М.Энхболд энэ асуудалд анхаарал хандуулж, иргэдээ жаахан ч болов өмөөрмөөр байна. Ер нь Б.Батзориг гэдэг хүний тарьсан балаг үүгээр дуусахгүй шүү дээ.

Өмнө нь бас л газрын асуудлаас үүдэлтэй Баянзүрх дүүргийн иргэн Г.Базарсүрэн, Л.Тунгалаг нар шүүх дээрээ тулж л байсан. Эцэстээ нэг нь хохироод л үлдсэн. Баримттайгаа цахим сайтуудаар дүүрэн байгаа, энэ мэдээлэл.  Ерөөсөө Баянзүрх дүүргийн иргэд түүний хийсэн газрын наймааны балгийг даахаа болиод, тэвчээрийнх нь “утас” тасарч эхэлжээ гэж дүгнэж болохоор байна.

Дээрээс нь өнөөдөр хүртэл энэ хүнээс “хөшөө” тодотгол нь зүүгдээстэй л яваа. Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэдэн хөшөө барьснаас өөр юм бараг хийгээгүй гээд хэлчихвэл холуур зөрсөн болохгүй дээ. Ер нь өнөөдөр хамгийн хөгжил муутай дүүргийг нэрлэ гэвэл Баянзүрх л аманд орж ирнэ.

Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуульгүй хорооныхоо тоогоор бараг л тэргүүлж яваа байх. Саяхан л тийм байсан юмдаг. Сонгинохайрхан аргагүй их хүн амтай болохоор дөхөж очдог нь хаашаа юм гэхээс. Гэтэл энэ нөхөр сургууль, цэцэрлэг барихын оронд хөшөө босгоод л явж байж. Бодвол хөшөө барьж, мөнгө олдог байсан юм байгаа биз. 2012 оны гуравдугаар сарын сүүлчээр түүнийг АТГ-аас шалгаж байсан билээ.

Тэр үед түүнийг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ч.Бат-Эрдэнэ тухайн үедээ хөшөөний асуудлыг маш нарийн ярьж байсан байгаа юм. Тэрбээр “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөг 350 сая төгрөгөөр бариулсан гэсэн. Гэтэл хоёр метр өндөртэй бурхан багшийг 30 сая төгрөгөөр бүтээдэг юм байна. Тэр хөшөөг бүтээсэн багийнхнаас “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөг хэдэн төгрөгөөр бүтээх талаар асуухад дээд тал нь 30 сая төгрөг болно гэдгийг баталсан.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар ерөөсөө л арматур зангидаад, дээр нь шавар цутгаад өнгөлчихдөг юм байна. Бүр нурдаггүй герман шавар байдаг гэнэ” хэмээн ярьсан байдаг.  Мөн Амгалангийн тойрогт барьсан цагаан арслан, банхарын хөшөө байна. Тэрбумаар барьсан гээд л шуугиад байдаг. Яах вэ өөрөө болохоор тэрбумаар бариагүй гэж хэлсэн. 100 асуулт 100 хариултад оролцохдоо шүү дээ. Гэхдээ тэр хөшөөг барьснаас хойш Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн гаралт, нялхсын эндэгдэл буурсан гээд хээв нэг ярьж байгаа хүнийг одоо юу гэж ойлгох вэ.

Ийм л нөхдүүд өнөөдөр Монголын төрийг атгалцаж байна шүү дээ. Тэгээд өмнө нь тарьсан балаг нь одоо ч арилахгүй, нэг иргэн хоолойгоо хэрчинэ гээд л байж байна. Өнөөх “үхэр” мэтээр хараад байгаа иргэд чинь одоо та нараас хариуцлага нэхээд эхэллээ дээ. Цаашдаа ч Баянзүрхийнхэн олноороо хариуцлага нэхэх байх.  Тэр болгонд цагдаа ирж баривчлаад байх уу, эсвэл тарьсан балгаа засах уу гэдэг сонголт үлдэнэ. Уг нь “хөшөө” Б.Батзориг гишүүн хийсэн газрын наймааныхаа балгийг эртхэн засчихвал зүгээрсэн дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.