УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, “2016 оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлснийг харьцуулахад энэ үйлдвэр яаж ажиллаж байгаа нь харагдаж байна” гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл энэхүү асуудлаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам зэрэг албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэлтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хариулт нэхсэн олон асуулт яригдаад байна. Тиймээс ч маш олон хэвлэл мэдээллийн байгууллагаас эдгээр асуултуудад “хариулт өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Ингээд бид нэгдсэн байдлаар хэвлэлийн бага хурал хийхээр шийдсэн” гэдгээ дуулгалаа.
Тэрбээр “Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан үйлдвэрлэлийнхээ бүх төлөвлөгөө, даалгавруудыг 100 хувь биелүүлсэн. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа доголдоогүй хэвийн сайн явагдаж байгаа. Бид одоогоор өвлийн бэлтгэл ажлаа хангаад явж байна” хэмээв.
Ц.Нямдорж гишүүн худлаа мэдээлэл хийжээ
Энэ оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн хэмээх мэдээлэл үнэн эсэхэд хариулт авлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэл дотор “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн үед улсад төлдөг татвар, төлөөсөө бага төлөөд байна гэдэг агуулга бүхий мэдэгдэл гаргасан.
Тиймээс ч энэ үйлдвэр яагаад улсын төсөвт төлөх ёстой татвараа бага өгөөд байна вэ гэсэн асуулт бидэнд маш их ирж байна. Тийм зүйл огт байхгүй. Энэ оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг бид албан ёсоор Сангийн яам, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.
Энэхүү үзүүлэлтээр “Эрдэнэт” үйлдвэр эхний найман сарын байдлаар улсын төсөвт 64 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Харин орон нутгийн төсөвт 70 тэрбум гэхээр нийтдээ 134 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээд байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид яагаад “Оюутолгой” ХХК-иас 10 дахин бага буюу 20.3 тэрбум төгрөг төлсөн гэдэг мэдээлэл очсон юм гэхээр Татварын ерөнхий газраас өрөөсгөл, дутуу мэдээлэл өгсөнтэй холбоотой байх” хэмээн тайлбарлав.
Сангийн яамны хүсэлтээр урьдчилж, төлбөр төлжээ
“Эрдэнэт” үйлдвэр жилийн жилд төр засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмжиж урьдчилан төлбөр хийж ирсэн байна. Тухайлбал, 2013 онд л гэхэд 100 гаруй сая доллар, 2014 онд 70 сая доллар урьдчилан төлж байсан аж. Харин үүнээс хойш тооцоо хэрхэн хийгдсэн талаар “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “2015 оны төгсгөлд Сангийн яамны хүсэлтээр улсын төсөвт 70 тэрбум төгрөгийг 2015 оны гүйцэтгэлээс суутгахаар, үлдэгдэл мөнгийг нь 2016 оны татвар болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ маягаар тооцохоор өгсөн.
Харин 2016 он гарсаар АМНАТ болон аж ахуйн албан татвар ногдуулсан 64 тэрбум төгрөг байсан. Үүнээс өнгөрсөн оны буюу 2015 оны илүү төлсөн 44 тэрбум төгрөгийг тооцсон. Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг нь бэлнээр улсын төсөвт төлсөн. Тиймээс улсын төсөвт орох ёстой 64 тэрбум төгрөгийг 2015 он болон 2016 ондоо хуваагаад төлөгдсөн гэсэн үг. Түүнчлэн бид орон нутагтаа найман төрлийн татварыг төлдөг.
Тухайлбал, гаалийн, нийгмийн даатгалын шимтгэл, газар, усны, агаарын бохирдлын төлбөр, хүн амын орлогын албан татвар гээд бүх татваруудыг төлж байгаа. Өнөөдөр эхний найман сарын байдлаар эдгээр татварууд болох 70 тэрбум төгрийг орон нутагтаа төлчихсөн байгаа. Тиймээс бид улсын төсөвт Ц.Нямдоржийн хэлээд байгаа шиг 20 тэрбум бус 134 тэрбум төгрөг төлөөд байна” гэлээ. Тиймээс Ц.Нямдорж гишүүний яриад байгаа 20 тэрбум төгрөг гэдэг нь 2016 онд “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт бэлнээр нь төлсөн татварыг яриад байгаа хэрэг ажээ.
Гишүүн маань улс төр хийх зорилгоор энэхүү худал мэдээллийг цацсан уу, эсвэл үнэхээр Татварын ерөнхий газар дутуу мэдээлэл өгөв үү. Эсвэл хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг үнэхээр тэрбээр Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр сурталчилгаагаа “Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү асуудлаар шоу хийв үү. Юутай ч сүүлийн хэд хоног нийгэмд тус үйлдвэрийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөд буруу яваад байгаа юм шигээр ойлгогдох мэдээлэл хуурай өвсөнд ноцсон гал шиг л хурдтай тархлаа.
Мэдээллийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээс зарим асуултад хариулт авлаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес байдаг гэх мэдээлэл байдаг. Үнэхээр ийм асуудал байдаг юм уу?
-Ер нь бол үүнийг улс орон даяараа мэдэж байсан зүйл. Бүгд л ярьдаг байсан. “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес байсан уу гэвэл байсан. Үүнийг ганцхан тооноос харж болно. Тухайлбал, 2013 оны бизнес төлөвлөгөөнд нэг тонн цэвэр зэсийг үйлдвэрлэх өөрийн өртөг 6625 төгрөг байсан. Өнөөдөр 2016 оны найман сарын гүйцэтгэлээр нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх өөрийн өртөг 3950 төгрөг байгаа. Энэ зардал яаж буурсан юм гэдэгт олон зүйл нөлөөлсөн.
Нэгдүгээрт, илүү гардаг зардлыг бид хэмнэж чадсан. Хоёрдугаарт, зах зээлээс олж авдаг сэлбэг бараа, материалуудыг бид аль болох хямд үнээр буюу үйлдвэрлэгчээс нь олж авахыг хичээсэн. Үүний үр дүнд өнөөдрийн хэмнэлт гарсан гэж үзэж байгаа. Ер нь сүүлийн гурван жилийн хэмнэлтийн бодлогын үр дүнд 250 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Энэ бол нэг тонн цэвэр зэсийг ямар үнээр үйлдвэрлэж байна вэ гэдэг өөрийн өртгийн дүн бол бидний явуулж байгаа бодлогын үр дүн гэсэн үг.
Зэсийн үнэ, $тн |
Эрдэнэт үйлдвэр ХХК |
Оюутолгой ХХК |
||
Суурь 5% |
Нэмэлт төлбөр |
Нийт АМНАТ |
Нийт АМНАТ |
|
0-5000 хүртэл |
5% |
0% |
5% |
5% |
5000-6000 хүртэл |
5% |
11% |
16% |
5% |
6000-7000 хүртэл |
5% |
12% |
17% |
5% |
7000-8000 хүртэл |
5% |
13% |
18% |
5% |
8000-9000 хүртэл |
5% |
14% |
19% |
5% |
9000 ба түүнээс дээш |
5% |
15% |
20% |
5% |
-Ц.Нямдорж гишүүн төр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийнхаа эрхийг алдчихсан гээд байгаа. Үнэхээр алдчихаад байгаа юм уу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрдөө байж л байгаа. Өнөөдөр төрийн 51 хувийг өөрчилсөн буюу хэн нэгэн хүнд дамжуулсан гэдэг мэдээлэл би аваагүй байна. Би 2013 оны хоёрдугаар сарын 01-нд Төрийн өмчийн хорооны удирдах зөвлөлийн хурлаар 51 хувийн төлөөлөл болж, энэ үйлдвэр дээр очсон хүн шүү дээ. Тэгээд өнөөдөр хүртэл энэ томилгоон дээрээ сууж л байна. Тиймээс 51 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэдэг ойлголт байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг та бүхэнд мэдэгдэхгүйгээр өөр ямар нэгэн газрын мэдэлд очих боломжтой юу?
-Монгол Улсын компанийн тухай хууль дээр тухайн хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа бусдад буюу гуравдагч этгээдэд худалдах бол нөгөө хувьцаа эзэмшигчид заавал мэдэгддэг. Улмаар урьдчилан давуу эрхээ худалдан авах процессоо хэрэгжүүлсэний дараа гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрх нь нээгддэг. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн хувь ч 49 хувийг зарах бол 51 хувьд мэдэгдэх ёстой. Харин 51 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол 49 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэх учиртай. Тиймээс бидэнд мэдэгдэхгүйгээр өөр ямар нэгэн газрын мэдэлд очих боломжгүй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.