НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Алисжабана БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд цэвэр агаарын төлөөх үр дүнд суурилсан хамтын ажиллагааг сайжруулах, гарч буй шинэ санаачилгуудыг идэвхжүүлэх, бүс нутгийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг бататган хэлэлцлээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын конвенц, гэрээ хэлэлцээрийн түвшинд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд 2023 оны 03 дугаар сард НҮБ Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын "Цэвэр агаар" 53 орны дээд хэмжээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.
Энэ удаагийн "Уур амьсгал ба цэвэр агаар-2023"/Climate and Clean Air Coalition/бага хуралд оролцохын зэрэгцээ Монгол Улсын ногоон зээлийн санхүүжилтийн хэмжээ болон цахилгаан автомашин хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон бонд босгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр Монгол Улсад тусгайчилсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.
UN Environment Programme хувьд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ Монгол Улсыг хамруулах тал дээр онцгойлон анхаарахаа өнгөрсөн 03 дугаар сард илэрхийлж байсан бол одоо ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Мөн Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зөвлөлийн ээлжит хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулах ба Монголын талын ажлын хэсгийн даргаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ажиллах юм.