Я.Содбаатар: Нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан намуудад төсвөөс санхүүжилт олгоно

Я.Содбаатар: Нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан намуудад төсвөөс санхүүжилт олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна. Монгол Улс 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж байсан. Ингэж олон намыг тогтолцоонд шилжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байсан. Хамгийн сүүлд 2005 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш 18 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Хуульд дараах байдлаар шинэчлэл хийсэн.

  1. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар улс төрийн намуудыг хариуцлагажуулах чиглэлээр томоохон заалтууд оруулсан. Улс төрийн намуудыг Монголын төрийг байгуулахад оролцдог гол субъект учраас улс төрийн намуудаа хариуцлагажуулах заалтуудыг оруулсан
  2. Улс төрийн намыг бодлогын институт болгон төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Улс төрийн намууд хөгжлийн бодлогоороо уралддаг, өрсөлдөг чиг үүрэгтэй байх ёстой. Тиймээс улс төрийн намыг бодлогын институт болгох чиглэл рүү анхаарах заалтуудыг тусгасан
  3. Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй болгох шаардлагатай байна. Ялангуяа, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс улс төрийн намын санхүүжилтийг ил болгох шаардлагатай. Тиймээс улс төрийн намууд тайлан гаргадаг, аудитын шалгалт хийдэг болно. Мөн хандивын хэмжээг маш тодорхой зааж өгсөн.
  4. Нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангах, хүйсийн тэгш оролцоог хуульд нэлээд тодорхой зааж өгсөн. Иргэдийн тэгш оролцоог хангах чиглэлээр олон заалт оруулсан
  5. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зааж өгсөн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс төрийн намууд бүгд л дотроо хагарлтай, хуваагдалтай байсан. Тиймээс намуудын бүтцийг хуульчилж, тодорхой зааж өглөө. Ингэснээр намууд цаашдаа олон улсын жишигт нийцэх улс төрийн институт болон хөгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсоныхоо дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт намуудын төлөөлөл, энэ чиглэлийн судлаачдын багууд орсон. Өнгөрсөн оны тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авсан. Мөн таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, саналуудыг хуулийн төсөлд тусгалаа. Заавал парламентад суудалтай бус, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудад төрийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан улс төрийн намуудад төсвөөс дэмжлэг авах боломж бүрдэнэ. Сонгогчдын нэг хувиас дээш санал авсан нам бол шууд бус дэмжлэг авна. Энэ нь улирал тутам МҮОНРТ-ээр намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг 30 минутын хугацаанд сурталчилах, төрийн өмчийн тахимыг жилд нэг удаа ашиглах гэх мэт дэмжлэг байх юм.

Мөн хандивын хэмжээг эрс багасгасан. Нэг хуулийн этгээд улс төрийн хүчинд нэг жилд 27 сая төгрөгөөс дээшгүй хандив өгнө. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээ. Иргэн зургаан сая төгрөгийн хандив өгнө. Энэ нь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэнтэй тэнцүү. Улс төрийн нам нэг данстай, тэр нь шилэн байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.