Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгөв.

Төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтууд багтсан.

Мөн төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурь баримталж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлэв.

ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР:

• Улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирч, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэх,

• Намууд цөөнх эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болох,

• Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх,

• Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтоож, ил тод болгосноор намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж үзэж байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудад нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хууль хүчингyй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна” гэж тусгасан юм.

Энэ дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар байгуулж, Улсын Их Хуралд суудалтай болон бусад нам, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг оруулсан.

Ажлын хэсэг 10 гаруй удаа нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага зохион байгуулсны зэрэгцээ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 35 намаас хоёр удаа саналыг нь авсан юм.

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн саналыг нь авч төсөлд тусгажээ.

Улс төрийн намын тухай хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд шинэчилсэн найруулгыг баталсан.

Үүнээс хойш 18 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.