УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Энэ чуулганы талаар УИХ-ын дарга Г.Занданшатар parliament.mn сайтдаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “...Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж байна. Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Авлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо, хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” гэжээ.
УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 11 дүгээр тогтоолоор Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ. Нийт 58 хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Харин, энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын “эрэмбэ”-ийг авлигын эсрэг хууль, хөтөлбөрүүд тэргүүлж буй аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.