Казиногийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Казиногийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.01.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар тус тус танилцуулав.

Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд анх баталсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт гарсан олон өөрчлөлттэй холбоотойгоор уг хуулийг үндсээр өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлоод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон гэж байлаа.

Мөн 2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон. Цаашид ч зүүн болон баруун, босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж төмөр замын сүлжээ өргөжих төлөвтэй байгаа гэв.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн гэдгийг С.Бямбацогт сайд танилцуулгадаа дурдсан.  

 

Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.0 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Түр хорооны ажлын дүнг танилцуулав

Дараа нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнтэй танилцав.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Коронавируст халдварын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас шуурхай арга хэмжээ авч, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, хуулийн биелэлтэд хяналт тавих Түр хороог 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсныг тодотгоод Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоороо Түр хороог дахин байгуулж, бүрэлдэхүүнийг нь шинэчлэн баталсныг онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлаас цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулах, халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэл, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үүднээс уг хуульд нийт  найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас гадна хуулийн үйлчлэх хугацааг  хоёр  удаа өөрчилсөн. Түр хороо уг хуулийн 6.3.1-д энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэнэ гэж заасны дагуу хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж ирсэн. Тухайлбал, Түр хороо тайлант хугацаанд нийт 14 удаа хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг 31 удаа сонсож, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан үүрэг, чиглэл өгч ажилласан гэв.

 

 

Түүнчлэн тэрбээр, Манай улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын батлагдсан 1,007,843 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол батлагдсан 2,136 иргэн нас барсан байна. Батлагдсан тохиолдолд эзлэх нас баралтын хэмжээ дэлхийд дунджаар 1.02, Номхон далайн бүсэд 0.28 хувь байхад Монгол Улсад 0.21 хувь буюу харьцангуй бага байгаа нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, арга хэмжээг хугацаа алдалгүй авч, ажлаа оновчтой, шуурхай зохион байгуулж чадсан, Эрүүл мэндийн болон холбогдох яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн бусад байгууллагууд, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хаанаа хаанаа хичээж, хамтран ажилласны үр дүн гэж  үзэж байна. Манай улсад цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний талаарх эерэг үзүүлэлтийг үнэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед хүнд хэрнээ чухал шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч, бэлэн байдлаа хангасны зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, цар тахлын давалгаануудын үеэр эрсдэл өндөр бүхий иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг бүсийн зарим улсуудад нэвтрүүлж болохыг онцолсон гэдгийг дурдсан.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд 2020 онд 4,402.1 тэрбум, 2021 онд 5,164.9 тэрбум, 2022 онд 1,634.7 тэрбум, нийт 11,201.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулсан байна. Нийт эх үүсвэрийн 41.9 хувийг улсын төсвийн, 25.4 хувийг гадаад зээлийн, 7.6 хувийг нийгмийн даатгалын сангийн, 2.1 хувийг орон нутгийн төсвийн, 2.8 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн, 10.4 хувийг ирээдүйн өв сангийн, 9.9 хувийг бусад эх үүсвэр тус тус эзэлж байна.  2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37.9 хувь буюу  4,243.7 тэрбум төгрөгийг эдийн засгийг идэвхжүүлэхэд, 12.5 хувь буюу 1,402.0 тэрбум төгрөгийг ажлын байрыг хамгаалахад, 13.2 хувь буюу 1,477.5 тэрбум төгрөгийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад, 36.4 буюу 4,078.5 тэрбум төгрөгийг хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус тус зарцуулсан байна. Түүнчлэн нийт зардлын 7,511.5 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэртэй, үлдсэн 2 тэрбум төгрөгийг мөнгөн бус хэлбэртэйгээр зарцуулсан байна. Мөнгөн хэлбэртэй зарцуулсан зардлын 6,149.4 тэрбум төгрөгийг иргэдийн орлогыг хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд, 1,322.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, 39.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын болон засаг даргын нөөц сангийн бэлэн байдлыг хангахад тус тус зарцуулжээ.  Нийт мөнгөн зардлын 87.3 хувь буюу 6,559.6 тэрбум төгрөгийг бүтцийн хувьд авч үзвэл хүүхдийн мөнгө, халамж, бусад тэтгэмж, төрөөс хариуцсан цахилгааны төлбөр, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цалин зэрэг хууль, тогтоомжийн хүрээнд тогтоосон зардлуудаас бүрдэж байна. Эдгээр зардалд зориулагдсан мөнгөн санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглах, шамшигдуулах боломж хязгаарлагдмал. Дурдсан мөнгөн зардлууд мөнгөн бус хэлбэрээр гарсан зардалтай нийлээд нийт зардлын 91.5 хувийг эзэлж байгаа нь санхүүжилтийн эх үүсвэр үндсэндээ зориулалтын дагуу зарцуулагдсаныг харуулж байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1,322.2 тэрбум төгрөгийн 61.5 хувийг иргэдийг вакцинжуулах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж  худалдаж авах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн зардлууд эзэлсэн байгаа нь тус салбарын худалдан авалт, санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах шаардлагатайг харуулж байна гэдгийг Түр хорооны дарга танилцуулгадаа онцлов.

 

Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасан. 2020-2022 онд тус хуулийн хүрээнд томилогдсон 2,808 албан хаагч байгаагийн 380 буюу 13.5 хувь нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй байгаа тул 2023 онд Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн зүгээс анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь зүйтэй гэж байлаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.4-т “Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” гэж заасныг тэмдэглээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог татан буугдсанд тооцсоныг мэдэгдэв.

 

  Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Дараа нь Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хийв. Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныг дурдаад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцлоод хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэн хэмээлээ.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын шүүхийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

                        Улсын Их Хурлын  тогтоолын төслүүдийг батлав

Дараа нь “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын  тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-нь өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийн 2 дахь заалтын б дэд заалтыг “2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн байнгын хорооноос төслийн 1 дэх хэсгийн 2 дахь заатын “б" дэд заалтын “нөхөн олгох” гэсний дараа “асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх.” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх, мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь тус тус дэмжив.

Үргэлжлүүлэн “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөхөөр тусгасан байв. Уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжлээ.

Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Мөн энэ өдөр Засгийн газраас  2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар тус тус танилцуулав.

Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Төслөөр казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ. Ингэхдээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав. Казино эрхлэгчийг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар 30 жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгаад байгаа аж. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэ болзлыг биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийг  10 жилээр сунгах юм байна.

Хуулийн хэрэгжилтийг энэ багц хуулийн дагуу байгуулагдах мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл хариуцан, хангах бөгөөд зөвлөлийн ажлын албанд улсын байцаагч ажиллаж, хяналт тавих аж. Татварын хувьд бусад улс орны жишгийг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг дараах хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож 7 хоног бүр төрийн санд төвлөрүүлэхээр тусгасан. Тодруулбал, казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авахаар тогтоов. Онцгой албан татварын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Казино эрхлэгчийн төлөх онцгой албан татварыг өндөр тогтоосон тул давхардуулан ААНОАТ, НӨАТ ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Казино эрхлэгчийн төлсөн татварын зарим хэсгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй хэмээн үзэж, онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан байв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Х.Ганхуяг, Г.Ганболд нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй гэж хөрөнгө оруулалтыг тогтоохдоо холбогдох судалгаа хийсэн, эсэх мөн казино байгуулснаар нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийн талаар илүүтэй тодруулж байлаа.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй гэж босго тогтоохдоо бид эхний ээлжинд өөрийн орны онцлогт тохируулж бодит хөрөнгө оруулалтыг бий болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, бэлэн обьектыг түрээслээд үйл ажиллагаа явуулах бус бодит хөрөнгө оруулалтыг хийхийн тулд тэрхүү босгыг тогтоож, зөвшөөрөл олгохоор төсөлд тусгасан” хэмээн хариулав. Мөн тэрбээр, “Бид казиногийн тусгай зөвшөөрлийг олгохдоо эдийн засгийн үр өгөөжийг тооцон Монгол Улсад оруулж ирэх бодит хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоосон. Цаашлаад казиногийн үйл ажиллагааны орлогоос 40 хувийн татвар ногдуулна. Нөгөөтэйгүүр, манай улсад байгуулагдах казиногийн үйл ажиллагаатай холбоотойгоор жилд тэдэн жуулчин ирнэ гэж урьдчилан тооцоолоход хүндрэлтэй” гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Ингээд Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.   

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус танилцууллаа.

Дэлхийн жишгээр бооцоот морин уралдаан нь тодорхой хяналттайгаар эрхлэхийг зөвшөөрдөг мөрийтэй тоглоомын нэг төрөл бөгөөд улс орнуудын онцлогоос хамааран энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн болон ашгийн бус загвараар явуулдаг байна. Ашгийн бус загвар нь Хонгконг, Солонгос, Японд төрийн байгууллагын дэргэд, төрөөс тусгайлан нэг этгээдэд олгосон эрхийн доор энэ төрлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд харьцангуй өндөр татвар тогтоодог байна. Харин Америкийн Нэгдсэн Улс, Их Британи зэрэг улсад ашгийн загвартай бөгөөд морин тойруулга нь хувийн өмчид байхаас гадна ашиг олох зорилготой үйл ажиллагаа гэж үзэх тул бизнесийн орчин харьцангуй чөлөөтэй, татварын хувь хэмжээ бага байдаг аж.

Монгол Улсын тухайд бооцоот морин уралдааныг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн бус загвараар явуулахаар хуулийн төсөлд бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоожээ. Бооцоот морин уралдааныг олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг хангасан, зориулалтын тоног төхөөрөмж бүхий морин тойруулгын цогцолборт зохион байгуулахаар заасан бөгөөд морин тойруулгын ажилтан нь энэ төрлийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байхаар тусгасан гэв. Бооцоот морин уралдааны үйл ажиллагаанд дагаж мөрдөх “морин тойруулгын дүрэм”, “бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлал”, “бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэм” зэрэг холбогдох дүрэм, аргачлалыг холбоо батлахаар заасан бөгөөд бооцоот уралдаанд уралдах морьдын ангилал, уралдааны төрөл, хэлбэрийг “бооцоот морин тойруулгын дүрэм”-ээр тогтоохоор тусгасан.

 

Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг уралдааны чадвар, дадлыг эзэмшүүлэх коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглосон. Мөн бооцоот уралдаанд Холбооны гишүүнчлэлтэй уяач морин тойруулгын дүрмийн дагуу морио уралдуулах боломжтой бөгөөд Холбооны гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно. Бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгохоор заасан байна.

Татварын хувьд бооцооны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 60 хувиар онцгой албан татвар ногдуулах тул давхардуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд тоглогчийн хонжворын орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Мөн холбооны төлсөн онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Энэхүү хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Д.Сарангэрэл, Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Мөн энэ өдөр Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар тус тус танилцуулсан.

 

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохоор Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан байдаг боловч тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хууль байгаагүй бөгөөд ийм журам батлахыг зөвшөөрсөн эрх олгосон заалт байхгүй тул одоогоор эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй байгаа аж. Иймд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн хэдий ч нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа дээрх үйл ажиллагаануудыг зохицуулахаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааг нийтэд нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд эдгээр 4 төрлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг нөхцөлийг зохицуулсан. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь мөрийтэй тоглоомыг шударга ил тод, хариуцлагатай явуулах, хонжворыг шударгаар тооцоолж, оролцогчид даруй олгох, нийгэмд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх, олон нийтийг мөрийтэй тоглоомонд донтохоос хамгаалах зэрэг нийтлэг зарчмыг баримтлахаар зохицуулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн бага насны хүүхдийг мөрийтэй тоглоомын хэрэгсэл болгох нь нийгмийн дэг журамд нийцэхгүй гэж үзэн 14 насанд хүрээгүй хүний оролцсон үйл явдал (уралдаан, тэмцээн)-д бооцоот таавар зохион байгуулах, 18 насанд хүрээгүй хүнийг тоглуулах, мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах, дээрх үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахыг нийтлэг байдлаар хориглосон байна. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 10 жилийн хугацаагаар олгохоор, дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь 1 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй (үүнд зориулалтын дагуу тохижуулсан ажлын байртай байх) байхаар тусгажээ. Цахимаар бооцоот таавар зохион байгуулах бол мэдээлэл, технологийн дэд бүтэц нь тасралтгүй, найдвартай ажиллах, аюулгүй байдлыг хангасан байх, Монгол Улсад байршилтай сервертэй байх, мэргэшсэн хүний нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Сангийн сайдаас ирүүлсэн саналын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгохоор тусгасан бөгөөд хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй (үүнд өөрийн өмчийн ажлын байртай) байхаар, мөн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан байна. Түүнчлэн хонжворт сугалаа зохион байгуулагчид сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох, сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын хөрөнгийн тодорхой хэсгийг хонжворт сугалаа зохион байгуулагч банкны тусгайлсан дансанд байршуулах зэрэг шаардлагуудыг тусгаж, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.

 

Татварын хувьд бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанаас олсон орлогод бооцоот таавар, хонжворт сугалааны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 30 хувиар Онцгой албан татвар ногдуулахаар, хожсон тоглогчид хонжворын 20 хувьтай тэнцэх хэмжээний хувь хүний орлогын албан татвар ногдуулах юм байна. Эдгээр үйл ажиллагааг хууль, журмын зохицуулалтгүйгээр эрхлэх нь нийгмийн дэг журам, хүүхдийн эрх, оролцогчийн эрхийг зөрчих тул үйл ажиллагааг тодорхой нөхцөл, шаардлага, хяналтын дор, онцгой татвартайгаар эрхлэх нь зохистой гэж үзсэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, үг хэлсний дараа Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүсэн юм.

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.

 

Тэрбээр танилцуулгадаа, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар тогтоолын төслийн 3 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн уг заалт дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн заалт хоорондын уялдааг хангуулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн 2 дахь заалтыг хасах, 4,5 дахь заалтыг өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Мөн хуралдаан даргалагчийн зүгээс  төслийн 5 дахь заалтыг “Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчлөн найруулах саналын хугацааг эргэн харах шаардлагатай гэж үзсэн тул гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Үргэлжлүүлэн Засгийн газраас  2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан.

 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцлоод Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Э.Бат-Амгалан, Д.Цогтбаатар нар хууль хоорондын уялдааг хангах, давхцал, хийдлийг арилгах, хэл найруулга, хууль зүйн техникийн засварыг тусгасан зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.