Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг дунджаар 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай техник, хэрэгслүүдэд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, автомашины парк шинэчлэл хийгээд байна. Энэ сараас цагдаа дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн хэрэгслэлийг бүрэн шинэчилж байгааг Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж боомт, эрчим хүч, аж үйлдвэр, төрийн бүтээмж, хот хөдөө, ногоон хөгжлийн асуудалд төвлөрсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн гэлээ. Мөн Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан. Дубайн гэрээг цуцалж Оюутолгойн 2,4 тэрбум ам долларын өрийг тэглэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10 жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчид, хүн нэг бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг Ерөнхий сайд эцэст нь онцоллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.