УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР: -Энэ казинод монгол иргэнээ оруулахгүй гэсэн. Монгол Улсын хууль үйлчилж байгаа газарт Үндсэн хуулийн дагуу монгол хүн ямар нэгэн байдлаар гадуурхагдах ёсгүй. Би Монгол Улсын иргэнийг заавал тийш нь оруулах гээд байгаа юм биш. Энэ улсад үйлчилж байгаа хууль иргэнийг гадуурхаж болохгүй. Тэр тусмаа өөринхөө улсын иргэнийг өөрийнхаа улсын газар нутаг дээр гадаадын иргэний ард, хоёрдугаарт тавьж гадуурхаж болохгүй. Үндсэн хууль ноцтой зөрчинө. Энэ зөрчлийг яаж шийднэ гэж бодож байгаа юм бэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: -Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал байдаг. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоодд олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс Үндсэн хуулийн хязгаарлалт гэдгийг харьцангуй утгаар ойлгох ёстой. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.