Х.Баттулга АТГ-аас шууд Төрийн ордонд очиж ЕТГ-ын даргатай уулзжээ

Х.Баттулга АТГ-аас  шууд Төрийн ордонд очиж  ЕТГ-ын даргатай уулзжээ

Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ.

Гэвч Х.Баттулга "...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье" гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна. Харин тэрбээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан байна. 

Х.Баттулга үүнээс гурав хоногийн дараа 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ руу явсан. Олон нийт "... Х.Баттулга оргон зайллаа" гэж шуугисан. Зарим хэвлэлд "...Х.Баттулга яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж, АТГ-т хувийн баталгаа гаргаад БНСУ руу ниссэн" гэж мэдээлсэн. Тэгвэл өөрөөр нь "овоглодог" АН-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ "..."Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй" хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “...Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг АН-аас мэдэгдэж байна" гэсэн. 

Мөн энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа "...“Х.Баттулгыг оргон зайлсан гэж хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход ирэхгүй бол оргосон гэж үзнэ. Шүүх хурал болтол хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гарган, яллагдагчид арга хэмжээ авах эрх бий” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн сүр дуулиантайгаар эх орноосоо явсан Х.Баттулга одоогоор буцаж ирээгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 250 (6982)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.