Г.Занданшатар: Асуудлыг хүчирхийлэл, захиргаадалтын арга замаар биш харин Ардчиллын зарчмаар зөвлөлдөж шийдье

Г.Занданшатар: Асуудлыг хүчирхийлэл, захиргаадалтын арга замаар биш харин Ардчиллын зарчмаар зөвлөлдөж шийдье

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2022.12.22) нэгдсэн хуралдаанаар "Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолыг баталлаа.

Тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, "...Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа.

Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлно.

Буруудсан, уруудсанаа засаж, авлига, хулгайн үндсийг тасалж, хууль засагладаг ардчилсан төрийн тогтолцоогоо аварч, хөгжлийн шинэ ирээдүйг тодорхойлох энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Тиймээс энэ зөвлөлдөх санал асуулгыг ард түмнийхээ төлөөлөх чадварыг хангаж, оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тооцоо арга зүйд түшиглэж, үр дүнтэй, чанартай зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд онцгой анхаарч, идэвхтэй оролцож ажиллах нь чухал байна.

Зөв мэдлэг, мэдээлэлтэй хүн л зөв шийдвэр гаргаж чадна. Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй. Улам байдлыг хүндрүүлнэ. Иймд УИХ-ын гишүүд ардчиллын талаар, ард иргэд маань тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангагдаж байж төрийн үйл хэрэгт оролцох ёстой гэдгийг ойлгож, дэмжиж ажиллах шаардлагатай байна" хэмээн онцлон тэмдэглэв.

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг төрийн болон улс төрийн албан тушаарлтныг оролцуулалгүй, нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, асуудлыг шийдвэрлэх чадвартай, боломжтой, мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүс, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой байгуулна. Мөн эрдэмтэн мэргэдийн судалгаа, дүгнэлтийг сонсох үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулах бөгөөд нийгмийн зөвшилцлийн үндэсний хэмжээний чуулга уулзалт хийнэ.

Хуульд заасан эдгээр шат дараатай арга хэмжээний талаар УИХ-ын дарга мэдээлэл өгөөд, "Бид монгол хүмүүс. Монголоо гэсэн сэтгэлээр, Монголынхоо ирээдүйн төлөө монгол эх хэлээрээ харилцан ярилцаж, зөвлөлдөж асуудлаа шийдье хэмээн өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Бид чадах ёстой. Сөргөлдөн тэмцэлдэж, сөрөг хүчин байхын тулд биш, хагаралдан бутарч, эвээ алдаж, аюулгүй байдлаа муутгахын тулд биш эвийг хичээж, зөвийг олж, шударга ёс, эрүүл тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө зөвлөлдөж шийдэх тогтоолыг УИХ баталлаа..." хэмээгээд үүнийг бүх нийтээр дэмжиж, идэвхтэй оролцохыг Улсын Их Хурлын гишүүд, нийт ард түмэнд уриалав. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.