Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын үйлдвэрүүдэд ажиллалаа.

“Цалуут импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр хоногт 1,000 бог, 250 бод төхөөрч, ангилан боловсруулах хүчин чадалтай. Хоногт 60 тн мах гүн хөлдөөж, 500 тн мах хадгалах агуулахтай. Мөн хоногт 15 тн мах дулааны аргаар боловсруулах цехтэй.

Бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, уул уурхайн болон  бусад аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг. Иран болон Төв Азийн орнуудад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж, БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөж байна.

Зах зээлд байгаа махны 90 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Иймээс үйлдвэрийн аргаар бэлтгэхийг дэмжих нь зүйтэй гэж “Цалуут импекс  ХХК-ийн удирдлагууд үзэж байна.

Тухайлбал төсвийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд хэрэгцээт махаа мах боловсруулах үйлдвэрүүдээс авдаг байх хувилбарыг санал болгов.  Мөн үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг хэлэв.

Улсын хэмжээнд мал төхөөрөх 100 орчим, мах боловсруулах (хиам) 90 орчим, дулааны аргаар мах боловсруулах 80 гаруй үйлдвэр, цех бүртгэлтэй байна.

2021 онд нийт бэлтгэсэн махны 3.4 хувьтай тэнцэх махыг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрийн аргаар боловсруулжээ.

“М-Си-Эс Кока Кола” ХХК нь 21 брэндийн 150 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг бөгөөд 950 хүнийг ажлын байраар хангаж байна.

2018 оноос “Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд  жил бүр 1-2 төрлийн амтыг бууруулж байхаар төлөвлөжээ.

Компани өнгөрсөн хугацаанд Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, Хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулаад байна.

Мөн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх хуванцар саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай гүйцэтгэх захирал Л.Мягмаржав танилцуулав.

Хүнсний тухай хуулийн “импортлох хүнсний хадгалах хугацааны 2/3 нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг мөрдөхөд тээвэрлэлт, хил, гаалийн асуудлаас шалтгаалан хүндрэл үүсэж байна.

Иймээс импортлох хүнсний түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэж, хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэллээ.

Ирэх таван жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээ хангаж, улмаар экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд  үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Иймээс төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаатай, хүү багатай зээл олгох, татварын бодлогоор дэмжих гээд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.