Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын талбайн дэд бүтцийн байгууламжийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төв дээр ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг явцыг дүгнэж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 4 багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гариу хувьтай үргэлжилж байна.
Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж, EPC 03 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Мөн тэрээр үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн 7 байгууламжийн зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байгаа талаар танилцуулаад уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж байгааг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлуудыг энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах үүрэг өглөө гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.