Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одон гардуулсныхаа дараа ээжүүдэд баяр хүргэн үг хэлэв. Тэрбээр монголчууд эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцлон дурдаж, одонгоо гардан авч буй болон Монголын бүх ээжид удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэлээ.
“Алдарт эхийн одон бол ээж таны дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл юм. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүд Та бүхний энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг миний бие хамгийн хүндтэй шагнал гэж боддог” хэмээн онцоллоо.
Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үзэх нь зүйтэй бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж байж манай улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.