Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаар "Улс төрийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдвээр хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбаттай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон сонгуулийн тогтолцооны талаар ярилцлаа.
-Сонгуулийн тогтолцооны асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо болон МАН ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын байр суурь гэхээс илүүтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд саналаа хэлэх нь зөв байх. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагыг хүлээж авсан. УИХ-ын даргын цохолтоор үүний хариуг өнөөдөр өгсөн.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар Ардчилсан нам болон улс төрийн намууд хамтран "Үндсэн хуулийн өөрчлөлт ба сонгуулийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг хийж байна. Сүүлийн үед Төрийн байгуулалтын байнгын хороонд ирж байгаа саналуудыг нэгтгэж харвал сонгуулийн тогтолцоотой холбоотой хүсэлтүүд байна. Тодруулбал, сонгуулийг хувь тэнцүүлэх буюу пропорционал тогтолцоогоор явуулж өгөхийг хүссэн байна. Үүнийг 2016 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлт гарсан. Тухайн үед З.Энхболд даргатай УИХ олонхоороо хүлээн авч тогтоол гаргаж хаасан.
2016, 2020 оны сонгуулиар мажартор тогтолцоог хэрэгжүүлсэн. Улс төрчдийн зүгээс үүнийг эсэргүүцэж байгаа. Мөн парламентад суудалгүй улс төрийн намуудын зүгээс "шинэ нам байгуулахад нийт сонгогчдын нэг хувийг гэдгийг хүчтэй эсэргүүцэж байна.
Монголын нийт сонгогчдын тоо 2.3 саяд хүрч 1992 оноос хойш 2,3 дахин өссөн. Үүнийг дагаад сонгогчдын төлөөлөх, санал гээгдэх асуудал маш их гарах болсон. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх парламентын засаглалтай улсуудаас хамгийн цөөн гишүүнтэй нь Монгол Улс байна. Дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буй стандартаар парламентын засаглалтай улс орон хэдийн чинээ цөөн гишүүдтэй байна төдий чинээ гаднын нөлөөлөлд өртөх магадлал өндөр, эмзэг байдаг.
Өнөөдрийн байдлаар хэлэлцүүлэг хийж, шаардлага хүргүүлж байгаа. Тэглээ гээд Үндсэн хуулийг шууд өөрчилөх боломжгүй. Эдгээр хүмүүс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, нэмэлт санал гаргах эрхтэй.
Аливаа улсын Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцөлийн гэрээ байдаг. Эрх барьж байгаа нам ганцаараа шийддэггүй. Маш олон талын зөвшөлцөл, ойлголцлын хүрээнд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцдэг.
Хуулийн дагуу энэ асуудлыг өргөн барьвал Төрийн байгуулалтын хороо хэлэлцэхэд нээлттэй.
-Таны хувьд ямар нэг нам, байнгын хороо төлөөлөхгүйгээр УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?
-Энэ асуудлыг зөвхөн улс төрчид бус 1992 оны Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоод байр сууриа илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн Монгол Улсад байгаа Үндсэн хууль нь улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бүрэн утгаар нь зохицуулж чадахгүй байгаа гэдгийг хэлсээр ирсэн.
-Энэ ондоо багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал шийдэгдэх боломжтой юу?
-Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж бусад улс төрийн намуудтай хамтран хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд боломжтой. Учир нь 2019 оны Үндсэн хуульд Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэж заасан. Энэ хугацаа 2023 оны тавдугаар сарын үед болно. Тэр хүртэл бүтэн нэг жилийн хугацаа байна. Хууль зөрчихгүйгээр хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд тодорхой хэмжээнд хаалт хийсэн заалтууд байгаа. Эдгээр асуудал эхэлж яригдах юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.