Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй “хаан спорт” гэдгийг онцоллоо.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн техник, уран чадварыг зааж сургах мэргэжлийн багш нарын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно.
Мөн хөлбөмбөгөөр хичээллэгч хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан “Үндэсний шигшээ баг”-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.