Антикорона багийн 11 эмэгтэй

Антикорона багийн 11 эмэгтэй

Эмэгтэй удирдагчтай улс орнууд цар тахлын сорилтыг оновчтой бодлого, ухаалаг менежментээр хохирол багатай даван туулсан нь судалгаагаар батлагдсаар байна. Тэгвэл Монголд цар тахлын үеийн эмэгтэйчүүдийн манлайлал ямар байв гэдгийг онцолж, ковидын давалгаатай нүүр туулсан үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

 

-Дэлхий нийт цар тахлын сорилтыг даван туулсан амаргүй цаг үе өнгөрч байна. Онцлог нь хүн төрөлхтөнд бүх зүйл шив шинэ, цав цагаан цаасан дээр эхэллээ. Яг энэ үед та Эрүүл мэндийн салбарыг удирдаж таарсан. Багагүй хугацаа өнгөрсөн ч эргээд харахад юу бодогдож байна вэ?

-Тэр үед ёстой л ясаа цайтал ажилласан даа. Хамгийн түрүүнд ингэж л бодогдож байна. Хамгийн анх 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гарлаа гэсэн мэдээллийг ДЭМБ-д өгсөн юм билээ. Дараа нь 2020 оны нэгдүгээр сарын 3-нд ДЭМБ 194 оронд суугаа төлөөлөгчөөрөө дамжуулж албан ёсоор мэдэгдсэн. Тухайн үед Хятадад цагаан сарын баяр тохиож өргөн дэлгэр тэмдэглэсэн нь улс даяараа халдвар тархах шалтгаан болсон гэж үзсэн. Бид энэ мэдээллийг цаг хором тутам маш анхааралтай ажиглаж, ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй байнга уулзаж байсан. Нэгдүгээр сарын 24-ний өдөр Хятадад 26 хүн нас барсан гэсэн мэдээлэл авсан.

Энэ мэдээг сонсоод ямар ч байсан шуурхай арга хэмжээ авахгүй бол болохгүй гээд цэнхэр дэвтрээ тэврээд Ерөнхий сайдын өрөө рүү гүйчихсэн. Энэ бол томуу ид дэлгэрсэн үе. Дээр нь коронавирусийн халдвар нэмэгдвэл юу болохыг таашгүй. Мөн хоёрдугаар сард Цагаан сар болно гээд эрсдэл их байсан.

 Ерөнхий сайдад танилцуулах өдөр  Засгийн газар нийслэл болон 21 аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, хэлэлцүүлэг хийгээд ид бужигнаж байсан үе. Би 15:30 цагт Ерөнхий сайдад заавал уулзах шаардлага байна гэдгээ хэллээ. Ороод ир гэж байна. Тэгээд Ерөнхий сайдад “Коронавирус Хөх хотод гарчээ. Эрээн рүү орж ирж байна. Манайхтай их ойртлоо. Яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй. Цагаан сар болно. Бараг айл болгоноос нэг хүн Эрээн, Бээжин, Хөх хот руу явна. Коронавирусийн халдвар авах эрсдэл өндөр байна. Тиймээс эхний ээлжинд хилээр гарахыг болиулж өгөөч. Хоёрдугаарт, томуугийн улирал эхэлсэн учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. Гуравдугаарт, нийтийг хамарсан соёлын арга хэмжээг хэсэг хугацаанд зогсоож өгөөч. Энэ бүгдийг их богинохон хугацаа буюу гуравдугаар сарын 1 хүртэл хязгаарлаж өгөөч” гэсэн. Гэтэл Ерөнхий сайд “Байдал ноцтой байна уу. Таныг бүрэн хяналт тавьж байгаа гэж бодож байна” гэж асуугаад Шадар сайд Ө.Энхтүвшин даргад үүрэг өгье гэж хэлсэн.  Ер нь сайд байх хугацаанд Ерөнхий сайд дээр ганцаарчилж орж байсан удаагүй. Чухал асуудлын үед багаараа уулзаж байсан.

Ерөнхий сайдын өрөөнөөс гараад шууд Шадар сайдтай уулзаж учир байдлаа хэлэхэд 30 минутын дараа УОК-ыг хуралдуулж Эрүүл мэндийн яамнаас оруулсан гурван саналыг хүлээж авсан. Ингэж анхны амьсгаагаа авсан даа. Дараа нь Хятадад байдал муудаж, ОХУ руу орж ирж үндсэндээ Монгол Улс бүслэлтэд орсон. Нөхцөл байдал ч хүндрэх нь гэж ярилцаад ерөөсөө л маск зүүлгэе гэсэн саналыг Эрүүл мэндийн яам гаргасан. Тэр үед юу ч болоогүй байхад сүржигнэлээ гэж маш олон хүн шоолсон. УИХ-ын зарим гишүүд ч энэ Д.Сарангэрэл их сүржигнэх юм аа гэж хэлж байсан. Дараа нь Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээг санаачилсан нь сэтгүүлч мэргэжлийн онцлог байх. Монгол Улсын аюулгүй байдал, хүн бүхэнтэй хамаатай учраас мэдээлэл, ойлголт нэг байх ёстой. Хамгийн чухал нь коронавирусийн аюул, эмнэлзүйн шинж тэмдэг,  урьдчилан сэргийлэх гээд бүх мэдээллийг эмч-сэтгүүлч бэлтгэн өгч эхэлсэн. Хамгийн гайхалтай нь Монголчууд маск зүүх, гараа ариутгах, зай барихыг бүгд хүлээж аваад хэрэгжүүлэх гэтэл маск байгаагүй. Хэдийгээр маскны хомсдолоос эхлээд зовлон их байсан ч сүүлдээ маск оёх хөдөлгөөн өрнүүлж яаж ийж байгаад бүгд зүүцгээсэн шүү дээ. Хүн амын дунд ковидын халдвар гараагүй байхад монголчууд маск зүүж сурсны давуу талыг юутай ч зүйрлэмгүй. Тухайлбал, 2019 оны өвөл томуугийн өвчлөл 2.5 дахин, гар хөл, гэдэс болон бусад халдварт өвчнүүд 3.5 дахин буурсан. Эмнэлгийн ачаалал багассан. Дараагийнх нь гуравдугаар сарын 9-нд Монголд орж ирсэн Франц иргэнээс халдвар илрэхэд маск зүүсний ач тус гарсан. Бид гадны хүнээс сэжиглэсэн бол тэр хүн халдвар орж ирээгүй юм бол яагаад монголчууд бүгд масктай байгаа юм бэ гэж сэжиглэсэн. Ингэж л маск зүүсний үр дүнд Францын иргэнтэй хавьтал болсон 300 гаруй монгол иргэнээс нэг нь ч халдвар аваагүй.

2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр хүртэл нийт 389 хэвлэлийн бага хурал, 271 удаагийн мэргэжлийн эмчийн зөвлөмж, 673 удаагийн ард иргэдэд зориулсан зөвлөгөө, зөвлөмж, 455 судалгааны өгүүллээс  41 удаагийн тойм хэвлэн гаргасан байна.

-Францын иргэнээс халдвар илрэхээс бараг сар гаруйн өмнө хилээ хааж, олон нийтийн хөдөлгөөнийг хорьж эхэлсэн гэхээр нэлээн эрт санагдаж байна. Магадгүй ингэж шуурхай “хөдөлсөн” нь хүн амын дунд халдвар тархсаныг нуулаа гэсэн хардлага төрүүлсэн байх?

-Үндсэндээ 2020 оны арваннэгдүгээр сарын 11 хүртэл бараг нэг жил коронавирусийн халдварыг хүн амын дунд алдаагүй. Энэ бол Монголын ард түмний  ухамсар.Цагаа тулахаар монголчууд үнэхээр зохион байгуулалттай, мэргэжлийн байгууллагын үгийг маш сайн сонсдог гайхалтай ард түмэн гэдгийг мэдэрсэн дээ. Энэ бүхэн л Монголыг аварсан. "Шуурхай арга хэмжээ аваагүй бол өнгөрөх байжээ Сараа" гээд Ө.Энхтүвшин дарга хэлдэг юм. Бид сайн ажилласан гэхээс илүү ард түмэнтэйгээ хамт байсан нь хожсон.

Хүн амын дунд халдвар гарсныг нуусан гэдэгт хариуцлагатайгаар хэлэхэд тийм зүйл байгаагүй. Анагаахын сургууль, НЭМҮТ, ХӨСҮТ, ДЭМБ, мэргэжлийн эрдэмтдийн баг гарч судалгаа хийж Монголд 2020 оны арваннэгдүгээр сарын 11 хүртэл коронавирус гараагүй гэдгийг тогтоосон. Товхимол ном нь ч байгаа. Энэ судалгаагаар хэрэв хүн амын дунд алдсан бол 40-45 мянган хүн нас барах байсан гэсэн тооцоо гарсан. Маск, тоног төхөөрөмж, эм тариа юу ч байгаагүй үед арван сар барьсан. Ерөөсөө л энэ хугацаанд бэлтгэлээ базааж, вакцин хүлээсэн. Ний нуугүй хэлэхэд хүн амын дунд эрт алдчихсан бол монголчууд хиарах байсан.

Халдвар барьж чадсан 10 сарын хугацаанд сууриа маш сайн бэлтгэсэн.

Хүн амын дунд алдахгүйн тулд маш чанга үзсэн. Хүнд байж болох бүх шингэнээр дамжиж байна гэсэн мэдээллийг олон улсын байгууллага өгсөн учраас Франц иргэнийг 67 хоног эмчилж, өтгөн шингэн, цус, шүлс, хамар гээд бүгдээс нь шинжилгээ авсан. Бусдаас нь илрэхгүй ч өтгөн шингэнээс нь илрээд байсан болохоор эмчилсээр байгаад таван төрлийн шинжилгээг “0” болгож байж эмнэлгээс гаргасан. Тэр хүн гарангуутаа онгоцонд суухгүй. Буудалдаа хэд хонох учраас хоол иднэ, бие засна. Хэрэв өтгөн, шингэнээс нь илрэх юм бол муу ус, агааржуулалтын хоолойгоор дамжиж халдварлах эрсдлийг хүртэл бүрэн хаасан. Эрсдлээс гадна Франц иргэнийг бүрэн эмчилнэ гэдэг Монголын нэр хүндтэй ч холбоотой. 

-Энэ сэдвийг үргэлжлүүлэхээс өмнө нэг зүйлийг сонирхож болох уу. Манай улс коронавирусийг оношилдоггүй байсан. Японд ч тест гараагүй байхад яаж оношилж байсан юм бэ?

-Манай улс 21 төрлийн вирусийг илрүүлдэг. Ханиах, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрлээ гэхэд 21 төрлийн вирусээ үзнэ. Тэдний аль нэгэнд нь гарахгүй л бол коронавирус гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 21 төрлийн вирус илрэхгүй мөртлөө шинж тэмдэгтэй бол коронавирус болж таарсан. Эхэндээ ийм маягаар илрүүлж байгаад Япон тест бүтээлээ гэхэд нь шууд ДЭМБ, Японы Элчин сайдтай уулзаж эхний оношлууруудыг ганзагаар авсан даа. Уг нь ганзагаар авч болохгүй шүү дээ. Ингэж эхний 200 оношлуурыг үйлдвэрээс гараад гурав хоноход нь Японоос тусламжаар авч байлаа. Дахиад 1000, 2000, 3000-ыг тусламжаар өгсний дараа одоо зах зээлийн хамгийн хямд үнээр ав гэсэн. Үүнээс хойш коронавирусийн оношлуурыг нэг ч таслаагүй. Одоо байгаа энэ тоног төхөөрөмж хангамж бүгд тэр үед л яриа хэлэлцээр нь хийгдсэн. Орж иртлээ удна шүү дээ.

Манайх дэлхийн орнуудаас хамгийн түрүүнд агаарын тээврээ зогсоосон. Манайхыг хилээ хаасны маргааш ДЭМБ нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал үүссэнийг зарласан. Яг үнэндээ бид түрүүлж ажилласан. Хүн амын дунд халдвар гараагүй байхад эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Эмч нараа Хятадын эмч, эрдэмтэдтэй холбож байнгын онлайн сургалт хийлгэж, туршлага судалж ДЭМБ-ын эмчилгээний горимыг өдөр шөнөгүй судалсан. Шөнө хэдэн цагт ч хамаагүй залгана, хуралдана. Энэ бол маш том сэтгэлзүйн ачаалал, дарамт байдаг. Одоо бодоход тэр үед цаг алдаагүйдээ баярладаг. Нэг ч удаа алгуурлаж байсан удаагүй. Цагдаа, тагнуул, онцгойгийнхон маш хурдтай гайхамшигтай ажилласныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

  -Антикорона багийн талаар яриагаа үргэлжлүүлье. Эрүүл мэндийн салбар бол ихэнх нь эмэгтэйчүүд байснаараа ч цар тахлын үед онцлогтой. Сүүлд салбараас олон хүн төрд үнэлүүлсэн нь хямралын үеийн эмэгтэйчүүдийн манлайллыг харуулж чадсан юм болов уу?

-Цар тахлын үед Ерөнхий сайд үнэхээр манлайлж ажилласан. Монгол Улс гурван сая хүн амтай. Халдвар ороод ирвэл аюул болно гэдгийг сануулж, бидний санаачилсан, хийе гэсэн бүхнийг дэмжсэн. Ард түмэн улс орны аюулгүй байдал эрүүл мэндийн салбарын гарт ирлээ. Одоо бүхнээ зориулж хичээж ажиллана шүү гэдгийг яамныхандаа ч дамжуулж хэлсэн. Яам гэлтгүй эрүүл мэндийн салбарынхны 82 хувь нь, тэр дундаа их эмч нарын 77 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Өдөр бүр шахуу эмнэлзүйн шинж тэмдэг өөрчлөгдөж байсан учраас өглөө нь ард түмэнд тоймлож мэдээлэл өгөхийн тулд шөнөжин орчуулж судалж, Монголд тохируулж өөрчилсөн мундаг эмч нар олон бий. Намайг сайд хийж байхад эмчилгээний заавар 10 удаа өөрчлөгдөх жишээтэй. Түүнээс хойш бүр ч олон байх. Ингэж л эрүүл мэндийн салбарынхан амсхийх завгүй тангарагтаа үнэнч зүтгэсэн. Нэг ч удаа зовлон тоочиж хойш суугаагүй. Тийм эрх ч байгаагүй. 

Хүн амын дунд халдвар гараагүй байхад эрүүл мэндийн салбарын бүх хүнийг өдөр шөнөгүй ажиллуулж болохгүй. Тиймээс яг гардаж ажиллах ёстой арван хүнийг суулгасан. Антикорона баг арван эмэгтэйтэй. Манай эрсдэлийн харилцаа холбооны багт Д.Нарангэрэл, Б.Янжмаа, А.Долгорханд, Т.Амаржаргал, Л.Пүрэвдулам, Д.Гэрэлмаа, Б.Нямдулам, Ц.Номин-Эрдэнэ, Б.Дуламрагчаа, М.Энхтуяа, Г.Гантунгалаг нарын дайчин бүсгүйчүүд ажилласан. Антикорона баг  эрсдэлийн харилцаа холбоог хариуцаж, иргэдийг нэг эх сурвалжаас мэдээллээр хангахыг зорьсон. Багийнхан бүтэн нойртой хоносон шөнө цөөн. Халуун тогоо авчирч тавиад өрөөндөө хоолоо хийж идээд, яаман дээр амьдарсан. А.Амбасэлмаа даргатай тандалтын баг гэхэд сэжигтэй зүйл гарлаа гэхэд тагнуул, цагдаатай зэрэгцээд бүгдийг нь мөрдөж мөшгөөд олоод ирнэ. Маршрутыг цээжээр хэлнэ. Мөшгилтийг дэндүүлж байсан л гэдэг. Үр дүн нь халдвар алдаагүйд байсан. 2020 оны арванхоёрдугаар  сарын 13-ний өдөр хүртэл нийт 389 хэвлэлийн бага хурал, 271 удаагийн мэргэжлийн эмчийн зөвлөмж, 673 удаагийн ард иргэдэд зориулсан зөвлөгөө, зөвлөмж, 455 судалгааны өгүүллээс  41 удаагийн тойм хэвлэн гаргасан байна лээ.

Монголд орж ирээгүй байхад би коронавирусээр бүрэн өвчилчихсөн байсан. Цаг зав, сэтгэл зүрх бүхнээ л коронавирусийг дотоодод алдахгүй байхад зориулахаар шийдвэрлэсэн. Мэргэжлийн биш сайд, хэнхэг авгай гэж хэлж л байсан. Юу ч тоогоогүй. Ажилдаа л анхаарснаас өөрөөр авч хэлэлцээгүй. Намайг чанга хатуу байж хичээж байхад бусад хүмүүс орхиж явдаггүй юм билээ. Би үлгэр жишээ байх  ёстой биз дээ. Ахалж байгаа хүн нь хугарч нугараад, шантраад, ядарч зовлоо гээд байвал надад итгээд ажиллаж байгаа хүмүүс яах юм бэ. Манай зөвлөх залуу нэг удаа “Та арай л хэтэрхий өөртөө гамгүй байна. Төмрөөр хийсэн биш шүү” гэж хэлж байсан. Ажилдаа хэт анхаарахаар өвдөх ядрахыг мартдаг юм байна гэдгийг бид биеэрээ туулсан. Дараа нь манай багийнхан бүгд хүнд өвдсөн. Ядарсан, эртхэн системийн доголдолд орсон гэдгээ сүүлд мэдсэн л дээ. Коронавирусаар маш хүнд өвдөж, ковидын дараах хам шинж болсон. Ядрах, сульдах, толгой өвдөх, мартах гээд өөрийнхөө шинж тэмдгийг ДЭМБ-аас судлахад зургаагаас нэг жил үргэлжилж байгаа “Long covid” туссанаа мэдсэн. Уг нь би маш бие сайтай хүн. Жил шахам нойр, хоолгүй ажиллахад өвдөж хэвтээгүй. Манай Д.Нарангэрэл маш ноцтой өвдсөн. Сүүлд уулзахад бүгд өвдсөнөө хараад дэндүү шахуу ажилласнаа мэдэцгээлээ.

-Тухайн үед тантай ажиллаж байсан өөр салбарын хүмүүсээс асуухад мэргэжлийн хүний үгийг сайн сонсдог. Дээр нь хурдыг нь гүйцэхэд бэрх гэж хэлж байна лээ. УОК-ын Шуурхай штабыг Эрүүл мэндийн яам удирд гэхэд татгалзсан гэж сонссон?

-Ялангуяа, өвчин зовлонтой үед мэргэжлийн хүний үгийг сонсох маш чухал. Сэтгэл зүтгэл байсан ч гэсэн маш сайн мэргэжлийн баггүй бол хол явахгүй.

Халдвар гарвал яаж ажиллах вэ гэсэн маш том бодит сургуулилтыг анх удаа эмэгтэй хүнээр удирдуулсан нь би байсан. Замын хөдөлгөөнөө хааж байгаад бэлэн байдалд сургуулилт хийсэн анхны орон Монгол гэж ДЭМБ үнэлсэн л дээ. Өөрөөр хэлбэл, ихэнх улс орнууд хамгаалалт хийгээд байна. Давших хэрэгтэй гэдгийг манайхаар жишиж хэлсэн. Тухайн үед онцгой, цагдаагийнхан та эмэгтэй хүн хэрнээ генералуудыг удирдаж байна гэж надаар хошигнож байлаа.

Бид халдварыг дотооддоо барих хугацаанд эм тариагаа нөөцөлж, нэг өдрийн дотор л гэхэд ХӨСҮТ-ийн сэхээний тасгийн хүчин чадлыг хоёр дахин нэмж байлаа. Монголд их мөнгө ч байгаагүй. Дээр нь хүн амын дунд халдвар гараагүй учраас Сангийн яам бидний тавьсан хүсэлтийг тэр бүр хүлээж авахгүй. Ерөөсөө дөрвөн тэрбум төгрөг л Засгийн газрын нөөцөөс гаргуулсан. Тиймээс хөрөнгө оруулалт татах ажил руу шуурхай орж ДЭМБ, Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа төслүүдэд саналуудаа өгч тоног төхөөрөмж авсан. Халдвар гараагүй байхад намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед улсын хэмжээнд 425 амьсгалын аппарат байсныг хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн Монгол Улс анх удаа уушги орлуулагч ЭКМО аппараттай болсон. Сая дахиад нэгийг авч байна гэж байна лээ. 34 жилийн түүхтэй ХӨСҮТ коронавирусийн халдвартай өвчтөнд фиброз бюуу уушгины хатуурал болж буй эсэхийг оношлох томографикын аппарат байгаагүйг мөн л шийдсэн. Онлайнаар Хятад болон гадаадын улс орнуудтай эмчилгээний талаар туршлага солилцох, танхимын ба теле сургалт дадлага байнга явуулж ирсэн. Бүх эмнэлэг, албан байгууллагуудад тусгаарлах байр гаргаж, бэлдүүлж, нэг ч салбарыг орхилгүй мөрдөх заавар дүрмийг өдөр шөнөгүй сууж боловсруулсан. Гэхчилэн халдварын эсрэг маш олон оновчтой арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж, бэлтгэсний үр дүнд өнөөдөр харьцангуй хохирол багатайгаар даван туулж байна. Манай 11:00 цагийн мэдээ, дохионы хэлмэрчийг олон улс орнууд хэрэгжүүлсэн. ДЭМБ-ын ЕНБД Монгол бол загвар орон гэж зарласан. Монгол коронавирусийн шат бүрт тохирсон арга хэмжээг авсан нь маш амжилттай болсон. Дотооддоо алдаагүй удаан барьсны хүчинд бэлтгэлээ хангасан гэдгийг онцолсон. Гадаадын байгууллага, Элчин сайдын яамдтай их ойрхон ажилласан. АНУ-ын Элчин сайд надаас “Та яаж ингэж ажиллаад байна вэ” гэж асуусан. Тэгэхэд нь “Би мэргэжлийн мундаг багтай. Дээр нь Монгол цөөн хүн амтай. Монгол эх, ээж хүн учраас бүх зүйлээ зориулах ёстой” гэж хариулсан. Тэгэхэд “Хүн амын дунд халдвар тархаад хүнд байдалд орвол би Америкаас маш том хээрийн эмнэлэг авчирч дэлгэж дэмжие” гэж хэлсэн удаатай.

-Тэр их ажлын хажуугаар тань руу дайралт, доромжлол их очсон. Тэр дунд коронавирусийн хандив, хээрийн эмнэлэгтэй холбоотой асуудал ч гарсан?

-Хандив өгч байгаа хүмүүс заавал хариуцаж байгаа сайдад гардуулна гэдэг. Харин гардуулсны дараа аль эмнэлэгт өгөхөө ихэнх нь өөрсдөө шийддэг. Хандив  11:00 цагийн мэдээний дараа дандаа ил тод явагдсан. Маск, бээлий, нүдний шил, усны гутал гээд хамгаалах хэрэгсэл их байснаас биш бэлэн мөнгө орж ирсэн нь яаманд бол бага. Хонь хүртэл өгч байлаа. Бэхжилт хийж байгаа учраас яамны ТНБД тэмдэглэл хөтлөөд тэр дор нь байгууллагуудад тарааж өгдөг байсан. Зарим нэг хамгаалах хэрэгсэл нөөцөд үлдээснийг одоо ч гэсэн тарааж өгч л байгаа байх. Тэр дунд яаманд орж ирсэн бэлэн мөнгөөр амьсгалын аппарат авсан гэж ярьж байсан.  Бүртгэл, зарцуулалт, хяналт бүгдийг хийсэн. Идэж уулаа гэхэд хэдэн маск гэртээ аваачиж тавиад яах вэ дээ. Хээрийн эмнэлгийн тухайд яаманд тийм зүйл байхгүй. Хэрэг гарвал ашиглана гээд УОК хээрийн эмнэлгээ нэг удаа дэлгэж харуулсан. Өөр ямар нэг зүйл байхгүй. Энэ мэт шүүмжлэл, дайралт бол бидний ажиллаж, зүтгэж, сэтгэлээ зориулж явсны хажууд юу ч биш. Гэхдээ яахав хүн л болсон хойно яаж ажиллаж байснаа бодоход жаахан гомддог юм билээ.

-Гэхдээ анх 2017 онд та  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар яригдаж байгаад шууд Эрүүл мэндийн салбарт очсон шүү дээ? 

-Миний амьдралын түүхэнд ч их сонин үе өнгөрсөн. Санаандгүй ч зүйл биш байх гэж боддог. Би  сайд болъё гэж гуйж байгаагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд намайг дуудаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилла гэхэд нь итгэл хүлээлгэсэнд баярлалаа гээд гэрийнхэндээ хэлчихлээ. Гэтэл хоёр хоногийн дараа дахиж дуудаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар өөр хүн очихоор боллоо. Эрүүл мэндийн сайд хийгээрэй гэсэн. Тэгэхээр нь “Би сайд болохоо болъё. Би заавал сайд болж яах юм бэ. Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарт очихоор мэргэжлийн бус гээд хэл ам гарна” гэхэд “Сайд болохгүй гэж хэлж байгаа хүн анх удаа таныг сонсч байна. Сайд болно гэсэн хүмүүс дүүрэн байхад та чинь яасан сонин хүн бэ. Та бол Батлан хамгаалахын сайд ч хийх хүн. Багтаа авч ажиллана” гэж маш том урам өгсөн. Тэгээд л зөвшөөрсөн. Сайд болоод коронавирус гарахаас өмнө эрүүл мэндийн салбарын цалинг нэмж, парк шинэчлэл хийж, анх удаа Их хурлаа хийсэн. Эрүүл мэндийн ажилтнуудыг гадаадад маш их сургасан. Монголд 36 төрлийн өвчнийг эмчилж чаддаггүй байсныг 26 болгосон. Одоо улам цөөрсөн байх ёстой. Намайг сайдаар ажиллаж байх үед 2010 оноос хойш гацсан 20 барилга бүгд дууссан. Харин ганцхан үлдсэн нь герентлогийн төв.

-Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог бусад улстай харьцуулашгүй. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллая гэхэд маш урт, бэрх зам туулах ёстой болдог. Дайралт, доромжлолоос эхлээд. Энэ замыг туулж гарсан хүний хувьд улс төрд орохоор зориглосон эмэгтэйчүүдэд юуг зөвлөх вэ?

-Сэтгэлийн тэнхээтэй байж улс төрд орохгүй бол чадахгүй. Сэтгэлийн тэнхээ дутвал эрүүл мэнд, сэтгэлзүйн хувьд маш том хохирол амсана. Тиймээс юуг ч даван туулах сэтгэлзүйн дархлаатай байх хэрэгтэй. Миний хувьд аливаа дайралт, доромжлол, гүтгэлэг бүрт дор бүр нь тайлбар хийгээд үгээ хэлээд явах нь зөв гэж боддог. Өөрийгөө өмөөрлөө, дэмий газар дуугарлаа л гэдэг юм. Хар, цагааныг ялгаж байхгүй бол олон худал нийлээд хулгайч, луйварчин болгодог. Аягүй бол алуурчин болгож ч мэднэ. Ялангуяа, Монголын нийгэм асуудлыг хавтгайруулдаг. Ганц, хоёр хүн алдаа гаргалаа гэхэд нийтээр нь 76-уулаа гэж ярьдаг. Буруутнаа олохгүй дунд нь хавтгайруулах аюултай. Энэ бол шударга бус үйлдэл хийсэн хүмүүст завших боломж олгож байгаа хэрэг. Ер нь Монголын төрийн нэр хүнд муу байж болохгүй. Хавтгайруулж л наагаад байгаагаас биш миний хувьд нэр цэвэр яваа л гэж боддог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.