Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авлаа

Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон. Тэрбээр өчигдөр /2022.01.18/ үүрэгт ажлаа хүлээн авлаа. Түүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан сайдын тамгыг хүлээлгэн өгөв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын хүнд нөхцөл боловч нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна. Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол оронд жуулчид олноор ирэх сонирхол бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой.

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барихад хувийн аж ахуйн нэгжүүдээ төрөөс бодлогоор дэмжих, усны нөөцийн бохирдол хомстол, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах зэрэгт анхааран ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажлыг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нийт хамт олондоо итгэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.