Шинэ томилгоонуудыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ

Шинэ томилгоонуудыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай мэдээлэл эртнээс дуулдсан. Энэ сарын 17-нд болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн чөлөөлөв.

Маргааш өглөө болох Засгийн газрын ээлжит хурлаар БОАЖ-ын дэд сайд, ШӨХТГ-ын дарга, “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар цаашид хэн ажиллах нь тодорхой болно. БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсноор түүний хашиж байсан ШӨХТГ-ын дарга, хавсран ажиллаж байсан “ЭТТ”-н ТУЗ-ийн даргын албан тушаал эзэнгүй болов. 

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хурлын дараа МАН-ын УЗ-ийн хурал болж, Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдад нэр дэвшүүлсэн. Түүнийг өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайдад батламжийг нь гардуулав. Б.Бат-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд тангаргаа өргөснөөр үүрэгт ажлаа эхэлнэ.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ дагуу шинэ сайд нарын томилгоо, ажил хүлээж авах шат дамжлага өмнөхөөс ихээхэн багасаж, илүү шуурхай болсон юм.           

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ дангаараа томилох, чөлөөлөх эрхээ албан ёсоор хэрэгжүүлж буй юм. 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.