Б.Энхбаяр: Том мөнгөн дүнтэй төслүүдийг нууцад оруулаад тендергүйгээр хийдэг болжээ

Б.Энхбаяр: Том мөнгөн дүнтэй төслүүдийг нууцад оруулаад тендергүйгээр хийдэг болжээ
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Б.ЭНХБАЯР: -Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ хууль амилахгүй. УИХ төрийн нууцын жагсаалтыг баталдаг байсан. Харин Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталснаар УИХ-ын хяналтаас гарсан. Засгийн газар юуг нууцлахаа өөрсдөө мэддэг болсон. Улсын нууцтай холбоотой төрийн худалдан авах ажиллагаанд тендер зарладаггүй. Тиймээс өндөр мөнгөн дүнтэй асуудлыг нууцад оруулаад тендергүйгээр хийдэг зуршил бий боллоо. Үүний цаана том хэмжээний авлигын асуудал яригдана. 
 
УИХ төрийн нууцын жагсаалтыг баталдаг байхад 100 гаруй албаны нууцтай байлаа. УИХ батлахаа больсноос хойш албаны нууцын жагсаалтад 400 гаруй асуудал ордог болсон. Албаны нууц гэдгээр иргэдийн мэдэх, мэдээлэл чөлөөтэй авах эрх байхгүй болсон. Албаны нууцыг хэн тогтоож байна вэ гэхээр байгууллагын дарга өөрөө тогтоож байгаа. Тэр хүн нууц гэж үзвэл тэгээд л нууц. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл авахаар сайд нар нууцын тамгатай мэдээлэл ирүүлдэг. Тэр мэдээлэл нь тухайн төрийн өмчийн компанийн бүтэц, орон тоо, цалин. Энэ нууц юм уу. Би тэр нууцыг нь завруулбал 2-8 жилийн хорих ял авахаар байна. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг батлахдаа Засгийн газарт энэ тухай чиглэл өгмөөо байна.
 
Н.УЧРАЛ: -Тухайн байгууллага нь нууцад хамааруулсан байсан ч энэ хуулиар 67 асуудлыг нээлттэй болгож байгаа. Тэр 67 асуудлыг нууц гэж дарах ямар ч боломжгүй. төсвийн гүйцэтгэл, тайлан, тусгай зөвшөөрөл, орон сууц хүлээж авсан улсын комиссын шийдвэр зэрэг 67 мэдээлэл нээлттэй болж байгаа. Гэхдээ 2016 онд баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.   

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.