МАН: “Богд Зонхова” төслийн хөрөнгийг царцаана

МАН: “Богд Зонхова” төслийн хөрөнгийг царцаана

УИХ дахь МАН-ын бүлэг  өчигдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хоёрдугаарт, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах хөтөлбөртэй танилцаж, гишүүд асуулт асууж, саналаа танилцуулжээ.

 Засгийн газраас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэмээн хугацаа зааж  өргөн бариад байгаа. Тэгвэл  МАН-ын бүлгийн  гишүүд  хэлэлцэх эсэхийг дэмжсэн байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлээр  ЗДТГ хэрхэн ажиллаж байгаагаа гишүүд  танилцуулж,  автозам, зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх  ажлын төсөл, хөтөлбөрийг сонсчээ.  Цаашид нийслэлээс хэрэгжүүлэх ажлуудыг шуурхай болгохын тулд УИХ-ын  түр хороотой  хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Соёлын сайдын багцад оруулж ирж нийгэмд шуугиан тарьсан асуудалд ямар байр суурьтай байгааг асуусан сэтгүүлчдийн асуултад  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийхдээ “Энэ  талаар бүлгийн хурлаар яригдаагүй.  УИХ-аас  биш Засгийн газраас оруулж ирсэн  асуудал. Нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байна.  Ерөнхийлөгч, тодорхой хүмүүсийг дуудаж уулзаад  чиглэл өгсөн. Түүний дагуу энэ хөрөнгийг Засгийн газар царцаах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм билээ.  Энэ хөрөнгийг  эрүүл мэндийн салбар руу чиглүүлэх нь зөв гэж үзэж байна. УИХ-аас дээрх асуудлаар  санал оруулаагүйг хариуцлагатай хэлье. Царцаана гэдэг нь Засгийн газраас санхүүжилт хийхгүй гэсэн үг. Засгийн газар өөрөө төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдвэрлэх юм” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.23 МЯГМАР № 230 (6707)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.