Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын Их Хуралд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын Их Хуралд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай”,  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус баталсан.
    Дээрх тогтоолуудын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгсөн сонгогчдын олонхын буюу 823 326 /67.69 хувь/ санал авч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2021.06.25) зохион байгуулав.   
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслолыг гүйцэтгэсний дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт  Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт хүрэлцэн ирэхэд түүнийг Улсын Их Хурлын дэд дарга, Тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа болон Төрийн хүндэт харуулын цэргүүд жагсаж, тусгайлан зассан талбайд ёслол төгөлдөр угтан авав. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлсний  дараа  “Их Монгол” танхимд морилов.
    Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хуралдааны танхимын тусгайлан зассан индэрт Төрийн хүндэт харууллын хамгаалалтын дор заллаа.     
 
    Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоосон. Энэ дагуу Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Монгол” танхимд  Улсын Их Хурлын 68 гишүүн буюу 90,6 хувийн ирцтэйгээр эхлэв.  
  Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон Монголын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтэн, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн зэрэг 300 гаруй зочид оролцов.
    
    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөхийг зарлан мэдэгдэгдэхийн сацуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулж буйг дурдлаа.
    Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавиад "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн цээжээр дээдлэн дуудаж, тангарагийн бичигт гарын үсгээ зурж, Төрийн далбаанаас адис авав. 
 
    Дараа нь бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж, өргөн барихад шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, тэргүүнээ бөхийлгөн адис авлаа. 
    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, сонгогч иргэдийг төлөөлөн БНМАУ, ЗХУ-ын баатар, “Чингис хаан” одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мөнгөн аягатай сүү өргөн барьсан юм. 
   Тэрбээр хэлсэн үгэндээ,  эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө туйлбартай ажиллаж, ард түмнийхээ эв нэгдэл, улс эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө улам ихийг бүтээж чадна гэдэгт цэрэг хүний ёсоор итгэж байгаагаа дурдав. Мөн бидний өвөг дээдэс эрт дээр үеэс эрдэм номыг эрхэмлэн дээдэлж, одон орон судлалын хүрээлэнг дэлхий дахинаа анх байгуулж, хүн төрөлхтөний түүхэнд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан билээ. Өнөөдөр улс гүрнүүд шинжлэх ухаан технологийн салбараа тэргүүн зэрэгт хөгжүүлж, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасган ард иргэдийнхээ амьдралын сайн сайхан байдлыг хангаж байгааг хүн бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та монгол оюун ухаан, монголын эрдэмтдэн судлаачдаа дэмжиж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд онцгойлон анхаарахыг хүсэв.
    Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, энэ цаг мөчөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Таны Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан Монгол Улсын Төрийн тэргүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж, ард түмний үнэмлэхүй олонхын хүлээлгэсэн итгэлийг биелүүлэх цаг тоолол эхэлж байна. Бас Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын шинэ зууны түүхийн шанг татах, шинэ ирээдүй, шинэ хөгжлийн гарааг эхлүүлэх нэн хариуцлагатай үүргийг ард түмнийхээ өмнө Та хүлээж байна гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийг ард түмэндээ хандан үг хэлэхийг хүсэв.
 
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурал, ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, Монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт, үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй билээ. Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.
    Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэдгийг онцлон тэмдэглэв. 
    Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм. Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэгэн зарчим. Монголчууд бидэнд өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний минь оюун санааны охь ундрага юм.
    Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Баялагтаа эзэн Монголын төлөө гэсэн ард түмний минь хүсэл тэмүүлэл, Төрийн тэргүүн миний байр суурь цаашид ч улам биелэлээ олж, үр шим, үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт би итгэл төгс байна (Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь  https://president.mn/19617/ хаягаас хүлээн авна уу.) гэлээ.
    Хуралдааны төгсгөлд  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Х.Баттулгад амжилт хүсээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн У.Хүрэлсүхэд баяр хүргэж, үг  хэлсэн юм. 
    Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, өнгөрсөн зуун, ардчиллын гурван арваны ололт амжилтыг бататгаж, шинэ зуунд сэргэн мандсан Шинэ Монголыг бүтээх Монголын ард түмний эрхэм дээд хүсэл эрмэлзэл, итгэл найдвар Танд, бас Улсын Их Хурал, Засгийн газарт, бидэнд ногдож буйг онцлоод Та бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдон ажиллах анхны Ерөнхийлөгч юм. Тиймээс Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Монгол түмнийхээ эв эеийг зангидаж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал, төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ханган, хуулийг дээдлэн, дэлхий ертөнцөд Монгол Улсаа нэр төртэй төлөөлж, Монголынхоо төлөө бат журмаар зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлэв.
    Мөн Монгол Улсын Их Хурал шударга ёс, хуулийн засаглал, эрүүл нийгмийг төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан Монгол Улсаа хөгжил дэвшилд, Монголын ард түмнээ амар амгалан, аз жаргалд хөтлөх, эрх зүйн реформ хийх нэн чухал үйлсэд Тантай нягт хамтран ажиллах болно. Монголчууд Ерөнхийлөгчөө төрт ёсны эрхэм дээд мөн чанарын илэрхийлэл, төр-ард түмнийг нэгэн зорилгод чиглүүлэх манлайлагч, зөвийг эрхэмлэж, бурууг засамжлан тохинуулагч хэмээн итгэл найдвараа даатгадаг. Таны улсаа мандуулж, ардаа дээдлэх чин зорилго, баялагтаа эзэн Монголыг төлөвшүүлэх хүсэл эрмэлзэл, төрийн ажлын баялаг туршлага тань ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах үндэс суурь болж, “Шударга ёс-хөгжлийн гэрээ” хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэлээ. 
    Улсын Их Хурлын дарга цааш нь, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон, нэгэн бүрэн эрхийн хугацаанд Монголынхоо төлөө чин сэтгэлээр ажилласан эрхэм нөхөр Халтмаагийн Баттулга Танд болон Таны гэр бүлд, хамтран зүтгэсэн бүх хүмүүст сайн сайхныг, амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлыг эн тэргүүнд дээдлэх, эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, нэг зорилгын төлөө нэгдэн зүтгэх, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ган замаа тавьж, бүтээн байгуулагч ард түмэн болох чиглэлээр Таны эхлүүлсэн ажил, эх оронч сэтгэл, бүтээлч санаачилгад нь талархаж байгаагаа илэрхийлэв.
    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд мянга мянганы түүхтэй Даяар Монголын төрийг тэргүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангах нэн хүндэтгэлтэй, өндөр хариуцлагатай үйл хэрэгт тань Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс их амжилт хүсэн ерөөж буйгаа уламжлав. 
    
    Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөв.     
    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх их жажин Д.Сүхбаатарын талбайд заларч, Цэргийн ёслолд оролцсон юм. Ёслолын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлэв. Ерөнхийлөгч үг хэлж дуусахад Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Төрийн дуулал эгшиглүүлж, ёслолын буудлага хийснээр цэргийн ёслол өндөрлөв.
   Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэчлэн баталсан журмын дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн есөн хөлт Их цагаан туганд мэхийн ёсолж, адис авав. Төрийн ордны зүүн хаалган дээр Төрийн хүндэт харуулууд жагсаж, Улсын Их Хурлын дэд дарга, Тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа нар бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг үдэн гаргалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.