Монголчууд маргааш зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох өдөр учраас хаа хаанаа хариуцлагатай байж иргэн бүр саналаа өгөх учиртай. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй хүмүүс маргааш өглөө 7:00 цагт эхлэх сонгуулийн талаар мэдээлэл өглөө. Юуны өмнө өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг өнөөдөр өглөө 09:00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэлсэн. Энэ тухайд бол санал хураалт орой 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүн автомат санал тоолох төхөөрөмжөөс гадна гар тооллого, хяналтын тооллого хийх бөгөөд энэ удаагийн сонгууль бэхэн тэмдэглэгээ хийхээр болжээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран сонгогч олонд тухайлан мэдээлэл өглөө.
-П.Дэлгэрнаран:Цар тахлын үед иргэний эрхийг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллалаа-
“Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого, мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Өнөөдөр бид цар тахал дотоодод тархсан энэ үед сонгууль зохион байгуулж байна. Тиймээс бид цар тахлын үед иргэний эрхийг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллалаа. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд гадаад дахь иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Санал тоолох төхөөрөмжийн ил тод байдал, ажиллагааны зарчмыг олон нийтэд ил тод байдлыг хангаж, дүн дамжуулах өгөгдлийн туршилтыг зургадугаар сарын 5-нд орон даяар хийсэн. Санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороодод байрлаж, сүлжээнд холбогдож дүн дамжуулахад бэлэн болсон гэдгийг дуулгая. Бид сонгуулийн дүн гаргахад гар тооллого хийнэ. Хуульд зааснаар эхлээд автоматжуулсан системээр дүн дамжуулна. Дараа нь гар тооллого нэн даруй гүйцэтгэнэ. Ямар нэгэн завсарлага, гарах орох хөдөлгөөн хийхгүй, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хэсгийн хороод саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Дүнг нэгтгэсний дараа санал тоолох төхөөрөмжийн дүнтэй нийлүүлж харьцуулан тулгаж шалгана. Ингэснээр сонгуулийн дүнгийн тоо баталгаажна. Санал тоолох төхөөрөмжөөр дамжуулан дүнг шууд дамжуулна. Маргааш 22:00 цагт хэсгийн хороод хаасны дараа шууд мэдээлнэ. Маш богино хугацаанд төхөөрөмжөөр тоолсон дүнгүүд олон нийтэд хүргэгдэж, манай хорооны албан ёсны цахим хуудсанд байршина. Цагаан сонголтод уриалах нь бусад сонгогчийн эрхэнд халдаж буй үйлдэл” хэмээв.
-Гадаадын 11 хэвлэлийн байгууллага ажиллана-
Сонгуулийн ерөнхий хорооноос санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн байна. Ажиглагчдын тухайд гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Үүнээс гадна Монгол Улсад суугаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг улсын Элчин сайдын яамнаас ажиглагчид байлцана. Түүнчлэн Филиппин улсаас ажиглагчид ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар болсон. Учир нь Филиппин улс манайхтай адил сонгуулийн автомат системийг ашигладаг.
-Эрүүл мэндийн салбарын 1300, цагдаагийн 9000 алба хаагч ажиллана-
Улсын хэмжээнд 2087 хэсгийн хорооо байгуулагдаж 20 мянга төрийн албан хаагчид ажиллаж байна. Маргааш болох Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын 9000 гаруй алба хаагч хамгаалалтад, эрүүл мэндийн салбарын 1300 ажилтан ажиллана. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах ажилд эрүүл мэндийн байгууллагын 60 туслах баг ажиллаж байна. Мөн ЗӨСҮТ болон ОБЕГ, НМХГ зэрэг төрийн байгууллагуудын алба хаагчид ажиллах аж. Ийнхүү тэд Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил дууссан гэв
-Эмнэлэгт байгаа иргэдийн саналын хайрцагт ариутгал хийнэ-
Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2641 даамал хариуцан ажиллах юм байна. Мөнхүү халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байгаа юм. Гэтэл гар тооллогыг улаан бүсэд авах юм уу, эсвэл зөөвөрлөх юм уу. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн санал хураалтын гар тооллогыг хаана хийх вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байгаа. Тэгвэл зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авч байгаа тул саналын хуудсыг хэсгийн хороодод уншуулж, дараа нь гар тоолох бөгөөд энэ хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж.
-Халдвар хамгааллын дэглэм сахиулна-
Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж, хэсгийн хорооноос 3-4 баг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Нийт 1600 орчим тээврийн хэрэгсэл 3200 орчим хэсгийн хороонд алба хаагчид ажиллаж байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах ёстой тул эрүүл мэндийн салбар болон онцгой байдлын алба хаагчид ажиллана.