Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Төрдөө “үнсүүллээ”. Монгол Улсын Ерөнхийлөгч маань миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд үнэхээр их талархаж байна. Мэдээж маш олон хүнд баярлаж, талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхэддээ болон хамт олондоо маш их баярлалаа. Би Улсын Драмын Эрдмийн Театрт 20 гаруй жил ажиллаж байна. Манай театрын 90 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа. Энэ түүхт 90 жилийн 20 гаруй жилд нь театртайгаа хувь заяагаа холбож, уран бүтээлээ туурвижээ. Хамтарч ажилласан олон уран бүтээлчид бий. Бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамгийн гол нь үзэгч, түмэндээ маш их баярлалаа. Өмнө нь мэддэггүй байж. Гэхдээ энэ хүнд их урам, цаашид ихийг хийж бүтээх сэдэл, хүчийг өгдөг юм шиг санагдлаа. Цаашид улам их хичээж ажиллах урам авлаа. Бүгдэд нь маш их баярлалаа. Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм. Энэ их хайрыг дааж явах хариуцлага ирж байна даа. Үзэгчдэдээ, ард түмэндээ, төрдөө маш их баярлалаа.
-Монголын драмын урлаг уналтад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
–Аливаа урлаг явдгаараа явна. Гэхдээ шилжилтийн үед урлагийн салбар тэр чигтээ уналтад орж байсан. Бидний үе бол яг тэр үеийн дараах нь юм. 2000 оноос Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж эхлэсэн цагаасаа хойш үеийнхэн болон ахмадуудаараа заалгаж, зөвлүүлж олон уран бүтээлийг хувиараа ч, хувьсгалаар ч хийсэн байна. Би таны хэлсэнтэй санал нэг байна. Мэдээж бүх бүтээлүүд маань төгс байх албагүй шүү дээ. Сайнтай муутай аль нь ч бай хоёргүй сэтгэлээр сайн, сайхан уран бүтээл хийхийн төлөө зүтгэсэн. Энэ хичээл зүтгэлийг минь төр, засаг үнэлсэнд маш их баяртай байна.
-Анх урлагт хөл тавьснаас хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг вэ?
-Би чинь 1995 онд СУИС-д элсэж ороод 1999 онд сургуулиа төгсөж байсан юм. 2000 оноос өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байна. Мэргэжлийн урлагийн ууган байгууллагад 20 орчим жил ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан хишиг буяныг нь хүртээд явж байна даа. Одоогоор 80 орчим жүжиг, 30 орчим уран сайхны кино байгаа болов уу. Хажуугаар нь 2 цомог гаргасан. /Инээв/
-Жүжигчин мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Урлагийн мэргэжил нэг бодлын их сайхан. Юу нь сайхан байдаг вэ гэхээр өнөөдөр хаан ч болдог, харц ч болдог. Их сонирхолтой хүн судлахуй шүү дээ. Олон хүний ертөнцөөр аялах боломжийг олгодог гэх үү дээ. Жүжигчин хүн гэдэг дэлхий дээр байгаа долоон тэрбум хүний өнгө өнгийн сэтгэлийг судалдаг, янз янзын мэргэжлээр ажилладаг, хүний сэтгэл, дотоод ертөнцөөр аялаж чаддаг. Бүх ажил, мэргэжилд л хэцүү талууд бий. Хэцүү зүйл олон байдаг. Уран бүтээл хийх болгонд “хүнд хүрэх болов уу, энэ дүрийг бүтээж чадах болов уу” гэсэн түгшүүр төрж байдаг ийм л мэргэжил. Бид өөрсдөө үүндээ хайртай, дуртай болчихдог, салж чаддаггүй. Өөр ажил хийж чадахаа болиод өөрийн мэдэлгүй дурладаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаад явж байна.