Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар хүний гавьяат эмч цолоор 21, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор 11, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор долоо, Хөдөлмөрийн хүндэт медалиар таван хүнийг шагнав. Энэ удаагийн шагналтнуудын онцлог нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр хүн ардын эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэлтэйгээр ажилласан хэмээн тодотголоо.
Ерөнхийлөгчийн зарлигт “…Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын голомтод амь нас эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахин ажилласан эмч, сувилагч нарт Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.
Төрийн шагналтнуудын дунд зургаан сувилагч гавьяат цол хүртсэн нь түүхэндээ хамгийн олон гавьяат төрсөн үйл явдал боллоо. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Ц.Болормаа, ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д.Наранцэцэг, ХӨСҮТ-ийн Нян судлалын лаборант Д.Отгонсүрэн, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн сувилагч М.Соёл-Эрдэнэ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч М.Мөнгөнтуяа нарыг шагналаа.
Хятадын Ухань мужаас улбаатай коронавируст цар тахлыг дотооддоо алдахгүй арван сар хамгаалж, хүнд цаг үед хариуцлагатай албаны “гал тогоо”-нд ажилласан ХӨСҮТ-ийн ахмад эмч А.Амбасэлмааг гавьяат цолоор шагнасан нь антикорона багаас төрсөн анхны гавьяат боллоо.
Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч “Цар тахлын хүнд цаг үед та бүхэн бие сэтгэл, ур чадвар, эрдэм оюунаа нийгмийн эрүүл энх, сайн сайхныг тогтоон барих, халдварыг дарах, хумих нэн хүчир ажлыг амжуулж, бэрхийг даван туулж байгааг Монголын ард түмэн харж, мэдэрч, дэмжиж байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрээс хэтэрсэн хүнд ажлыг даван туулсныг тань үнэлэх, эх орон ард түмэндээ тууштай зүтгэснийг тань өргөмжлөн хүндэтгэх үүргээ миний бие хүлээж, зарим эмч, сувилагч нарт төрийн дээд одон медаль, цол шагнах тухай зарлигийг буулгалаа” хэмээсэн юм.
Шинэхэн гавьяатуудын баярын сэтгэгдлийг хүргэе.
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АХМАД ЭМЧ, НҮДНИЙ ЭМЧ Б.ЭРДЭНЭБИЛЭГ: НҮД БОЛ МАШ ЭМЗЭГ ЭРХТЭН
-Хүнийг эмчилнэ, эрүүл болгоно гэдэг бол эмч хүний гол зорилго. Өвчиндөө шаналсан, ядарсан хүмүүст эрүүл энхийг авчирч, баяр баясгаланг бэлэглэж байдаг тийм сайхан мэргэжил учраас үргэлж бахархдаг. Нүд бол бүгдийг тольдох мэлмий. Тэр ч утгаараа маш эмзэг эрхтэн.
Бид интернэт, ухаалаг гар утас, техник технологийн эрин үед амьдарч бана. Үүнтэй холбогдуулан хүүхдийн нүдний хараа муудах явдал маш их боллоо. Байнгын ойрын хараатай, цаг наргүй утас ширтэх нь хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүсийн нүднй хараа нь муудах гол хүчин зүйл болж байна. Үүнээс сэргийлэхийн тулд харааны эрүүл ахуй ялангуяа тодорхой хугацаанд утастай харьцах, эцэг эхчүүд анхаарах зэрэг анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй.
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, “МАНГУТ” ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЭМЧ Ү.ЗУУНАЙ: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛАДАГГҮЙ
-Манай эмч нар, эмнэлгийн ажилчид өөрсдийгөө хайрладаггүй хүмүүс шүү дээ. Мөнгө, эрх мэдлийн шунал гэдгийг мэдэхгүй. Хүний төлөө гэсэн сэтгэлээрээ л явдаг улс. Олон сараар нойргүй явахаас эхлээд дархлаа нь суларна, халдвар авах, өвдөх нь амархан болно. Аль аль талдаа зөвхөн эмнэлгийн ажилчдын ажил мэтээр ойлгож болохгүй. Хүн болгон хичээж, энэ айхтар өвчнийг давна. Бид юманд амархан дасчихаад байна. Халдвараас шалтгаалж хүн нас бараагүй байхад учиргүй айж, цочирдож байсан иргэд сүүлдээ тоохоо байх хандлагатай болж ирлээ. Энэ их буруу. Хүний амь гэдэг юу юунаас илүү эрхэм зүйл. Тийм учраас эмч мэргэжилтнүүдийнхээ ажилд иргэн хүнийхээ хувиар тус нэмэр болж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй байна.
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТСЭН А.АМБАСЭЛМАА:ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ НЬ БАГИЙН АЖИЛ
- Ард түмэндээ, хамт олондоо маш их баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь багийн ажил байдаг. 40-өөд жил халдварт өвчинтэй тэмцэх ажилд мөр зэрэгцэн зүтгэж байсан үе үеийн хамт олондоо талархаж байна.
Цар тахлын вирусийг тойроод гарах арга байдаггүй. Өвчлөлд өртөх, эсвэл вакцинаар дархлаажуулах арга бий. Цар тахал өргөн тархсан үед бүгдээрээ вакцинаа хийлгэвэл сайхан цаг удахгүй ирнэ. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
АЛТАН ГАДАС ОДОН ХҮРТСЭН ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУВИЛАГЧ Ц.ОЮУН: УС УУЖ, БИЕ ЗАСАХГҮЙГЭЭР 15-16 ЦАГ АЖИЛЛАХ ТОХИОЛДОЛ БИЙ
-Сувилагчийн мэргэжлийг хэн ч орлохгүй, сувилагчийн эрдмийг сурч ханахгүй, сувилагчийн ажил үйлс хэзээ ч дуусахгүй. Борви бохис хийх завгүй, босох суух чөлөөгүй ажиллаж байдаг хүмүүс бол сувилагч нар байдаг. “Нэг хүний амь аварсан хүнийг баатар гэдэг, мянган хүний амийг аварсан хүнийг сувилагч гэдэг юмаа” гэж. Энэ сайхан үгийг би хэлэх дуртай. 14 хоног тасралтгүй халдварын голомтод ажилладаг. Өнөөдөр хичнээн хүнд өвчтөнтэй байлаа ч гэсэн маргааш нь жижүүрээс буугаад амардагтай адилгүй. Маш их ажиллагаа явагддаг, ядардаг, сульддаг. Улаан бүсэд бид нар хамгаалалтын хувцастай ажилладаг. Хамгаалалтын хувцасыг өмссөн үед ус уух, бие засах ямар ч боломжгүйгээр 15-16 цаг ажиллах тохиолдол байдаг. Яагаад гэвэл бид өвчтөнг эмчлэх үүрэгтэй. Энэ хугацаанд хэлэн дээрээ нойтон юм тавихгүйгээр ажиллах үе олон тохиолддог. Гэхдээ цар тахлын энэ хүнд үед бид зөвхөн ингэж ажиллаж байгаа биш дэлхий нийтээрээ хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээж чармайж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.17 ДАВАА № 99, 100 (6576, 6577)