Хүндэрсэн Засгийн газрыг аврах гээд байна уу, сүйрүүлэх гээд байна уу

Хүндэрсэн Засгийн газрыг аврах гээд  байна уу, сүйрүүлэх гээд байна уу
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад 11 хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Гудамжинд хүмүүс асуугаад байна. Хүндэрсэн Засгийн газрыг аврах гээд байгаа юм уу. Сүйрүүлэх гээд байгаа юм уу. 
 
Энэ улстөржсөн шийдвэр чинь алдаа болчихоод байна. Сонгуульд гарахдаа амлалт авсан юм байгаа биз дээ. Үүнийг чинь аудит хянаад хэрэгжих боломжгүй гэж үзсэн юм байгаа биз дээ. Ард иргэд бухимдаж байна. Урагшаа харж ажиллъя. Сүүлийн 20 хоногийн турш арагшаа харж ажиллаад байна.  Улс чинь нэг төсөвтэй байгаа. Гэтэл та нар гурван төсөв зохиочихлоо. Та нар засаг барьсан эрх баригчид шүү дээ. Ингэж гоншигоноод байвал орон нутгийн сонгуулиар ялагдана. Ц.Нямдорж гишүүн үнэн хэлсэн” хэмээн бухимдлаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Би Засгийн газар, Сангийн сайд руу улаан лооль руу шидмээргүй байна. Эдийн засгийн хүнд нөхцөл өнөөдөр Сангийн сайд, Ерөнхий сайдыг ийм байдалд оруулчихлаа.
 
Би нэг л зүйл асуух гэсэн юм. Улсад 36 жилээр нь тасралтгүй ажилладаг хэр олон хүн байдаг юм бэ. Энэ хүмүүст өгдөг тэтгэмжийг 12 болгоё гэх санал орж ирээд байна. 36 жил тасралтгүй ажилласан хүнийг эдийн засгийн боломж сайжиртал тухайн хүнийг ажиллах нөхцлөөр хангах боломжийг судалсан уу” гэж асуухад тэрбээр “Хямралын цаг үе тодорхой хугацаатай арга хэмжээ. Хямрал гайгүй болохоор бид төсвийн бодлогоо сулруулна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж бид энэ арга хэмжээг авч байна.
 
Аргаа барсандаа өнөөдөр халамжуудыг танаж байна. Төрийн сангийн нэгдсэн дансанд 155 тэрбум төгрөг байна. Одоогоор бид 36 жил ажилласан хүмүүсийн талаарх таны саналыг судлаагүй байгаа” гэв. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, татвар нэмэх асуудал дээр гишүүд нэлээд анхаарал хандуулсан гэхэд болно. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Манай улс мандан бадарч явах үедээ баялаг ихтэй байсан.
 
Үүнийг хэсэг нөхөд хувааж идээд өнөөдөр чинээлэг хүмүүс болжээ. Уг нь хэлний зүйгээр нь авч үзвэл чинээлэг хүмүүс гэдэг нь чин элэгтэй хүнийг хэлдэг. Чин элэгтэй хүн гэдэг бол түмэн олноосоо хэзээ ч юмаа харамладаггүй. Гэтэл одоо том том эмнэлэг шиг байшинтай хүмүүс зөндөө байна. Бөмбөгөр цагаан гэрээ бариад 5 үнээ, 20-30 ямаагаа саагаад амьдрах цаг ирсээн. Та нар өнөөдөр инээж болно. Ойлгох цаг ирнэ.
 
Та нар байшингаа хүүхдүүдэд зориулсан эмнэлэг болгож өгөөч. Тавтар нэмэх асуудал чинь иргэдэд ерөөсөө таалагдахгүй ээ. Хуучин үзэл баримтлалаараа явах юм бол нийгэм биднийг өршөөхгүй. Хөрөнгө оруулна гэж яриад байна. Алт, эрдэнэс, байгаль эхээ ухаж гадныханд зарахыг л хэлээд байна. Хөрөнгө гэдэг чинь хүйтэн хөндий зүйлийг хэлдэг юм. Эдийн засаг гэдэг чинь эд юмаа засаад явахыг хэлдэг юм. Гэрээ бариад амьдарцгаая хүмүүсээ. Бөмбөгөр цагаан гэрээ бариад 5 үнээ, 20-30 ямаагаа саагаад амьдрах цаг ирсээн.
 
Та нар өнөөдөр инээж болно. Ойлгох цаг ирнэ. Та чин элэгтэй байх эсэхээ өөрсдөө шийдээрэй. Та өөртөө байгаа юмаа түмэн олондоо зарцуул” гээд Б.Чойжил­сүрэн сайдад хандан “Та бол том байгууллагатай хүн. Түүнээ­сээ түмэнд хандивлаж чад­вал таныг дагана. Та ингэж чадах уу. Ингэж чадахгүй бол тал нутаг руугаа гарцгаая аа” хэмээв. Түүний хэлсэн үг Сангийн сайдад хүнд туссан уу, ямартай ч гишүүний асуултад хариулт өгөөгүй.
 
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад 11 хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуу­лийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд нэр бүхий хуулийн төслүүдийг хэлэл­цэх шаардлагагүй гэж үзсэн Төс­вийн байнгын хорооны саналыг дэмж­сэн­гүй.
 
Ингээд хуулийн төс­лүү­дийг анхны хэлэлцүүлэгт бэлт­гүү­лэ­хээр Төсвийн байнгын хо­роонд шилжүүллээ. Үүний дараа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруу­лах тухай болон 30 орчим хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн дээрх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр чуулганы хуралдаан өндөрлөсөн юм. Дээрх хуулийн төслүүдийг энэ сарын 07-ны 10:00 цагт хэлэлцэж эхэлнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.