Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу тус бүрдээ 9.5 хувь болгохоор шийдвэрлэсэн.
Ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн шууд дарамт үүсгэхгүй байх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөл тусгасан байсан. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувийг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдсөн гэдгийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн яамны төлөөллөөс хариулт авлаа. 2008 онд АН “Дөрвөн 10-ын бодлого” хэрэгжүүлнэ гэдэг үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг огцом буюу 5 хувиар бууруулсан. Үүнээс үүдэн холбогдох сангийн орлого буурч, алдагдал үүссэн гэдэг тайлбар, мэдээллийг С.Чинзориг гишүүн өгөв.
Хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВСантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед тус сангаас, өмнөх үеийн шийдвэрээс үүдсэн нөхцөл байдлыг засахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг анх байсан хэмжээнд хүргэх зөвлөмж өгч, шаардлага тавьсан. Энэ дагуу 2017 онд дээрх шийдвэр гарсан хэмээн С.Чинзориг гишүүн хэллээ. Цар тахлын нөхцөлд төр, засгаас бизнесийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалахыг дэмжих зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэрээр дурдаад, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг батлах тохиолдолд хуулийн зохицуулалтыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх саналыг хэлж байв.
Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.