Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо.
2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.