М.Энхболд: Зун эхэлсэн сонгууль намар үргэлжлэх нь зохимжгүй юм

М.Энхболд: Зун эхэлсэн сонгууль намар үргэлжлэх нь зохимжгүй юм

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагаас орон даяар эхэллээ.

Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль болж, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг өнөөдөр ийн зарлан явуулж буй юм.

Анхан шатны санал хураалтын ирц 68.5 хувьтай байсан бөгөөд Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явуулж буй билээ. Нэр дэвшигчдийн хэн нь сонгогчдын 50+1 саналыг авч чадсан нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох юм .

Тэгвэл МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд байрлах 1937 дугаар хэсгийн хороонд гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсний дараа “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Иргэний хувиар Ерөнхийлөгчийн дахин санал хураалтад саналаа өглөө. Энэ сонгууль урт удаан үргэлжилсэн, урт хугацааны сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалт болж байна. Энэ хугацаанд иргэдээ талцуулж хуваах, элдэв хар бор сурталчилгаа, хууль бус сурталчилгаа дэндүү их байлаа. Энэ бүхний ард иргэд талцаж хуваагдаж байгаад харамсч байгаа. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Албан тушаалаас ч илүүтэй эрхэмлэдэг зүйл бол эв нэгдэл.

Сонгуулиа одоо дуусгах хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд сонгох эрхээ эдлэх ёстой. Гэтэл зарим улс төрийн хүчин иргэдийн сонгох эрхэнд халдаж байна. Иргэд хэн нэгний дарамт, сүрдүүлгэд автахгүйгээр сонгох эрхээ эдлэх учиртай. Гэтэл улс төрийн нам цагаан хуудаст уриалж иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа нь зохимжгүй юм.

Өөрийн хүсч, бодож буйгаар сонголтоо хийгээрэй. Энэ сонгууль ирц бүрэн дүүрэн болж өнөөдөр өндөрлөөсэй. Наадмын маргааш намар гэдэг. Зун эхэлсэн сонгууль намар үргэлжлэх нь зохимжгүй юм. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Монгол түмэндээ морь нь хурдах, бөх нь хүчтэй, сум нь мэргэн дэлгэр сайхан наадахыг хүсч байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.